Цагаан дэлийн агуйг улс хамгаалалтад авсан ч уурхайнхан “хэмлэсээр” байна
Дорноговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Монголын хамгийн том, урт гэх тодотголтой, судлаач, эрдэмтэд “Дахин давтагдашгүй, байгалийн гайхамшигтай тогтоц” хэмээн хүлээн зөвшөөрөн, дэлхийд гайхуулдаг Цагаан дэлийн агуй хэзээ мөдгүй сүйдэхэд бэлэн гэнэ. Гар аргаар ашигт малтмал олборлогчид, уурхайнхны сүр хүчинд өчнөөн жил “нухлагдсан” тус агуйд өдгөө судалгаа шинжилгээ хийх нь байтугай хэдэн хором тайван зогсох боломжгүй болсныг нэг судлаач хэлэв.
Агуйн дурсгалд аюул заналхийлэл учруулдаг ашигт малтмал олборлогчид болон эрдэмтэн, судлаачид, нутгийн иргэдийн хоорондох “дайн” энэ жил, эсвэл ноднин, уржнан эхэлсэн юм биш. Эрдэмтэн, судлаачид нь “Ерөөс агуйн ойр хавьд жоншны уурхай ажиллуулж, тэсэлгээ хийлгэх нь буруу” гэсэн байр суурь илэрхийлж, уурхайнхан “Бид нинжа нар шиг гар аргаар олборлодоггүй учраас тэсэлгээ хийхээс аргагүй. Тиймээс агуйн хаана нь тэсэлгээ хийх боломжтой, боломжгүйг холбогдох байгууллагынхан нарийвчлан судалж, тогтоох ёстой. Бид тэр дагуу ажиллана” хэмээн зөрүүдэлсээр өдийтэй золгосон юм. Энэ хугацаанд агуйг орон нутгийн тусгай хамгаалалтад хэдэнтээ авч, тэр бүртээ талбайнх нь хэмжээг өргөсгөжээ. 2011 онд агуйн амыг тойрсон 3.63 га газрыг хамгаалалтад авсан бол 2013 онд 112.37 га талбай нэмжээ. Тодруулбал, нийт 116 га газрыг хамруулсан гэсэн үг. Гэсэн ч жоншны 10 гаруй уурхай эргэн тойронд нь үйл ажиллагаа явуулсаар, агуйд чичирхийлэл, доргилтын нөлөө илэрсээр байв. Улмаар Засгийн газар 2019 онд байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ орон нутгийн тусгай хамгаалалтад байсан тэр хэмжээгээр нь буюу агуйн ойролцоох 116 га газрыг хамруулсан аж.
Энэ шийдвэрээс улбаалан Цагаан дэлийн агуйтай холбоотой асуудал сүүлийн үед намжаад байв. Орон нутгийн удирдлага ч “Уурхайнхантай ойлголцсон. Агуйг нөхөн сэргээж, хэвэнд нь оруулах ажлыг тэднээр хийлгэнэ” хэмээн мэдэгдэж байв. Гэвч өдгөө нөхцөл байдал улам дордсоныг газар зүйн ухааны доктор, “Монголын агуй судлаачдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Авирмэд хэллээ. Дурсгалт газрыг улсын хамгаалалтад авсан ч уурхайнхан дураараа авирлаж, урьдын адил аюул учруулсаар байгаа аж. Тэрбээр “Дэргэд нь жонш олборлож, тэсэлгээ хийдэг уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, Цагаан дэлийн агуйг доргилт, нуралтаас хамгаалах шаардлагатай байна. Бүрэн бүтэн авч үлдэхийн тулд агуйн амнаас хааш хаашаа гурван км-ээс доошгүй хэмжээтэй газрыг буюу 5092 га талбайг хамгаалалтад авах хэрэгтэй. Ийм өвөрмөц, гайхалтай тогтоцтой үнэт дурсгал, үзэсгэлэнт газар дэлхийн хаана ч байхгүй. Энэагуй нь хоорондоо холбоо бүхий том хоёр танхим, үндсэн дөрвөн хонгилоос бүрддэг. Дотроо нуур, мөсөн танхимтай. Сэвсгэр хурдсанд нь амьтны яс хадгалагдан үлдсэн, хана нь зургаан талт кальцитын талстаар хучигдсан. Ихэнх хэсэг нь хайлуур жоншноос бүрддэг. Судлагдаагүй олон зүйл тэнд бий ч одоогоор цөөнгүй нь устаж, алга болоод байна” гэж ярьсан юм.
