ҮАБЗ-ийн Нарийн Бичгийн Дарга А.Гансүхийн аав машинд дайруулжээ. Тодруулбал аавыг гэрийнхээ гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрсан байна. Улмаар хүнд гэмтэл аван, гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй аж.
А.Гансүх энэ тухай:
"Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар.
Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагартал талцал үүсгэхээс сэргийлж 2021.03.09-нд "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн. Уншсан биз.
Гэтэл тэр өдрийн орой 17.50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав маань хүнд гэмтэл авч, одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох вэ?
Та нарт хэлэх үг байна.
Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав ээж, дүү, эхнэр, хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих.
Тэд маань Монгол улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна.
Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.
Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан гэмтлийн эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмч нартаа найдаж байна." гэжээ.