Л.Энх-Амгалан: Он дуустал сургуулийг нээхгүй бол ХОЁР ЖИЛИЙН ХОЦРОГДОЛ үүснэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Энэ үеэр он дуустал сургуулийг нээхгүй бол 2 жилийн хоцрогдол үүсэхээр байгааг онцолжээ.
Сайд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжид ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаар байна. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм. Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно. Энэ Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан. Иймээс энэ ажилд хамтарч, дэмжиж ажиллахыг хүслээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг дурдлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ. Иймээс салбарын багц хуулиудыг удахгүй өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг боломжит бүх аргаараа дэмжин ажиллахаа хэлээд сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлэгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа.