Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэнслэхээс өмнө Цэцийн гишүүдийг томилох уу?
Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулахаар Дээд шүүх нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авч эхлээд байна. Цэцийн есөн гишүүнийг Дээд шүүх, Ерөнхийлөгч, УИХ-аас гурав гурваар нь санал болгосноор парламент томилдог. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэднийг санал болгосон Дээд шүүх дараагийн хүмүүсийнхээ эрэлд гарсан нь энэ. Гэхдээ өмнө нь аль нь ч ингэж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байсангүй. Цэцийн гишүүнд санал болгох эрх бүхий байгууллагаас УИХ-д танилцуулж, томилох үед л хэнийг нэр дэвшүүлсэн нь ил болдог. Ингэхдээ тэр хүн нь эдгээр байгууллагын удирдлагатай ойр, эрх барьж байгаа намын үнэнч гишүүн, нөлөө бүхий улстөрч байх нь олонтоо. Тиймээс ч Үндсэн хуулийн цэцийг “үеэ өнгөрөөсөн улстөрчдийн орогнох газар” гэх мэтээр цоллох болсон биз.
Харин Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан уг сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд эл албанд хүч үзэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байгаа юм. Нэр дэвшигчийн хүсэлтийг энэ сарын 16 буюу ирэх мягмар гаргийн 17.30 цаг хүртэл хүлээн авах бөгөөд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр хүнийг УИХ-д уламжилна.
Уг нь Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргаж, түүнийг нь УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарынх 2019 оны арванхоёрдугаар сард дуусчихсан. Зургаан жилийн хугацаатай томилогддог эл албанд тэд хэдийн жил гаруй илүү ажиллаад байгаа хэрэг. Дээд шүүх нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг энэ сардаа багтаан УИХ-д уламжилж, парламент хэлэлцэн томилох хуулийн хугацааг нь тооцвол ирэх тавдугаар сартай золгож мэдэх нь. Өөрөөр хэлбэл, тэр болтол тэдний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээрээ байх юм. Нэр бүхий хүмүүсийн томилолтынх нь хугацаа дуусчихаад байхад хэдэн сар ч биш, жил илүү суудалд нь “хадгалсан” Дээд шүүх эрхгүй сонирхол татаж байна.
Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ ингэж хугацаа алдаж байгаа нь анхных биш. 2017 оны зургадугаар сард Н.Чинбатыг томилоход Цэцийн гишүүний орон гарснаас хойш даруй нэг жил, дөрвөн сарын дараа Дээд шүүх түүний нэрийг УИХ-д уламжилсан байдаг. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сард Цэцийн гишүүнээс эгүүлэн татсан Ж.Амарсанаагийн оронд түүнийг томилсон юм. Хэдийгээр нэр дэвшүүлэх эрх нь Дээд шүүхийнх ч санаачилга гаргадаггүй гэж шууд тэднийг буруутгах нь хэт явцуурсан хэрэг болох биз. Гурван өөр байгууллага, албан тушаалтнаас санал болгосноор Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлдэг ч гишүүдийг нь томилох эрх гагцхүү УИХ, үе үеийн эрх баригчдад хадгалагдсаар ирсэн. Тиймээс ч тухай тухайн үеийн нөхцөл байдал, эрх барьж буй нөхдийн хандлага, эрх ашигт нийцүүлэн гаргасан гэх зарим шийдвэрийнх нь төлөө Цэц элдвээр цоллуулж буй гэхэд болно.
Нөгөө талаас хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нээлттэй ч зургаан жил тутам тэднийг шинээр томилох хуультай. Ш.Цогтоо, Д.Солонго нарын хэн хэн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэг удаа томилогдон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд улиран ажиллахад болохгүй гэх зүйлгүй.
Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй, эсэхтэй холбоотой маргааныг Д.Солонго гишүүн хариуцан ажиллаж буй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх гурван ч мэдээллийг иргэд Цэцэд ирүүлсэн бөгөөд тэдгээрийг гишүүн Д.Солонгод хуваарилсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу иргэдээс ирүүлсэн мэдээллийг тус байгууллагын удирдлага аль нэг гишүүнд хуваарилдаг. Ийнхүү иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж, маргаан үүсгэх, эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэх эрхтэй. Үүний дагуу Цэцийн гишүүн Д.Солонго Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэж, маргаан үүсгээд буй хэрэг. Үүний хүрээнд тэрбээр холбогдох талуудаас байр суурийг нь сонсож, тайлбар авч байгаа билээ.
Уг маргааны агуулгыг нэхэн сануулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байхаар хуульчлалгүй орхигдуулсан гэж үзжээ. Мөн уг хуулийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон үүнд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдөж буй талаар иргэд мэдээлэлдээ дурдсан байгаа юм. Тодруулбал, эдгээр нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчиж байна гэсэн маргааныг Цэц хянан хэлэлцэнэ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан тул одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, ер нь өмнө энэ албанд сонгогдон ажилласан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчлах байсан хэмээж буй нь иргэдийн Цэцэд гаргасан мэдээллийн гол агуулга гэж ойлгож болно.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвших туйлын сонирхолтой нэг хүн бий нь өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулга. Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Цэц хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоож, түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү гэдэгт хариулах шаардлага үүсчихээд буй. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг ирэх тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвсэл нь ирүүлэх ёстой. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу дунд суудлын хуралдаанд хэдийн бэлтгээд эхэлсэн. Маргагч талуудад хүсэлтийн хуулбарыг гардуулж, хуралдаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэхээс авхуулаад хуралдаанд бэлтгэхэд 30 хоног зарцуулахыг хуулиар зөвшөөрдөг. Цаашлаад маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Иймд эл маргааныг Үндсэн хуулийн цэц сар гаруйн дараа буюу ирэх сарын сүүлч гэхэд шийдэж, эцсийн цэгийг хатгасан байх учиртай.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө Цэцийн гишүүдийг томилох уу.