Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 малчны амь эрсэдсэн харамсалтай үйл явдал саяхан болсон. Дэлхий нийтийг сөхрүүлсэн коронавирусийн цар тахлын аюулт дайнд ч одоогоор 10 хүний амь эрсдээгүй байгаа. Гэтэл байгалийн гамшигт үзэгдэл шороон болон цасан шуурганы улмаас арван хүн нэг дор амь үрэгдэнэ гэдэг улс оронд үнэхээр эмгэнэлтэй үйл явдал мөн.
Ийм эмгэнэлт үйл явдлыг Монголын төр үнэндээ хайхарсангүй. Ерөнхийлөгч Х.Баттулга нэг эмгэнэл илэрхийлсэн. Өөр хэн ч тоосонгүй. Нэг дор арван иргэн нь харамсалтайгаар амиа алдах нь байтугай өвлийн хүйтнээр таавчигтай хүүхэн эмнэлгээс гаргалаа гээд Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордоггүй билүү, манай энэ төр чинь. Эмэгтэй хүнийг, эх хүнийг таавчигтай нь гаргалаа гэж Ерөнхий сайдынх нь элэг эмтэрч, ард түмнээсээ уучлалт эрж, Засгийн газраа огцруулж, цаашид Монголын төрд ийм жишиг тогтлоо хэмээн төрийн индрээс хариуцлагатайгаар мэдэгдэж, жигтэйхэн гашуудсан царайтай, ард иргэддээ жигтэйхэн хайртай байгаагүй билүү. Тэгтэл өнөөдөр бүгд гөлийчихөөд юу ч болоогүй юм шиг хүйтэн царай гаргаад өнгөрч байгаа нь гунигтай юм бэ. Манай төрийн үнэн нүүр царай ч энэ дээ гэж бодогдохоор?
Дундговиос, олноороо амь үрэгдсэн малчдын тухайн аймгаас Их хуралд сонгогдсон гишүүн нь сошиалаар эмгэнэл илэрхийлэв. Мөн ч тоомжиргүй хандаж байгаа гэсэн үг шүү. Тэр сошиалыг нь олж уншдаг малчин байдаг л гэж бодохоос. Монголын төр ард иргэддээ ингэж алаг үзсэн байдалтай өрөөсгөл хандаж болохгүй ээ. 10 иргэн амь үрэгдэнэ гэдэг бол үндэсний гашуудал зарлах хэмжээний асуудал шүү дээ. Уул нь манай төр засгийнхан, Их хурлын гишүүд юм л бол малчид гээд сүйд болдоггүй билүү. Сонгууль дөхсөн үед малчид шиг бурхад байдаггүй. Ам ангайх бүртээ магтаад байдаг. Харин сонгуулийн дараа одоо хэрэггүй гэсэн шиг олноороо амь үрэгдэж байхад нь тоодоггүй ийм хөгийн, хоёр нүүртэй байж болохгүй ээ. Ядахдаа Их хурлын чуулган эхлэхэд байгалийн гамшигт амь эрсэдсэн малчдынхаа дурсгалыг хүндэтгэж бүгд босч зогсож гашуудал илэрхийлж болохгүй юу?
Монгол төрийн үнэн нүүр царай ийм байдаг байж. Тэгвэл байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон хүний амь нас яагаад эрсдэх болов гэдгийг бид сайтар бодож, бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй болжээ. Байгалийн гамшигт үзэгдэл бол хүн ардыг нөмөрсөн аюулт өвчин тахал биш. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Харин гамшигт үзэгдэл болно гэдгийг ард иргэдэд, малчдад хэдэн өдрийн өмнөөс хэлээд, сануулаад, анхааруулдаг. Тийм атал малчид малаа гаргаж туугаад араас нь явж төөрөөд арваараа үхэж үрэгдэж байна. Энэ тухай цаг уурч Д.Шагдарсүрэн “Өдрийн сонин”-д өгсөн яриандаа тодорхой дурдсан. “Наян онд Дорнод, Хэнтий, Сүхбаатарыг хамарсан шуурганд 40 хүн амь эрсдэж байсан. 2008 онд мөн Хэнтий, Сүхбаатарт 52 хүн үрэгдсэн. Яасан хаширдаггүй толгойнууд вэ. Заримдаа гомдмоор, хохь чинь хүн хэлээд, сануулаад байхад гэж хэлмээр санагддаг. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан, бас боловсрол нимгэнийх л гэж би боддог” гэж бүр нэг цөхөрсөн байдалтай хэлсэн.
Шуурганд уруудаад үхэх нь байтугай бөмбөгдөгч онгоцны сумнаас биендээ шарх сорвигүй гарч болж байгаа техник технологийн энэ эрин зуунд бид харанхуй бүдүүлэг, хамгийн арчаагүй дорой байгаагаа бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хэлснээр GPS суулгаж байршил тогтоох, утас холбоо гээд хориннэгдүгээр зуунд малчдаа шуурганд үхүүлчихэлгүй аваад үлдэх өч төчнөөн арга чарга бий. Маланд ээмэг суулгана гэдэг, тэгвэл малчинд өөрт нь байршил тогтоогч ээмэг шиг юм чихэнд нь ч юм уу, хаана ч юм суулгаад шуурганд төөрүүлээд үхүүлчихэлгүй олоод авч болно оо доо. Монгол Улс ердөө 243 мянган малчин өрхтэй шүү дээ. Дээрээс нь манай улс малаа цөөлөх бодлогыг нэн даруй явуулах хэрэгтэй. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь (бүх малыг хонин толгойд шилжүүлснээр) бэлчиж, үндсэндээ 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингэснээр газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхээр салхинд хийсэх нь амархан болж буйг судлаачид хэлдэг. Ийм улаан цөл дээрээ яаж мал маллах гээд байгаа юм бэ. Малын 360 сая туурай жигдхэн талхалж хөрсөөр нь эргүүлсэн улаан цөл чинь жаахан салхинд л нүүр нүдгүй шороон шуурга босч, үзэгдэх орчингүй таг харанхуй болно. Саяны шуурга яг ийм болж малчид гэртээ лаа асаасан тухай мэргэжилтнүүд хэлсэн. Тэгэхээр уул уурхайн уршгаар Монголын газар нутаг улаан цөл болж талхлагдсан гэж худал ярьдгаа одоо болих хэрэгтэй.
