Н.Энхцогт: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.ЭНХЦОГТТОЙ ярилцлаа.
-Манай улсад хэд хоногийн шатахууны нөөц байгаа вэ. Хангалттай хэмжээнд бий юү?
-УИХ-ын 2008 оны 30 дугаар тогтоолоор стратегийн гол бүтээгдэхүүний жагсаалтад шатахууны нэр, төрлийг баталсан бөгөөд энэ нь 30 хоногтой тэнцэх хэмжээний нөөцийг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. Шатахууны хангамж, нөөцийг жил бүр аж ахуйн нэгжүүдийн импортын хэмжээнээс үндэслэн шинэчлэн тогтоож, гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн оны аравдугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 136 дугаар тогтоолоор энэ онд 24 аж ахуйн нэгж 120 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх гэрээ байгуулаад байна. Нөөцөөс хоногийг гаргахдаа 24 ААН-тэй байгуулсан гэрээнд заасны дагуу 30 хоногийн хэрэглээнд (А-80 автобензин 4800 тн, АИ-92 автобензин 38800 тн, ДТ 74200 тн, ТС-1 онгоцны түлш 2550 тн) үндэслэн тооцдог. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Нэр төрлөөр нь авч үзвэл А-80 автобензин 62, АИ-92 автобензин 48, дизелийн түлш 34, ТС-1 онгоцны түлш 14 хоногийн нөөцтэй байна.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байгаа. Энэ нь манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ. Шатахууны үнэд нөлөөлөх үү?
-Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь гадаад эх үүсвэрээс хангадаг. Нийт импортын 90 гаруй хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг бусад улс орноос импортолж байна. ОХУ-ын “Роснефть” компаниас сар бүрийн 25-ны өдөр дараа сарын импортын үнийг тодорхойлох хилийн үнийг авдаг. Тус үнэ нь тухайн сарын 1-25 хүртэлх Сингапурын олон улсын бирж дээрх шатахууны PLATTS-ын SPOT үнийн дундаж үнээс тодорхой томьёоны дагуу тооцоологдож гардаг юм. Иймд гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, бууралтаас шууд хамааралтай нь ойлгомжтой. Нэг сарын дараа нөлөөлдөг гэж ойлгож болно. Өнгөрсөн оны сүүлээс энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд газрын тосны үнэ 36 хувиар өссөн. Үүнийг дагаад гадаад хилийн үнэ мөн тасралтгүй өсөж байна.
-Шатахууны үнийг тогтвортой байлгахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жишээ нь, 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 19.7 ам.доллар /баррель/-т хүрсэн. Шатахууны гадаад хилийн үнэ 172-249 ам.долларт хүрч дотоодын шатахууны жижиглэн борлуулалтын үнийг бууруулах боломж бүрдсэн. Ийнхүү газрын тосны гадаад зах зээл дээрх үнэ буурсан таатай боломжийг ашиглан Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд “Эрчис Ойл” ТӨХХК-аар дамжуулан дотоодын газрын тосны бүтээгдэхүүний импортлогч 15 аж ахуйн нэгж /“НИК”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол групп”, “М-Ойл”, “Ай-Пи Ойл”, “Монсуль”, “Синчи Ойл”, “Нью энержи стар”, “Хөрс автосервис”, “Ундарга Увс”, “АйСиАйСи”, “Петрожамп”/-тэй “Аи-92 төрлийн автобензиний үнийг тогтворжуулах тухай” хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээ найман сарын хугацаанд үргэлжилж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон.
Гэрээ хэрэгжүүлэх явцад олон улсын биржийн санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан улс даяар АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг /Улаанбаатар хотод 1400-1450 төгрөгөөр/ тогтворжуулсан. Дунджаар 11,6 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн тооцоо гарсан. Энэ хугацаанд АИ-92 шатахууны үнийг нийтдээ 475 төгрөгөөр бууруулж чадсан.
-Шатахууны үнийг төрийн зохицуулалттайгаар тогтвортой байлгах боломжтой юу?
-Засгийн газрын зүгээс шатахууны үнийг зах зээлийн механизмаар тогтоохыг дэмжсэн бодлого барьдаг ч дэлхий дахинд тархаад буй “КОВИД-19”-ийн халдвараас улбаатай эдийн засгийн хүнд үед хэрэглэгчдийн гол төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шууд нөлөөлдөг гэж үздэг. АИ-92 автобензиний үнийг зохицуулахад анхаарал хандуулж байгаа. Олон улсын туршлагыг харвал зарим орон /ихэвчлэн өндөр хөгжилтэй улс/ огт зохицуулалт хийдэггүй. Өөр улс оронд /хөгжиж буй улс/ төрөөс нь хэд хэдэн төрлийн зохицуулах механизм хэрэглэдэг. Жишээлбэл, улсын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, татварын түвшинг уян хатан болгох, олон улсын биржийн үүсмэл хэрэгсэл /futures, call option, put option/ ашиглах, дотаци өгөх зэрэг арга байдаг. Энэ арга хэрэгслээс манай орны нөхцөлд хэрэглэж болохыг нь тухайн үед төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа.
-Шатахуун импортлогч компаниуд литр тутамдаа алдагдалтай ажилласаар ирсэн гэдэг. Тухайлбал, гуравдугаар сард литр тутамд 375 төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн мэдээлэл бий. Эл асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа байгаа юу?
-2021 онд өмнөх онд хэрэгжүүлсэн гэрээ дууссан боловч шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд гэрээний үнээр үргэлжлүүлэн борлуулалт хийж байгаа. Гэвч шатахууны хилийн үнийн өсөлт дотоодын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж эхэлсэн. Үүнээс үүдэн шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2021 оны хоёрдугаар сараас эхлэн алдагдалд орж эхлээд байгаа юм. “КОВИД-19”-ийн эсрэг вакцин гарсан ч эдийн засаг хэвийн байдалдаа эргэн ортол тодорхой хугацаа шаардахаар байна. Төр засгийн зүгээс нэг талаас ард иргэдийн амьжиргаанд ачаалал үүсгэхгүй, нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг нэмэхгүй байх оновчтой бодлого, шийдвэр гаргуулахаар шаардлагатай тооцоо, судалгаа хийж, холбогдох дээд шатны байгууллагаар дамжуулан Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.
-Танайд аж ахуйн нэгжүүдээс ямар нэгэн санал хүсэлт ирүүлсэн үү?
-Шатахууны худалдаа эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдээс өргөн хэрэглээний АИ-92 автобензиний литр тутмаас ихээхэн алдагдал үүсэж байгаа тул валютын ханшийн болон татварын зохицуулалт хийх зэрэг санал ирүүлж байна.
Төрийн зүгээс үүсээд буй алдагдлыг улсын нөөц дэх АИ-92 автобензиний нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээгээр жижиглэнгийн үнийг тогтвортой барих судалгаа тооцоо гаргаад байна.
-Хэрэв алдагдалтай ажилласаар байвал шатахууны хомсдолд орохоос гадна үнээ нэмж болзошгүй гэсэн үг үү. Шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсдөг. Энэ нь эргээд иргэдийн амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг?
-АИ-92 автобензиний үнэ нь Монголын өргөн хэрэглээний суурь үнийн түвшинд нөлөөлдөг үзүүлэлтүүдийн нэг. Харамсалтай нь, урьд өмнөх түүхийг сөхөн харвал АИ-92 автобензиний үнэ өсөх үед бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөдөг боловч үнэ нь буурах үед бусад төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ огт буурдаггүй гаж “тогтолцоо” илт харагддаг. Жишээлбэл, 2018-2019 оны өвөл АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 250 төгрөгөөр, 2020 оны дөрөвдүгээр сард 450 төгрөгөөр буулгасан боловч бусад өргөн хэрэглээний барааны үнэ нэг ч төгрөгөөр буураагүй.
-Шатахууны үнийн хэлбэлзэл цаашид ямар байх төлөвтэй байна вэ?
-Дэлхий дахинд тархаад буй “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн болохоор томоохон улс орны эдийн засаг хэвийн байдалдаа эргэн орно гэсэн хүлээлт бий болсон. Энэ нь бүх төрлийн түүхий эдийн үнийн өсөлтийн гол хүчин зүйл болж байна. Иймд 2021 онд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өнөөгийн хэмжээнээс буухгүй төдийгүй цаашдаа ч өсөх өндөр магадлалтай байна. Жишээлбэл, АНУ-ын “City Group”-ээс гаргасан төлөв байдлаар 2021 онд газрын түүхий тосны Brent маркийн үнэ 70 ам.доллар хавьцаа байна гэсэн байхад “Goldman Sachs”-ын прогнозоор бол тус үнэ 80 ам.долларт хүрэх төлөвтэйг зарласан.
Цар тахлын хөл хорио цээртэй холбоотойгоор дэлхий даяар газрын тосны хэрэглээ хумигдаж, үнэ унаснаас 2020 оны тавдугаар сараас эхлэн ОПЕК+ эвсэл үнийг өсгөхийн тулд тодорхой хугацаанд газрын тосны олборлолтоо бууруулсан нь тодорхой үр дүнд хүрсэн. Хагас жилд хуралддаг ОПЕК-ийн Сайд нарын Хяналтын хороо сар тутам хуралдан гэрээнд зааснаар биш тухайн үеийн байдлаар дараагийн сарын олборлолтын хэмжээг тогтоохоор шийдвэрлэсэн. /Жишээ нь, Саудын Араб дангаараа өдөрт нэг сая баррель газрын тос хугацаагүйгээр олборлож байна/.
Энэхүү шийдвэрийн дараа газрын тосны үнийн өсөлт үргэлжлэн Wall Street Bank одоо хоёрдугаар улиралд нэг баррель нь 75 доллар, энэ оны гуравдугаар улиралд 80 ам.доллар байхаар тооцоолж байна. “Goldman Sachs”, “Commodities Research” хоёр, гуравдугаар улирлын Brent-ийн урьдчилсан тооцоогоо баррель тутамд таван ам.доллараар өсгөсөн. Хэдий үнэ өсөлттэй байгаа ч ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо байдал тодорхойгүй, үнийн тухай ярих эрт байгааг анхааруулж байгаа юм. Эрэлтэд АНУ-ын газрын тосны агуулахын нөөц өссөн, улс орнуудын газрын тосны боловсруулах үйлдвэрүүдийн ээлжит хаврын засвар үйлчилгээ ч бас нөлөөлнө. Манай гол импортлогч ОХУ-ын экспортын шатахууны бөөний үнэ арванхоёрдугаар сараас өсч эхэлсэн. Энэ сарын 1-нээс экспортын газрын тосны татварыг тонн тутамд 5,8 доллараар нэмэн 49,6 доллар болгосон нь шатахууны экспортын үнэд ч мөн нөлөөлөх юм. Энэ бүхнээс харахад дэлхийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн үнийг дагаад дотоодын шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл бүрдээд байна. Энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг манай агентлагийн хувьд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй байх талаар тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин