Засгийн газар ХНХЯ-аар дамжуулж 18-34 насны олон мянган залууг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтад хамруулаад, хүн тус бүрт нэг сая төгрөг олгох, 11 тэрбумыг зарцуулах ажлаа ирэх сарын 1-нээс эхлүүлэх гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн хэлснээр бэлтгэл ажлыг сайтар хангаж буй аж. Мөн тэрбээр “Өнөөдөр хүнсний талон авч буй 43 мянган өрх бий. Эдгээр өрхөд байгаа ажил, хөдөлмөр эрхлэх насны залуусыг энэ сургалтад урих юм.
…Өнөөдөр хүнсний талон авч буй 43 мянган өрх тус бүрт 18-34 насны ямар нэгэн залуу ажилгүй “хэвтэж” буй юм гэж саная. Тийм бол бүтээн байгуулалт өрнүүлэх байгууллагууд янз бүрийн ажлын байранд залуусыг дуудахад, хэрэв хэрэгтэй гэж үзвэл хэн нь ч өөрийн мэргэжлийн дагуу тохирох ажлаа олоод хийнэ…
Үүгээр мэргэжил олгох гэхээс илүү хандлагыг нь өөрчлөх, хувь хүний хөгжилд нь анхаарах, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зорилготой. Сургалтыг Хөдөлмөр эрхлэх сангаас санхүүжүүлнэ. Эхний 500 залууг дөрөвдүгээр сарын 1-нээс хүлээж авна. Цаашид сард мянгаар нэмж хамруулах бөгөөд ингэснээр тэд шинээр эхлүүлэх бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах боломж бүрдэнэ. Бид сургалтад суулгах явцдаа ажлын байрны захиалгыг бас гаргасан байх юм. Ингэж зуучлалын үүргийг гүйцэтгэнэ” гэв.
Тус яамны зүгээс ийм мэдээлэл түгээхэд олон нийт гайхан хүлээж авсан. “Ямар өгөөмөр яам, Засгийн газар вэ. Хүмүүс ажилд орохын тулд өөрийгөө бэлтгэх гэж зохих сургалтад төлбөр төлж суудаг байтал энэ яам сургалтад үнэ төлбөргүй хамруулаад, бас болоогүй хүн тус бүрт нэг сая төгрөг өгөх гэнэ. Үнэн үү” гэж бие биеэсээ асууж байлаа. Үнэхээр эргэлзмээр мэдээлэл байв. Гэтэл сайд нь ингэж мэдэгдэхэд итгэхгүй гээд яах билээ.
Мөрөөр нь мөшгөвөөс энэхүү сургалтыг Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулах гэж буй аж. Агуулга, зорилго нь “Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих” гэнэ. Ийм зорилт тавьж буйгаараа тус яам “Халамжийн яам” болсноо хүлээн зөвшөөрөв. Юутай ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд санаа тавих ёстойгоо ойлгож буй нь сайн гэлтэй. Гэхдээ энэ олон залуусыг сая төгрөгийн урамшуулалтай сургалтад хамруулахад, санал болгосон ажлын байранд нь очиж, ажиллаад, цалин хөлс хангалттай авч, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэсэн магадлал, хөшүүрэг, механизм байна уу. Шинээр эхлүүлэх бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллуулна гэсэн. Тэнд ямар ажлын байр байгаа, бий болох талаар одоогоор мэдээлэл алга. Үнэхээр бүтээн байгуулалт өрнөх бол, объектуудад ажлын байр олноор гарвал тухайн талбарт үйл ажиллагаа явуулах компаниуд зар түгээн залуусыг ажилд урих ёстой баймаар.
Өнөөдөр хүнсний талон авч буй 43 мянган өрх тус бүрт 18-34 насны ямар нэгэн залуу ажилгүй “хэвтэж” буй юм гэж саная. Тийм бол бүтээн байгуулалт өрнүүлэх байгууллагууд янз бүрийн ажлын байранд залуусыг дуудахад, хэрэв хэрэгтэй гэж үзвэл хэн нь ч өөрийн мэргэжлийн дагуу тохирох ажлаа олоод хийнэ. Эсрэгээрээ “Ажил хийх шаардлагагүй, хоногийн хоолыг төрөөс талоноор залгуулж байна. Хангалттай. Тамхины мөнгийг эмээ, өвөө тэтгэврээсээ өгчихдөг юм чинь. Ажиллаж биеэ зовоохын хэрэг юу байна” гэвэл хэн ч очихгүй.