Орон нутгийн удирдах албан тушаалтнуудын ярьж байсанчлан, тухайн бүсэд уурхайнхнаар төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийлгэсэн, эсэхийг аймгийн БОАЖГ-ынхнаас нь тодруулахад “Агуйн ам орчмыг нөхөн сэргээж, хашсан. Баттай мэдэхгүй ч уурхай болгон таван сая төгрөг хандивласан гэсэн мэдээлэл бий. Бас аймаг, сумаас тодорхой дэмжлэг үзүүлсэн” гэсэн бол Айраг сумын Засаг даргын орлогч н.Амгаланбаатар “Компаниудаас төвлөрүүлсэн 31 сая төгрөгөөр 2021 онд нөхөн сэргээлт, судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөсөн. Цар тахлаас үүдэлтэй нийгэм, цаг үеийн байдлаас болоод энэ ажил нэлээд удааширлаа. Одоогоор агуйн ойролцоох 1.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн ч албан ёсоор хүлээж аваагүй. Судлаач Э.Авирмэдээр агуйн нөхцөл байдлыг судлуулсан. Бидэнд тайлангаа удахгүй танилцуулна” хэмээв. Харин аймгийн Засаг дарга О.Батжаргал “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Холбогдох байгууллагын, мэргэжлийн хүмүүсийг газар дээр нь ажиллуулан, агуйг цаашид яаж хамгаалах, нөхөн сэргээлтийг хэрхэн хийлгэх талаар судлуулан, дүгнэлт гаргуулахаар болж, доктор Э.Авирмэдэд энэ бүхнийг даатгажээ. Харин тэрбээр “Ам орчмын хэсэгхэн газрыг хашсан байна билээ. Уурхайнхан тэнд нь тулаад, үйл ажиллагаа явуулж байна. Дотогшоо орох ямар ч боломжгүй. Хүндхэн болжээ. Энэ асуудлаар уулзаагүй хүн, яваагүй газар алга. Нөхөн сэргээж, хэвэнд нь оруулсан зүйл байхгүй” гэсэн тайлбар өгөв. Цагаан дэлийн агуй уурхайнхны нөлөөгөөр “хаалттай”, аюултай бүс болж хувираад буйг тэрбээр хэллээ. Байгалийн дурсгалт газар гэхээсээ илүү энд, тэндээ шороон овоолготой карьер мэт үзэгдэх болж. Агуйн ам эвдэрч, чулуун нуранги үүссэн учир уурхайн нүх, цооног аятай харагддаг гэнэ.
Цагаан дэлийн агуйд судлаагүй зүйл, тайлагдаагүй нууц олон бий гэж эрдэмтэд үздэг талаар дээрх эрдэмтдийн ярианд тодорхой дурдагдсан. Тус газрыг уурхайнхны хөлөөс хол байлгах гол шалтгаан нь энэ. Олборлолт, хайгуул хийх явцад байгалийн дурсгалт газрыг сүйтгэж, аюул учруулсан бол эзэдтэй нь хариуцлага тооцох, албан тушаалтнуудыг суудлаас нь буулгах хүртэл арга хэмжээ авдаг жишиг олон улсад бийг Э.Авирмэд хэлэв. Гэтэл Монголд судлаач, эрдэмтэд, иргэд нь нийлж тэмцээд ч, улс нь тусгай хамгаалалтад аваад ч уурхайнхныг хазаарлаж дөнгөдөггүйн бодит жишээ нь Цагаан дэлийн агуй болжээ.