Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаар дамжуулан эрэн сурвалжилсан билээ. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ, “Эм Ди Өү” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан юм байна.
Харин дуучин Д.Болд “Эм Ди Өү” ХХК-ийн захирал гэнэ. Гэвч талуудын дунд маргаан үүссэн байна. Улмаар нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ шүүхэд нэхэмжлэл гаргаж, дуучнаас 3.4 сая төгрөг нэхэмжилсэн аж. Маргаанд хариуцагчаар “Эм Ди Өү” ХХК-ийнхныг татаж, нэхэмжлэл гаргасан боловч байгууллагын байрлах хаяг тодорхойгүйн улмаас шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Харин нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас “Эм Ди Өү” ХХК-ийн хаягийг олох боломжгүй байгаа учир хуульд заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргажээ. Ингээд шүүх эрэн сурвалжлуулах шийдвэрээ 2020 оны тавдугаар сарын 4-нд гаргаж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичгээр хүргүүлсэн байна. Дуучин Д.Болд саяхан цагдаагийн байгууллагад очиж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ.