Ардчилсан Намын бас нэгэн түүхэн цаг үед зохион байгуулагдаж байгаа АН-ын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Даваахүүгийн Пүрэвдаваа гэсэн урьд өмнө төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй 1970, 1980-аад оны залуус тунан үлдэж, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Тэд АН-ын Дотоод Сонгуулийн Хорооноос олгосон ижил цагт АН-ын дараалсан ялагдал, уналт, хагарал, бутралын шалтгаанд дүн шинжилгээ хийж, даван туулах гарц шийдлийн талаар, цаашилбал Монгол Улсын эдийн засаг, төсөв, коронавирус цар тахалтай тэмцэх зэрэг олон асуудлаар өөрсдийн байр суур, санал шийдэл, хийх ажлаа танилцуулж буй билээ.
Мөн тодорхой хуваарийн дагуу АН-ын анхан шатны гишүүдтэй цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо солилцсоор байна.
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа 3 сарын 14-нд эхэлснээс хойш онлайн болон хөндлөнгийн хараат бус судалгааны хэд хэдэн байгууллага нэр дэвшигчдийн рейтингийг гаргаж эхэлжээ.
Тэдгээрийн үр дүнгээс харахад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин АН-ын даргын сонгуулийн сунгааг тэргүүлж буй дүн гарчээ.
Ингэхдээ тэрээр дунджаар 41.6- 43.9 хувийн рейтингтэй гарсан бөгөөд түүний дараах өндөр рейтингтэй нэр дэвшигч нь 30 хувь ч хүрээгүй байгаа нь анхаарал татаж буй юм.
12 жилийн туршлагатай, Мэргэжлийн судалгааны “Эм Ай Си Жи” ХХК-ий хийсэн дүн шинжилгээгээр бол АН-ын гишүүд, дэмжигчдийн дийлэнхи олонхи нь: "Чингис бонд, Дубайн гэрээ, нүүрсний хэрэг зэрэг урьд өмнөх АН-ын талцал, албан тушаалаа урвуулан ашигласан шинжтэй асуудалд огт холбогдож, орооцолдож байгаагүй, хэн нэг том улс төрчийн "цүнх баригч" биш, эсвэл хэт намчирхаж, нам дагаж л албан тушаал авч амьдарч ирсэн замналгүй , эдийн засгийн мэдлэг сайтай, нэр цэвэр, аж ахуйн ажлын туршлагатай, бизнесмэн юм уу нийгмийн зүтгэлтэн талдаа илүү танигдсан л АН-ын дарга болж гэмээн нийгэм дэхь АН-ын имижийг шинэ түвшинд гаргаж, сонгогчдын дэмжлэгийг авч чадна" гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн цөөн боловч зарим нэг сонирхолтой хариултаас дурьдвал: "Өндөр биерхүү, гадаад төрх сайтай, царайлаг, АН-ыг төлөөлж У.Хүрэлсүхтэй тулж чадах хүн гэж санагддаг" гэх мэт шалтгаанаар АН-ын даргад О.Амартүвшинг дэмжиж байна гэжээ.
АН-ын даргын сонгуулийн санал хураалт 3-р сарын 28-нд болох юм.