Хүнд өгч байгаа бэлгийнхээ утга бэлгэдлийг ойлгоод аваарай...
1. Нөхөрлөлийг бэлгэдсэн үнэт эдлэл. Энэ нь үнэ цэнэтэй, урт удаан үргэлжлэх андлалын бэлгэдэл болдог.
2. Үнэртэй ус. Энэ нь тухайн хүнийхээ орон зайд тав тух, тансаглал өгч байгаа тул маш дээд зэргийн бэлэгт тооцогддог. Гэхдээ үнэртэй ус бэлэглэхдээ болгоомжтой хандаж, сайтар судлах хэрэгтэй. Учир нь үнэртэй усны бэлгийг асар өндөр мэдрэмжтэй хүмүүс солилцдог тул өгөх хүнийхээ зан араншин, тааламжит үнэр, стильтэй хослуулах том асуудалтай тулгарч болзошгүй.
3. Зөвхөн түүнд зориулсан бүтээл. Үүнд уран зураг, гар урлалын зүйлс багтана. Зөвхөн түүнд зориулсан гэдэг утгаараа хорвоо дээрх цор ганцхан бүтээлийг урьдаас бүтээн бэлэглэх энэ арга нь бэлэг хүлээн авагчаа маш ихээр дээдэлж байгаагийн илрэл юм. Ийм бэлэг бэлдэхэд цаг хугацаа, санхүү зарцуулагддаг тул дээд зэргийн бэлэгт тооцогдоно.
4. Зургийн цомог. Хүн үрэгдэж дуусахад үлдэж байгаа зүйлсийн нэн тэргүүнд гэрэл зураг дурдагддаг. Зураг бэлэглэх нь цаад хүнээ өөрийн сэтгэл зүрхэнд маш том байр эзэлж байгааг илэрхийлж байгаа хэрэг юм. Зургийн цомог бэлгэнд авсан хүнд дурсамжийг ч бас бэлэглэж буй гэж үздэг тул ийм бэлэг нь нандин сэтгэлийн илэрхийлэл болдог.
5. Дуу хөгжим, яруу найраг, уран бүтээл. Бурхадын хэмжээнд үнэлж байгаа хүндээ ийм бэлэг өгч болно. Хэрвээ танд хэн нэгнээс ийм бэлэг ирсэн бол та түүний хувьд бурхан шүтээн мэт хүндтэй нэгэн гэсэн үг.
6. Захидал. Энэ нь хайрын дээд зэргийн бэлгэдэл юм. Ийм бэлэг өгөх санаа нь хэтэрхий энгийн, хялбар, déjà vu шиг санагдаж магадгүй юм. Гэсэн ч хайрын тухай ярихаас захидал бичиж илгээх нь үгсийг нисээд өнгөрөх бус мөнхийн бэлэг болгон үлдээж буй гайхалтай уран санаа юм.
7. Зөгийн бал, шоколад. Зөгийн бал нь маш нарийн, асар жижиг хэмжээнээс эхлүүлэн олон шат дамжлагаар бүтдэг бөгөөд хурааж авахдаа ч асар нарийн мэдрэмж, эр зориг, цаг хугацаа шаарддаг тул өндөр зэрэглэлийн бэлэгт тооцогдоно. Чихэрлэг, амтлаг бүтээгдэхүүн тул ихэвчлэн аз жаргал, хайр таашаалтай холбоотой тохиолдолд бэлэг болгодог. Аз жаргалтай романтик мөчийг илэрхийлдэг "бал сар" гэсэн нэр томъёо энэ бэлгэдэлээс үүдэлтэй юм.
8. Ном. Эрдэм ухааны хамгийн дээд бэлэг. Номын үндэс нь урт хугацааны судалгаа, мэдлэгийн төлөөх амь сөрсөн адал явдал, эр зориг, цаг хугацаа, хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйн төлөөх эрсдэл бүхий маш том аялал байдаг тул энэ бүхнээр бүтээсэн Хайрын номын бэлэг нь хүлээн авагчаа туйлын дээдэд хүндэтгэн үзэж буйн илрэл болдог. Тиймээс номын бэлгийг хаад язгууртнууд хүртэл өвдөг сөгдөн хүлээж авдаг.
