Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ: Хоёр давхар автобусны туршилтын хугацаа дууссан учир БНХАУ руу буцаасан
Нийтийн тээврийн салбарт 2020-2021 онд 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200, хоёр давхар 10, стандартад нийцсэн 1,000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн Улаанбаатар хотын удирдлагууд ам уралдан ярьж байсан нь саяхан. Эл ажлын хүрээнд хоёр давхар болон цахилгаан хөдөлгүүртэй автобуснууд өнгөрсөн оны нэгдүгээр сараас нийслэлийн гудамжаар холхилдон, нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн билээ. Тэд эхний ээлжид эко, хоёр давхар 10, энгийн цахилгаан 36 автобус худалдан авч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болсон юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард улстөрчдийг ийнхүү мэдэгдэл хийхтэй зэрэгцэн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Цахилгаан автобуснуудыг ажиллуулж, жил гаруйн хугацаанд 48 мянган километр зам туулуулж, туршилт хийсэн” хэмээж байв. Гэвч бодит байдал дээр автобуснуудын туршилтын хугацаа, худалдан авалтын тов зэрэг нь багагүй зөржээ. Нийслэлийн авто замын хөдөлгөөнд хоёр давхар болон цахилгаан автобус оролцохгүй, нийтийн тээвэрт үйлчлэхгүй байгааг иргэд анзаарсан байх.
Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дэд захирал Амартүвшингээс тодруулахад “Дээрх автобуснуудын туршилтын хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан учир БНХАУ руу буцаасан. Ирэх сард бусад тоног, төхөөрөмжийн хамт урд хөршөөс импортлохоор ажиллаж байна” гэв. Уг нь хоёр давхар болон цахилгаан автобусны туршилтыг өнгөрсөн оны зургадугаар сард хийж дууссан хэмээн албаныхан мэдээлж байсан юм. Харамсалтай нь бодит байдал дээр автобусны туршилт 2020 оны арванхоёрдугаар сард дуусжээ. Энэ онд “эхний ээлжийнх” хэмээх тодотголтой хоёр давхар 10, хүүхдийн 200, энгийн цахилгаан 36 автобус худалдан авч, нийтийн тээвэрт явуулах ёстой байсан ч одоо хэр нь урд хөршөөс худалдан аваагүй л байна. Тэр ч бүү хэл оруулж ирсэн хэдийгээ буцаагаад “тушаачихаж”. Өдгөө манайд дээрх автобуснаас энгийн цахилгаан нэг нь л үлджээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард туршилт хийж байх үедээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Энгийн цахилгаан автобус нь нэг цэнэглэхэд 200 километр явдаг ч хүйтний улиралд 100 гаруй км явж байна.
Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай” хэмээж байв. Гэвч начир дээрээ манайд хэрэглэж буй цэнэглэгч нь цахилгаан автобусыг 2-3 цаг цэнэглэдэг гэнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан өнгөрсөн оны нэгдүгээр сард автобусны парк шинэчлэлтийн талаар “Бид эхний улиралд 200, дараагийн улиралд 200 гэх мэтээр энэ жилдээ багтаж 600-с доошгүй автобусанд парк шинэчлэлийг шийднэ” хэмээж байв. Харамсалтай нь нийслэлчүүд одоог хүртэл цахилгаан автобусаар зорчоогүй л байна. Амлалт, ажил нь энэ мэтчилэн зөрсөөр байвал нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ гэдэг худлаа бололтой.