Б.Баянмөнх: Бүлэглэлийн төлөөлөл АН-ын дарга болж болохгүй
Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаж, тус бүр намын даргаа тодруулах сонгуулийн товыг зарлаад байгаа юм. АН-д өрнөж буй дотоод үйл явдлын талаар тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Баянмөнхтэй ярилцлаа.
-АН хоёр хуваагдаж, тус тусдаа намын даргыг сонгох сунгаа зарлаад байна. Аль нь хүчинтэй гэж үзэх ёстой вэ?
-С.Эрдэнэ дарга Ц.Туваанд намын дүрмийн дагуу тамгаа шилжүүлж өгсөн. Гэнэт тамгаа өгсөн хүн нь эргээд өөр юм яриад гараад ирдэг байж болохгүй. Намын Дотоод сонгуулийн хороо, Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо хүлээн зөвшөөрч хуучин дүрмийн дагуу намын даргын сунгааг зарласан. Намын дотоод бүтцүүд хүчин төгөлдөр ажиллаж байна. Тэгэхээр хуучин Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй намын даргын сунгаа хүчинтэй гэж ойлгох ёстой. Энэ сунгаа нь 2017 онд баталсан намын дүрмийн хүрээнд хэрэгжиж байгаа. Өнөөдөр /өчигдөр/ Үндэсний бодлогын хорооны хуралд 300 орчим гишүүн оролцож, намын даргад нэр дэвшигчдээ тодрууллаа. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүд, удирдлагууд ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр аль ч талаас нь харсан энэ сунгаа хүчин төгөлдөр юм. Сунгаанд нийт 16 хүн нэр дэвшсэн ч олонх нь нэрээ татлаа. Дөрвөн хүн намын даргад өрсөлдөхөөр болж, үнэмлэхээ гардан аваад байна. Сунгаагаар гарч ирж, олонхийн санал авсан нэр дэвшигчээ АН-ын даргаар хүлээн зөвшөөрч дагах ёстой.
Гэхдээ нэг зүйл дээр намын зарим гишүүн өөр байр суурьтай байгаа. Өмнө нь АН-ын даргыг сонгох сунгаанд нийт таван хүн өрсөлдөж байсныг та бүхэн мэднэ. Тэгэхэд С.Эрдэнэ 27-29 хувийн саналаар намын дарга болсон. Тухайн үед 50-иас илүү хувийн санал авч, намынхаа гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй хүнийг намын даргаар томилсон нь алдаа болсон. Тэгэхээр бид энэ сунгаанаас хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг намын их хурлын гишүүдээр хэлэлцүүлж, олонхийн санал авсан хүнээ намын дарга болгох нь зүйтэй. Уг нь намын шинэ дүрэмд ийм зохицуулалтыг хийсэн ч хараахан бүртгүүлж чадаагүй. Одоо өрсөлдөж байгаа дөрвөн хүний хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь намын дарга болно гэсэн үг. Тиймээс энэ бол алдаатай дүрэм. Хорь гаруй хувийн санал авсан хүн намын дарга болох нь. Дүрмийн асар том цоорхой үүсчихээд байна. Тиймээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчээ дахин өрсөлдүүлж, намын дарга болгох нь зүйтэй.
Улсын Дээд шүүхэд гомдолтой нэг зүйл бий. Улс төрийн намуудын дүрмийг шүүх бүртгэж авч байгаа юм бол эргүүлээд хэрэгжилтийг нь хянадаг байх ёстой. Намын дүрмийн хэрэгжилтийг хянахгүй юм бол бүртгэж авч яах юм. Намын дүрэм хэрэгжих үгүй нь дотоод асуудал гэж хаядаг байж болохгүй.
-АН-ын Х хурлаар хэлэлцсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд өгч бүргүүлэхдээ Ц.Тувааныг засвар оруулж, Ерөнхийлөгчид тал зассан заалт оруулсан гэж С.Эрдэнэ буруутгадаг. Дүрэмд үнэхээр засвар оруулсан зүйл бий юу?
-Би намын Үндсэн дүрмийн ажлын хэсэгт ажилласан. Бидний боловсруулсан намын дүрэм Х их хурлаар хэлэлцэгдэж батлагдсан ч шүүх бүртгээгүй гацаачихсан байгаа. Дүрэмд Төрийн Тэргүүнийг намаас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн заалт ороогүй. Зарим хүмүүс Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүнийг өрсөлдөгчгүйгээр намаас нэр дэвшүүлнэ гэж буруу ойлгосон. Мушгин гуйвуулсан. Тийм зүйл хэзээ ч байж болохгүй. Энэ бол ардчиллаас ухарсан үйл явдал болно. Үүнийг намын ямар ч гишүүн дэмжиж болохгүй. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн намаасаа нэр дэвших хүсэлт гаргавал, намын их хуралд гурав дахь нэр дэвшигчээр оруулж хэлэлцүүлэх боломжтой гэдэг зүйлийг намын дүрэмд тусгасан байсан. Гэвч намын дүрмийг Улсын Дээд шүүх бүртгээгүй.
Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг 2017 онд тодруулахдаа сунгаагаар нэр дэвшигчийг тодруулж байв. Энэ нь намын нийт гишүүдийг хагалдаг сөрөг талтай. Тийм учраас намын их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах нь зүйтэй юм.
-Дотооддоо зөрчилтэй байгаа АН-ыг ямар үзэл баримтлалтай хүн эв нэгдлийг нь хангаж, зөв авч явна гэж харж байгаа вэ?
-Бүлэглэлийн төлөөлөл АН-ын дарга байж болохгүй. АН-ын 200 мянган гишүүний эрх ашгийн төлөө ажилладаг дарга байх ёстой. Түүнээс хэн нэгний даалгавар авч, бүлэглэлийн гар хөл болдог хүнийг намын дарга болгох нь зохисгүй. Тийм хүн намыг ямар байдалтай болгосныг өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ. Ёс зүйтэй хүнийг намын дарга болгох шаардлагатай. Намын дарга хэн нэгнийг ялгаварлаж харьцдаггүй байх хэрэгтэй.
Ер нь намаас явж байгаа нь явсан шиг яваад, үлдэж байгаа хүмүүс нь намаа сайн авч явах хэрэгтэй байна. Насаараа намын толгойд заларсан мөртлөө явж чадахгүй зууралдаад байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл. Залуучууддаа зайгаа тавих хэрэгтэй. Нэр дэвшигчдээс намын дарга хийчих сайн залуучууд бий. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нэр дэвшин өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авлаа. Эднээс О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарыг намын дарга болоод намаа зөв удирдах боломжтой залуучууд гэж харж байгаа. Түүнчлэн АН-ын дарга бол бүх ард түмнээс дэмжлэг аваад сонгогдсон хүн байвал зүгээр байгаа юм. Яагаад гэхээр тэр хүн сонгуульд ороод 10, 20 мянган хүний дэмжлэг авсан.
Нөгөө талаар намын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй байх ёстой. С.Эрдэнэ нэг өдөр босч ирээд л “Гадаадаас Монголчуудаа авч болохгүй. Халдвар зөөвөрлөх эрсдэлтэй” гээд л мэдэгдэл хийчихсэн. Энэ бол байж болохгүй зүйл. Монголын баялаг бол Монгол хүн. Эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг төр хангаж өгөх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ төр биелүүлэх шаардлагатай. Гэтэл нэг хүний дураараа хийсэн мэдэгдлээс болж намын нэр хүнд унаж байх жишээтэй. Тиймээс намын дарга ганцаараа мэддэг байж болохгүй. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, нэгдсэн байр сууринд хүрсний дараа түүнийг нь намын дарга олон нийтэд хүргэх нь зүйд нийцнэ. Хамтын удирдлагатай байж АН зөв явна. Намд хувийн эрх ашиг орж ирэхээрээ болдоггүй. Улс орны хөгжлийн төлөө оновчтой бодлого гаргаж ажилладаг удирдлагатай, гишүүдтэй нам хол явна. Цаашид намын хатуу гишүүнчлэлийг халах ёстой. Хатуу гишүүнчлэлтэй байх нь улс төрчдөг, төрд ажиллаж байгаа мэргэшсэн боловсон хүчнээ намын гишүүнчлэлээр ялгаварладаг, ажлаас нь чөлөөлдөг. Энэ бол маш буруу юм.
-АН-д 30 жил зүтгэсэн хүмүүс нь одоо хүртэл намын удирдах албан тушаал хашиж байна. Зарим нь намын удирдлагад нэр дэвшихээ хүртэл илэрхийлсэн?
Бид ахмадуудаа үгүйсгэхгүй. Гэхдээ МАН-ын ахмад гишүүд шиг залуучууддаа боломж болгож, нэрээ татаж чаддаг байх ёстой. Э.Бат-Үүл дарга маань 64 хүрчихээд Нийслэлийн намын дарга болно гээд яваад байна. Гэтэл МАН-ын 40 настай Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд боллоо. АН-д 40 настай хүн хүүхдээрээ дуудуулаад зогсож байна. Ц.Элбэгдорж 1998 онд 35 настайдаа Ерөнхий сайд болж байсан. Гэтэл өнөөдөр 40 гарсан залууг хүүхэд гээд ярих нь зөв үү.
Ер нь АН-д дүр эсгэгч нар олон байна. Дүр эсгэгч нараа ялгаж сурах хэрэгтэй. Наанаа шударга ярьж, цаанаа хувийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүсээ намын гишүүд нь таньдаг болох ёстой.
-АН-ын дарга хэн болохоос танай намаас ямар хүн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдэг асуудал яригдах нь. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах боломжтой улс төрч хэн байгаа бол?
-Үнэндээ, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөр хүн алга. Гэхдээ энэ хүн хуучин намаасаа нэр дэвшие гэдэг саналаа хэлээгүй байгаа шүү дээ. АН-аасаа нэр дэвшие гээд хүсэлтээ гаргавал хэлэлцэх л болох байх. Намын их хурлаар хэлэлцэж таарна. Түүнээс өрсөлдөгчгүйгээр намаас нэр дэвшүүлнэ гэж байхгүй.