АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг намын даргын сонгуульд оролцогчдыг энэ сарын 19, 20-нд бүртгэхээр болсныг мэдээллээ. Нэг нэр дэвшигч 35 сая төгрөгийн зардал гаргах тогтоол баталсныг ч дуулгав. Энэ удаагийн сонгуулийг цахимаар явуулах бөгөөд хэдэн ч хүн нэр дэвшсэн 35 сая төгрөг төлөх гэнэ.
Тус намын Үндэсний бодлогын хорооны сонгууль гуравдугаар сарын 17-нд болох юм байна. АН-ын Дотоод сонгуулийн хоёр хороо байгаа, тэдгээр нь тус тусдаа нэр дэвшигчдээс зардлын мөнгө хурааж байгаа гэхчлэн эргэлзээтэй асуудлын талаар тус хорооны дэд дарга Л.Нармандах “Дотоод сонгуулийн хороо хоёр хуваагдаагүй. Бид дүрэм, журмынхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэж, сонгуулиа явуулж байна. 2021 оны хоёрдугаар сарын 24-нд Дотоод сонгуулийн хорооны 14 гишүүнээс 13 нь гарын үсэг зурсан тогтоолоор, өмнөх бүрэлдэхүүнд багтаж байсан гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссаныг баталгаажуулсан. Иймд гишүүдийн гуравны нэгийг өөрчилж, хуучин бүрэлдэхүүнээс 10 хүн үлдсэн” гэв. Тэдний мэдээлснээр АН-ын даргын сонгууль ирэх сарын 25-нд болж, тавдугаар сарын 2-ны хурлаар шинэ даргаа батламжлах аж.
Мөн энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан намын даргын сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдээлэв. Тэрбээр И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй сонгуульд оролцохоо мэдэгдэж, нэр дэвшигчийн материалаа хүргүүлсэн билээ. Гэвч АН-ын даргын сонгуулийн зардалд нэг нэр дэвшигчээс 93 сая төгрөг гаргуулж байгаа ч өрсөлдөгчид нэрээ татахын хэрээр тушаах мөнгөний хэмжээ нэмэгдэхээр байгаа тул тэрбээр ийн шийджээ. Т.Энхсайхан “Өндөр босготой, мөнгөний сонгууль болох гээд байна. Монголд улс төрийн намууд гэмт бүлэглэлийн гарт орчихсон. Манай нам ч ялгаагүй. Намаа гэмт бүлэглэлийн савраас мултлахын тулд мөнгөний сонгуулиас татгалзах хэрэгтэй” гэж байлаа.
Ташрамд дурдахад, нэр дэвшихээр бүртгүүлсэн 16 хүнээс дөрөв нь нэрээ татсаныг уржигдар эх сурвалжууд мэдээлсэн. Сурталчилгаа маргааш албан ёсоор эхлэх бөгөөд хэн хэн зардлаа бүрэн тушааж, нэр дэвших эрхээ авсан нь тодорхой болох аж.