Бид бүгд “согогтой”

Бид бүгд “согогтой”

Өнгөрсөн лхагва гарагт Америкт 81 настай Дик Хойт хэмээх нэгэн эрхэм таалал төгсжээ. Энэ мэдээ дэлхий нийтэд тэр дороо тархан, олон сая хүн цахимаар, шуудангаар эмгэнэлийн зурвас илгээсэн байна. Холливудын од, аль нэг улсын Төрийн тэргүүн биш, жирийн нэгэн аав Дик Хойт хөгжлийн бэрхшээлтэй (хэвшмэл хандлагаар) сая сая хүнд амьдрах итгэл найдвар, хайр түгээсэн гайхалтай нэгэн байв.

Монгол Улс “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдээ ангаахай бус, бүтээлч, идэвхтэй, бие даасан орлоготой болгох бодлогын шинэчлэл хийх тал дээр анхаараасай. Тэдний ходоодыг биш, тархийг хооллох ёстой. Ингэснээр тэд ч нийгэмтэйгээ зэрэгцэн алхаж, баялаг бүтээгчдийн нэг хэсэг болох боломж, нөөц хангалттай бий.

Тархины саажилттай төрсөн хүүгээ бусдаас өөр, сул дорой гэж голж, нүүр буруулалгүй, зоригжуулан, хатуужуулсан тэрбээр Рик (1962 онд төрсөн хүү нь)-ийг 40 шахам жилийн хугацаанд тэргэнцэртэй нь түрж, чирч, үүрч, унадаг дугуйнд сундлан 1108 удаа марафон, триатлоны тэмцээнд оролцож, гайхамшгийг бүтээжээ. Бие махбодын бэрхшээлтэй ч амьдрал үргэлжилдэг гэдгийг харуулахыг хүссэн Рик 15 настайдаа аавтайгаа анх удаа марафонд оролцоод “Гүйж байхдаа би эрүүл болох шиг санагдсан” гэж хэлсэн гэдэг. Аав нь ийнхүү хүүгийнхээ тулгуур болон олон тэмцээнд оролцож, биеийн хүчний хүнд хэцүү шалгууруудыг даван туулахдаа мэдэх, боловсрох эрхийг нь ч орхигдуулаагүй аж. Хүү нь бэлтгэлийн үеэр тэргэнцэр дээрээ даалгавраа хийсээр байжээ. Ийнхүү явсаар Рик Хойт 1993 онд Бостоны их сургуулийг амжилттай төгссөн. Бие махбодын ямар ч бэрхшээл хүний чадвар, боломж, итгэл сэтгэлийг мохоох шалтгаан биш гэдгийг харуулж, бусдыг үлгэрлэн дагуулсан эцэг, хүү хоёрыг америкчууд эгэл баатар гэдэг юм.

Нөгөөтээгүүр, бусдаас, нийгмээс тусгаарлалгүйгээр, онцлог хэрэгцээнд нь тохирсон нөхцөл боломжийг нь бүрдүүлээд, дэмжвэл тархины хүнд хэлбэрийн саажилттай нэгэнд ч агуу боломж байдгийг тэд нотолж чадсан гавьяатай. Тархины саажилттай, тулгуур эрхтэний бэрхшээлтэй олон хүнийг, тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг Хойтынхон идэвхтэй амьдралд, спортод “уруу татаж” амьд байгааг нь мэдрүүлсэн юм.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар, бөмбөрцгийн хүн амын 15 орчим хувь нь бие махбодын хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй бол манай улсын хувьд 110 мянга орчим иргэн ийм шалтгаантай, олонх нь нийгмээс “тусгаарлагдан” амьдарч, эрх нь зөрчигдөж байна. Тэдний хэд нь Дик, Рик нар шиг бэрхшээлийг сөрөн биеэ дайчилж, хэчнээн нь сэтгэл гонсгор, сүүдэрт амьдарч байгааг хэлж мэдэхгүй. Ямартай ч боломж олдвол ажил, хөдөлмөр эрхэлж, бусдаас хараат бус амьдрахыг эрмэлздэг талаараа байнга ярьдаг.

