Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр 20 аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг эхэлсэн. Шалгалтад улсын хэмжээнд нийтдээ 13094 иргэн бүртгүүлсэн бөгөөд нээлтэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Төрийн албаны шалгалтын төв комиссын бүрэлдэхүүн оролцсон байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээлтийн үеэр “Хүн ирээдүйн амьдралаа баталгаатай байлгахыг хүсэж, ирж буй цаг хугацааг илүү утга учиртай байлгахын төлөө бага наснаасаа цэцэрлэг, сургуулиар дамжин олон жил сурч бэлтгэгддэг. Хамгийн товчоор хүний амьдралыг тодорхойл гэвэл би “шалгалт” гэж хэлнэ. Эргээд харахад Та бид маш олон төрлийн шалгалтыг давж туулсан байгаа биз. Тэдгээрийн дотроос дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл байдаг, хамгийн үнэ цэнтэй шалгалтуудын нэг нь та бүхний өнөөдөр өгөх гэж буй төрийн албаны шалгалт юм. Иймд та бүхэндээ амжилт хүсье. Түүнчлэн энэ удаагийн шалгалтад шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж, 13 мянга гаруй хүн бүртгүүлсний 52.4 хувь нь 30 хүртэлх насныхан буюу Z үеийнхэн байгаад баяртай байна” гэв.