Нөгөө талаар өнөөдөр залуус мэргэжилгүйдээ ажилгүй суугаагүй. Гагцхүү ажлын байр хангалтгүй байгаагаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа юм биш үү. Мөн байн байн дурддаг нэн ядуу хэмээн бүртгэсэн 40 000 гаруй өрх гэдэг нь үнэхээр хоногийн хоолгүй хонохдоо тулсан айлууд байдаг уу, аль эсвэл амьжиргаагаа элбэг залгуулдаг хэрнээ засаг захиргааны нэгждээ нэн ядуу хэмээн бүртгүүлж, үнэгүй юманд нугасгүй дайрдаг хүмүүс үү. Энэ тухай нарийвчилсан судалгаа, бүртгэл, хяналт байдаг уу. Боломжийн амьдралтай айлд төрөөс “Хүнсээ базаа” хэмээн эрхийн бичиг өгсөөр байх аваас тухайн өрхийн гишүүдэд ажил хийлгүй амьдрах сонирхол улам л нэмэгдэнэ үү гэхээс санаа зовох мэдрэмж төрөх нь юу л бол. Яамны зүгээс энэ мэтэд гажуудал байгаа, эсэхийг судалж, тусламжийг цэгийг нь олж хүргэх талд санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, “хуулийн цоорхой”-г илрүүлэн засаг, төрийн ажлыг цэгцлэх ажилд хүч хаямаар. Гэтэл үүний оронд уламжлалт халамжийн бодлогын хүрээг зах хязгааргүй тэлэхтэй адил төсөл, хөтөлбөр гээчийг санаачилж, олон нийтийн дунд шуугиан тарьж, өөрсдөө ч янз бүрээр дуудуулж, доромжлуулах нь дэндүү урагшгүй, ухаан муутай үйлдэл, хамтаар үйлдэх гэж буй нам, Засгийн газар, яамыг хамарсан хуйвалдаан мэт.
Яагаад хуйвалдаан гэж байна вэ. Уг сургалтад дөрөвдүгээр сарын 1-нээс 500 залууг хамруулна. Дараагийн буюу тавдугаар сард 1000-ыг гэж буй. Зургадугаар сард бас 1000 уу, эсвэл түүнээс олон уу, юутай ч сайдын хэлснээр бүгдэд нь сая, сая төгрөг өгөөд буцаагаад байна гэсэн төлөвлөгөөтэй. Тэгэхээр эхний шат гэдэг нь ирэх зургадугаар болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн шувтрах ч юм шиг. Бас нэгэн мэдээлэлд энэхүү сургалтыг гурван жил явуулна гэсэн өгүүлбэр байна лээ. Хэрвээ тийм бол УИХ-ын дараагийн сонгууль хүртэл үргэлжлүүлэх нь. Эндээс харахад Засгийн газраас хэрэгжүүлэх “Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр, төлөвлөгөө” гэдэг малгай доор юуг ч шургалуулсан байж мэдэхээр аж.
Сургалт хэмээх энэхүү дэд төслийн үр дүн урьдчилан харагдахгүй байна. Үр өгөөж нь яаж ирэх нь тодорхойгүй. Ийм барьцгүй юманд 500 тэрбумыг цацах эрхийг эрх баригчид өөрсдөдөө олгоод буйг нам-засаг-яам гэсэн дэд бүтэц бүхий хуйвалдаан гэж томьёолмоор. Олон нийт хараа, сонсгол сайтай. Үүнийг эсэргүүцсээр буй. Олонх нь “Сонгуулийн ухуулагч бэлдэж байна л даа” хэмээх болов. Япон судлаач Д.Төмөрбаатар “Ямар баян төр вэ. 18-34 насныхан гэдэг бол бие даагаад амьдарч байгаа хүмүүс. Гэтэл тэдэнд хөдөлмөр эрхлэхийн ач холбогдол, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн учрыг ойлгуулах сургалт явуулах юм гэнэ, бас тэтгэлэг өгөх юм байх. Энэ бол мэргэжил олгох сургалт биш гэлээ. Энэ бүхнийг залуус сургуульд сурахдаа, ажиллах явцдаа, нийгмийн амьдралд оролцохдоо олоод авдаг, хамгийн энгийн мэдлэг биз дээ. Иймхэн юмыг мөнгө өгч сургаад байх юм бол энэ залуус чинь цаг, минутаар өөрчлөгдөж буй энэ ертөнцөд цаашдаа өөрийгөө яаж авч явах юм бэ” хэмээн халагласан. Түүний халаглах аргагүй биз.