Тэд “бэрхшээл” гэдэг үгийн доор халамж хүртэгч төдийхнөөр амьдралыг өнгөрүүлэхийг хүсдэггүй юм. Ийм хандлага зөвхөн Монголд бус, олон улсын хэмжээнд бий. Тиймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хайрцагласан, ялгаварласан нэр “томьёог” тусгай, онцгой хэрэгцээт гэдэг үгээр сольж, нийтээр хэвшүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Манайд ийм өөрчлөлтийг эхлүүлсэн боловч хараахан хэвшихгүй байгаа нь олон нийтийн ойлголтыг залруулах сурталчилгаа тааруутай холбоотой болов уу. Уг нь зарим албан бичигт тусгай, эсвэл онцлог хэрэгцээт гэж бичээд эхэлсэн ч нийтийн хандлага хэвээр. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч “хөгжлийн бэхшээлтэй” гэсэн хэвшмэл хэллэгийг халахгүй байгаа нь ахиц дэвшилд нөлөөлж буй нь лавтай. Нөгөөтээгүүр, үүнийг бүр мөсөн халахын тулд хууль, бичиг баримтын түвшинд шинэчлэл хийх ёстой. Үүнд цаг хугацаа, хууль эрх зүйн орчин гээд олон хүчин зүйл нөлөөлөх тусдаа сэдэв.

Ер нь хөгжлийн бэрхшээлийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагад сүүлийн 30-аад жилд асар их өөрчлөлт гарч байгааг олон улсын шинжээчид тэмдэглэсэн байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээл гэдэг нь нийгмийн ойлголт болохоос анагаах ухаан, эмнэл зүйн онош биш. Энэ бол нийгмийн тэгш бус байдлын нэг хэлбэр гэсэн хандлага бий болжээ. Дэлхийн банк, ДЭМБ хамтран гаргасан “Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлан”-д “Хөгжлийн бэрхшээл нь хувь хүн болон орчны хүчин зүйлс хоорондын харилцаанаас асар их шалтгаалдаг цогц асуудал. Зарим оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, орчны болон бусад хүчин зүйл хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт нөлөөлдөг” гэж дурджээ.

Япончууд хөгжлийн бэрхшээл гэдгийг хувь хүний бус, нийгмийн асуудал гэсэн өнцгөөс харж, бодлого боловсруулдаг гэсэн. Олон улсад хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар гэсэн ойлголт ч бий. Бие махбодын болон сэтгэцийн ялгаатай байдлыг хөгжлийн бэрхшээл гэх нь өрөөсгөл гэсэн үг. Гэтэл бид тухайн хүний бие, эрхтэний согог, бэрхшээлийг нь л “товойлгоод” сул дорой мэтээр харж, өрөвдөх “тактиктай” ажилладаг учраас хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нийтлэг шалтгаанаар хөдөлмөр эрхлэх, олон нийтийн газарт бусдын адил эрх чөлөөтэй байх эрхийг нь “хасчихдаг”. Энэ нь онцлог хэрэгцээт иргэдийг хамгийн их бухимдуулдаг. Тэд төр, засгаас, эсвэл хэн нэгнээс халамж, хайр хүртээд, тэжээлгээд суухыг хүсдэггүй. “Биднийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн “тамгалж”, өрөвдөлтэй, сул дорой мэтээр бодож, сэтгэдэг нь ялгаварлан гадуурхаж байгаагаас өөрцгүй. Хүнийх нь хувьд хүндэлж, аз жаргалтай амьдрах эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эзэмшихэд төр, засгаас анхаараасай” хэмээж байна.


НҮБ 2008 онд баталж, манай улс 2009 онд нэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын үзэл баримтлал ч тэдгээр иргэнийг халамжлахаасаа илүүтэй нийгэмд ямар нэгэн саад, бэрхшээлгүй амьдрахад нь таатай, хүртээмжтэй орчин бий болгоход чиглэдэг юм.


Бие махбодынх нь онцлогт тохирсон нөхцөл бүрдүүлээгүйн улмаас тусгай хэрэгцээт иргэд ахуй болон нийгмийн орчинд өч төчнөөн бэрхшээлтэй тулж, олон эрх нь зөрчигддөгийг бид мэддэг. Хамгийн наад захын жишээ гэхэд л нийтийн тээврийн хэрэгслүүдэд бие, эрхтэний бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй хүмүүст зориулсан ямар ч тоноглол, төхөөрөмж байдаггүй учраас тэдний хувьд “хориотой унаа” гэсэнтэй утга нэг. Энэ бол ялгаварлан гадуурхахын нэг хэлбэр юм. Америкийн аливаа байгууллага, худалдааны төв, үйлчилгээний газрын авто зогсоолд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан талбай гаргаж, цэнхэр өнгөөр тэмдэглэдэг бол автобусууднуудыг эвхдэг тавцантай байлгах стандарттай. Энэ мэт бүх зохицуулалт, үйлчилгээний стандартыг АDA буюу Тусгай хэрэгцээт иргэдийн тухай хуульдаа заасан байдаг.