Улс орны хэмжээнд уул уурхайн зөвшөөрлийн нийт талбай нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.8 хувийг л эзэлдэг. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 8.9 хувийг эзэлдэг. Ганцхан жишээ дурдахад, нэг хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Оюу толгойн баяжуулах үйлдвэр гэхэд л 255 метр урт, 144 метр өргөнтэй газар эзэлдэг. Мөн улс орны эдийн засгийн гол цусны эргэлт болсон Таван толгойн нүүрсний орд гэхэд л нийт 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч байна. Уул нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд уул уурхай хөгжүүлж болох талаар гадна дотны эрдэмтэд саналаа хэлж ирсэн ч одоогоор хэрэгжээгүй байгаа. Тэгэхээр уул уурхай газар нутгийн ийм өчүүхэн хувийг эзэлдэг байхад бид уул уурхайн балгаар Монголын нутаг цөл болсон мэтээр ярьдаг нь ард түмэнд итгүүлэх гэсэн хоосон үлгэр. Уул уурхай газар нутгийг минь байхгүй болгож байна гэж малчдыг турхирдаг, төрийн эсрэг иргэдийг босгодог энэ байдал Монгол Улсыг үеийн үед ядуу гуйлгачин байлгах гэсэн уршигт бодлого. Үүнийг одоо ард иргэд ойлгох хэрэгтэй. Боловсрол нимгэнтэйгээр нь хамгийн түрүүнд малчдыг турхирдгийг бид мэднэ. Харин уул уурхайн хажууд малын 360 сая туурай гэдэг бол жинхэнэ бэлчээрийн эрлэг. “Нүүдэлчид говь цөлийн хүү нь гэхээсээ эцэг нь юм аа” гэж алдартай үг бий. Яагаад гэвэл нүүдэлчид говь цөлийг бий болгодог юм. Тэгэхээр одоо эрдэмтдийнхээ үгийг авч, шинжлэх ухааны үндэслэлтэй мал маллах фермерийн аж ахуй руу нийтээрээ орох цаг нь болсон. Хэн дуртай нь мал аваад уулын мухар, жалга сахиад хэвтчихдэг, ямар ч хариуцлага хүлээдэггүй энэ байдлыг одоо төр засгаас бодлогоор хорих хэрэгтэй байна. “Хониныхоо зунгагнаас салсан цагт Монгол Улсад хөгжил дэвшил ирнэ” гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан.
Хэдэн мал аваад жалгын мухар сахиад хэвтэх нь хамгийн амар ажил. Сургууль соёл, үүрэг хариуцлага гэхгүй. Ийм нөхдүүд л цаг агаарын мэдээгээр онцгой анхааруулаад байхад малаа хөөж гаргаад араас нь яваад үхэж байна. Үндсэндээ малнаас өөр юунд ч суралцаагүй, биеэ дайчилж амьдрахын төлөө зүтгээгүй юм чинь тэр хэдэн мал нь үхвэл хоолгүй болох учир хоолныхоо араас үхэн хатан явж байгаа нь тэр. Түүнээс малнаас өөр юманд суралцаж, өөрөөр амьдарч чадна гэсэн итгэлтэй бол “энэ хэдэн малнаас болж үхэлтэй нь биш дээ” гээд хаяна биз дээ. Тэгэхээр одоо дур дураараа мал малладаг энэ байдлыг болиулж, нийт газар нутгийг улаан цөл болгож буй мал сүргийн тоог эрс цөөлж, манайхны улиг болтлоо ярьдаг фермерийн аж ахуй, тоонд бус чанарт шилжих тэр байдалд нэн даруй орох цаг болсныг саяны шуурга 10 хүний амиар хэлээд өглөө.
Эцэст нь сануулахад, дур зоргоороо мал аж ахуй эрхлэхийг хорьж нэгдсэн бодлогод орох тухай хэлж байгаа болохоос Монгол Улсад мал аж ахуй хэрэггүй гэж байгаа юм биш. Тэртэй тэргүй Монголын эдийн засгийн үндэс нь энэ хэдэн малчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хөдөө аж ахуйн гол үндэс суурь болсон малчдад уй гашуу тохиож, 10 хүн амь насаа алдсан энэ үед Монголын төр, УИХ, Засгийн газар, салбар яам нь огтоос тоосон шинжгүй байгаа нь харамсалтай. Өөр улс оронд бол эдийн засгийнх нь хөдөлгөгч хүч болсон 10 эрхэм үрэгдэхэд төр засаг нь эмгэнэл илэрхийлж, нийтээрээ гашуудал зарлана. Харин малчдын маань амь манай төрд хамаагүй бололтой!!!