Манай улсын иргэд сонгосон нийгмийнхээ мөн чанарыг хэдийн ойлгож, зах зээлийн орчинд хэрхэн ажиллаж, амьдрахаа мэддэг болсон. Ажил, бизнес, орлого, ашиг, боломжийн амьдрал гэсэн тойрогт урдахаа хийгээд, үр хүүхдээ өсгөөд ирээдүйгээ баримжаалан аж төрсөөр байна. Гагцхүү үе үеийн улстөрчдийн будилаан, хуурмаг үйлдэл, улс төрийн хожоо хайсан уралдаанд хохирох болсон. Хамгийн их хохирол нь ажлын байрны хомсдол, цалин, орлогогүйгээс үүдэлтэй ядуурал. Мөн бизнесийн орчны бохирдол, үүнээс гаралтай бухимдал, цөхрөл. Төр, засгийн эрх баригчид улс орны хөгжлийн гарц, ард иргэдийн тайван амьдралын ундарга болсон эдгээр үзүүлэлтийг сайжруулахын төлөө оюунаа уралдуулахын оронд хөдөлмөрийн насны залуусыг хоморголон халамжлах бодлого баримталж, улмаар олон нийтийн үзэж буйгаар цаагуураа саналыг нь урхидах мэт үйлдэл улайм цайм хийхээр давшилж буйг өөрсдөд нь хэлэх гэж үзэл бодлоо илэрхийлж байна.
Залуу уран бүтээлчдийн төлөөлөл, балетын од, Ардын жүжигчин Ю.Оюуны хүү Б.Тамир “Энэ сургалтад хамрагдах нь би болон миний үеийнхэн болчихоод байгаа юм. Гэтэл надад бол сургалт биш, харин өөрийн бодож санаж байгаа бизнесээ хийх хөрөнгө оруулалт л шаардлагатай. Өнөөх гурван хувийн зээлийг лангуу ажиллуулдаг, эсвэл наймаа хийдэг хүмүүст олгох юм шиг санагдсан. Банкаар дамжуулж олгоно гэсэн. Тэгэхээр бас зээл авахааргүй баян гэдгээ банканд нотлох хэрэгтэй болно. Ийм амьдралаас тасархай ажил гээчийг санаачилдаг гайхалтай ухаантай төр, засагтай юм даа, бид” гэсэн. Түүн шиг энэхүү сургалтыг явуулахын оронд ажлын байр олноор бий болгоход 500 тэрбумаа зарцуулахыг сануулсан, хайран мөнгийг үрэн таран болгохгүй байхыг хүссэн олон хүн янз бүрийн шугамаар эрх баригчдад үгээ хүргэхийг оролдож байна.
Тийм ээ, өнөөдөр иргэдэд ажлын байр л хэрэгтэй байна. Их, дээд сургууль төгссөн нь ч, МСҮТ-ийг дүүргэсэн нь ч ялгаагүй ажилгүй, гэртээ байна. Түүнээс мэргэжилгүйдээ хүнсний талоны гурил, будаа идээд “хэвтээд” байгаа юм биш. Улс орон, ард иргэдийнхээ байдлыг мэдсээр байж, төсвийн хөрөнгийг намаараа, засгаараа, яамаараа нийлж салхинд хийсгэхийг эсэргүүцнэ.
Мөн айсуй Ерөнхийлөгчийн болон гурван жилийн дараа болох УИХ-ын сонгуульд иргэдийн саналыг олноор хураах зорилгоор, сурталчилгаандаа “Бид дор хаяж 5000 залууг сургалтад хамруулж, ажилд зуучилсан” гэсэн тоо хэлэх гэж өнөөдөр төсвийн энэ их мөнгийг үрэн таран болгох гэж буй юм биш биз хэмээн хардахаар.