Ийм жишээ дэлхийн олон улсад бий. Тэгвэл тусгай хэрэгцээт иргэдээ ажлын байраар хангаж, тогтмол орлоготой байлгах тал дээр Египет олон улсад үнэлэгддэг аж. Хөдөлмөр, цагаачлалын, Аялал жуулчлалын, Эртний эдлэлийн, Соёлын яам нь дундын “зуучлалын” албатай бөгөөд бага орлоготой болон тусгай хэрэгцээт иргэдийнхээ гар урлал, урлагийн бүтээлийг жуулчдад борлуулж, ямар нэгэн татвар, хураамжгүйгээр орлого олох нөхцөлийг бүрдүүлдэг. Яам, тамгын газрын сайд, албан тушаалтнууд нь олон улсын арга хэмжээнд оролцохдоо, гадаадын түншүүддээ зориулан тухайн газраас бэлэг, дурсгалын зүйл авдаг журам ч бий гэсэн. Тэгвэл манай тусгай хэрэгцээт иргэдийн 19 орчим хувь нь ажил, хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик байна. Бусад нь ажил эрхэлдэггүй нь эдийн засгийн хувьд бусдаас хараат гэсэн үг. 2019 онд Улаанбаатар хотод болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV чуулганд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 15 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын болон халамжийн сангаас үзүүлж, эдгээрт жилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 0.7 хувийг эзэлж байна” хэмээн бахархалтайгаар зарласан. Энэ бол бахархах үзүүлэлт биш.

Монгол Улс “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдээ ангаахай бус, бүтээлч, идэвхтэй, бие даасан орлоготой болгох бодлогын шинэчлэл хийх тал дээр анхаараасай. Тэдний ходоодыг биш, тархийг хооллох ёстой. Ингэснээр тэд ч нийгэмтэйгээ зэрэгцэн алхаж, баялаг бүтээгчдийн нэг хэсэг болох боломж, нөөц хангалттай бий. Үүнээс гадна Монгол Улсын тусгай хэрэгцээт иргэдийн багагүй хувийг 0-18 насныхан эзэлж байна. Тэд эцэг, эх, асран хамгаалагчдынхаа хараа хяналттайгаар л нийгмийн харилцаанд орж, цаг хугацааг ихэвчлэн цоожтой хаалганы цаана өнгөрүүлж буй нь туйлын харамсалтай. Тэдэнд загас барих аргыг бус, шарсан загас өгөөд байвал ирээдүйг нь зориуд үгүй хийж байгаагаас ялгаагүй.

Хараа, сонсгол, тулгуур эрхтэн, оюуны болон бусад бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын ярилцлагуудаас түүвэрлэхэд “Хүмүүс бидний бие, эрхтэний бэрхшээлийг л хараад, хөгжих боломжийг нь анзаардаггүй. Ийм хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Монголд тусгай хэрэгцээт хүний эрхийн цогц бодлого байдаггүй. Олон хэсэг, салангид байдлаар хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтдэг. Жишээ нь, ийм бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд хамрагдаагүй тохиолдолд нас, бие гүйцээд ажил эрхлэхэд хүндрэлүүд үүснэ. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байшин барилаа гэдэг ч орох, гарах гарцны босгоо янзлаагүй, онцлог хэрэгцээнд тохирсон суултуургүй, хаалгаар нь багтахааргүй нарийхан зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг л жинхэнэ “хөгжлийн бэрхшээлтэй” бодлого гэж боддог.

Монголд нийгмийн хариуцлагатай барилгажилтын талаарх ойлголт байхгүй. Үүнээс үүдэн хараа, тулгуур эрхтний гэхчлэн бие махбодын бэрхшээлтэй байтугай эрүүл “ангиллынхан” ч амьдарч, зорчиход нэн хүндрэлтэй байдаг нь нууц биш. Тусгай хэрэгцээт иргэддээ ээлтэй байж чадвал хүн амдаа таатай нийгэм гэсэн үг. Бие, эрхтэн, сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгийн их ялгаварлан гадуурхдаг нь насанд хүрэгчид байдаг. Тэд хүүхдүүдэд муу үлгэр үзүүлдэг. “Хөгжлийн бэрхшээлтэй” гээд хүүхдүүдийг тусгай сургуульд хамруулдгийг би ялгаварлан гадуурхалт гэж үздэг.