9. Цэцэг бол зүрхний үг юм. Цэцгээр дамжуулан хүмүүс бие биедээ үгээр илэрхийлэхэд учир дутагдалтай санагддаг тэр зүрхний үгсээ илгээдэг. Цэцэг бүхэн өөр өөрийн бэлгэдэл, утга учрыг илэрхийлэхийн зэрэгцээ өнгө бүхэн өөр өөрийн утга санааг тодорхойлно. Жишээ нь Chrysanthemum нь хайрын төгсгөл гэсэн мессежийг авчирдаг.
Гэтэл ягаан өнгийн цэцэг чамайг нууцаар хайрлаж байгаа гэсэн санааг илэрхийлэхийн зэрэгцээ ялдамхан харилцаа, зөөлөн сэтгэлийн бэлгэдэл болдог байна.Харин цагаан цэцэг нь уламжлал ёсны хүндэтгэл, цэвэр ариун байдлыг илэрхийлдэг. Тиймээс хүндэтгэлийн ёслол, сүй тавих, хурим хийхэд голцуу цагаан баглаа бэлэглэнэ. Мөн цагаан баглаа нь илэн далангүй итгэл, үнэнч сэтгэлийн захиас үг болон илгээгддэг. Улаан цэцэг цусны өнгөтэй тул гал халуун сэтгэл, эротик хүслийн илэрхийлэл болдог. Ногоон өнгө нь элбэг дэлбэг байдал, итгэл найдвар, чин сэтгэлтэй холбоотой. Ногоон өнгө давамгайлсан цэцгийн баглаа нь мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хамгийн энгийн байдлаар илэрхийлдэг.
Шар цэцэг нь байгальд хамгийн тод харагддаг тул энэ нь амьдралд чухал тод байр суурь эзэлдэг гэсэн санаа юм. Шар цэцгийн баглаа бэлэглэх нь ирээдүйд нь өөдрөг гэрэл гэгээ, эрч хүч дүүргэн өгч байна гэсэн мессэж болдог. Улбар шар нь амьдралын баяр баясгаланг илэрхийлнэ. Энэ бол чөлөөт бодол санаа, амьдралын баяр баясгалан бас тайтгарлын өнгө аяс юм. Улбар шар өнгийн цэцгийн баглаа бэлэглэх нь бусадтай байгаа бүхнээ хуваалцана гэсэн мессэж бөгөөд чин зүрхний аз жаргал хүсэж буйг илэрхийлдэг. Цэнхэр өнгө яруу найраглаг бэлэг юм. Цэнхэр цэцгийн иш нь дэлхий дээр, дэлбээ нь үүлэнд ургадаг гэж үздэг. Тиймээс энэ бол зүүд, мөрөөдөл, оюун санааны нөхөрлөлийн өнгө юм. Цэнхэр цэцгийн баглаа өгөх нь шинэ мандлыг хамтдаа судлах маш яруу найраглаг урилга бүхий хувийн мессеж юм.
Цэцгийн баглааны өнгөний хослол:
Цагаан ба ягаан өнгийн хослол нь бүхий л тохиолдолд эротик хүсэлд уриалан дуудаж байгаагийн илэрхийлэл болдог бөгөөд итгэлтэй хариу авна гэсэн хүндээ ийм хослол өгдөг. Ихэвчлэн амрагууд, гэр бүлийн хосууд бие биедээ ийн өнгийн хос баглаа бэлэглэдэг байна. Цагаан, ногоон, улаан өнгийг хослуулсан баглаа нь анхны учралаа нандигнан хадгалахыг эрмэлзэж буй орчин үеийн, мэдрэмжтэй эрчүүдийн сонголт боддог. Харин тод улаан өнгө ягаан цэцэгтэй маш сайхан зохицдог тул илүү нарийн мэдрэмжтэй хандаж байгаа гэсэн дохио юм. Харин зул сарын баярыг төлөөлдөг улаан, ногооны хослолыг энгийн үед бусдад бэлэглэхээс болгоомжилбол зохино. Шар, улбар шар, ногоон цэцгийн баглаа нь бас маш загварлаг бэлэг юм. Эв найрамдалтай, үнэнч хандлагыг илэрхийлсэн энэ баглаа хүлээн авагчаа өөртөө шууд урвуулан авахаар довтолж буйн дохио гэнэ.
Эцэст нь тийм ч тохиромжтой бус өнгөний хослолыг мэдээд авахад илүүдэхгүй биз. Жишээ нь цэнхэр, цагаан, улаан өнгө хосолсон баглаа нь ямар ч мэдрэмжгүй, зорилгогүй уулзалтын хоосон орон зайг бий болгож мэдэх тул битгий хэрэглээрэй.