Хүүхдүүдийг жирийн хамт олны дунд хүмүүжүүлж, сургах нь ирээдүйд нь том хөрөнгө оруулалт болно. Сэтгэл зүйн хувьд ч эрүүлжиж, төлөвших хөшүүрэг гэж хардаг. Тэргэнцэртэй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах нь туйлын хүнд. Тусгай ор, тоног төхөөрөм, зорчих хэсэг байхгүй тул заавал хэн нэгнийг дагуулж явдаг. Үүнээс болж эмчид үзүүлж чадахгүй “тэвчих” тохиолдол олон. Нүд аничихгүй л бол тэсээд л өнгөрдөг. Сонсголын бэрхшээлтэй хүн эмчтэй ойлголцох гэж аргаа бардаг. Олон улсад дауны хам шинжтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байдаг. Гэтэл манайд тийм нөхцөл боломж байдаггүй. Харааны бэрхшээлтэй хүмүүс байтугай эрүүл, саруул нь бүдэрч унах шахдаг замуудыг янзалж өгөөсэй” хэмээн өөрт тулгардаг бэрхшээлүүдийг өгүүлжээ.

Үүний зэрэгцээ зөвхөн дутуу, дулимгийг бус, нөхцөл байдлыг өөрчлөхөд өөрсдийн дуу хоолойг хүргэж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх, өөрсдөө илүү хичээх хэрэгтэйг ч ярьсан нь олон байна. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй нэг эмэгтэй “Биднээс ичих хандлага гэр бүл, ойр тойрныхноос минь ажиглагддагт заримдаа гомддог. Ийм хандлага нийгэмд байгаа нь тусгай хэрэгцээт хүмүүсийн талаарх зөв ойлголтыг, жишээ нь, биднийг ажил хийх чадвартай талаар олон нийтэд зөв сурталчилгаа дутмагаас болдог байх. Бид ч энэ тал дээр өөрсдөө чармайлттай хандаж, нийгмээс хоцрохгүйн тулд сурч боловсрох ёстой” гэжээ. Иргэд өөрсдийнх нь онцлогт тохирсон хүртээмжтэй орчин бий болгох, ингэснээр энгийн иргэд шиг бэрхшээл саадгүй зорчих, амьдрах боломжтой талаар олонтоо ярьжээ.

Уг нь манай улс тусгай хэрэгцээт иргэддээ зориулсан сайн хуультай. Харамсалтай нь, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо алга. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй буюу түүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга, байгууламжийн орчны болон дотоод зохион байгуулалтын үндэсний стандарт батална. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахыг хориглоно. Нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлнэ. Ном, сурах бичиг, сонин сэтгүүл, төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, барааны шошго зэрэг бүх төрлийн хэвлэмэл материалыг хүртээмжтэй ашиглахад зориулсан бар кодтой хэвлэнэ” гэх мэт гоё заалт олон.

Эцэст нь, “Хөгжлийн бэрхшээл нь амжилтад хүрэхэд саад болох ёсгүй. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нь эрүүл мэнд, сэргээн засах, дэмжлэг туслалцаа, хөдөлмөр эрхлэх шаардлагатай тусгай хэрэгцээт сая сая иргэнээ анхаарахгүй байгаагийн улмаас тэдэнд гялалзах боломж олддоггүй” хэмээсэн Стивен Хокингийн үгийг “бэрхшээлтэй” хэмээн өөрийгөө хүлж, халамжаар л амьдрахаас өөр арга замгүй мэт хандлагатай зарим хүнд, Засгийн газарт зориулъя. Түүнчлэн нэгнийгээ бие махбодынх нь хязгаарлагмал байдлаас болж өрөвдөж хардаг бодол, хандлагын өнцгөө өөрчлөхийг уриалъя.

Чухамдаа бие, эрхтэн, оюун бодол, үзэл санааны доголдолгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Цоо эрүүл байх нь харьцангуй онолоос гажсан хэрэг тул бид бүгдээрээ согогтой. Нөгөө талаасаа нийгмийн хүчин зүйлс биднийг гарцаагүй согогтой болгож буй. Тийм байтал өөрөөсөө жаахан л өөр нэгнээ эвэртэй туулай болгодог буруу хандлага байх ёсгүй билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419