Засаг солигдоод ч сайжирдаггүй Улсын онцгой комисс (УОК)-ынхны урагшгүй байдлыг яах вэ. Манай улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдээд жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь оносноосоо алдсан нь илүү байсан гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. Халдвар хүн амын дунд тархаагүй бүтэн жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийнхээ “амыг барьчихаад” дэмий шахам сууцгаасан. Ус үзээгүй байж хормой шуусан гэсэн үг.
Харин одоо өвчин өдөрт 50, 100-гаараа илэрч, халдварыг тогтоон барьж хүчрэхээ болив. Гэсэн ч иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес, амьжиргаагаа хорьж цагдуулахгүйн тулд өдгөө өвчинтэй нүүр тулан ажил, амьдралаа залгуулж байна. Тэр нь ч зөв биз. Засгийн газар, УОК-ынхон нэгэнт иргэдийнхээ аж амьдралыг сайжруулж, улс эх орныхоо эдийн засгийг сэргээхээр шийдсэн бол ажиллах арга барилаа өөрчлөх цаг болжээ. Дэлхийн улс орнуудын сайн жишгээс суралцах хэрэгтэй байна. Бүх үйлчилгээгээ нээсэн шигээ халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулъя. Шат шатандаа зохион байгуулалтын өмнөх алдаануудаа давтахгүй байх шаардлагатай. Гэсэн ч УОК алдаанаасаа суралцсангүй, салан задгай хэвээр. Жишээ дурдъя.
Тоглолт үзсэний улмаас халдвар авсан хүмүүсийн дам хавьтал бологсод коронавирусийн шинжилгээнд хамрагдах гэхээр цэгүүдийнх нь цаг дуусчихсан байх жишээтэй. Ойрын долоо хоногт л лав шинжилгээ өгөх боломж алга. Бас дархлаажуулалт эхлүүлээд хагас сар болж байхад зорилтот бүлгийнхний нэг хувь нь хамрагдаж чадаагүй байна. Олон нийт “Дархлаажуулалтын явц удаан байна” хэмээн шүүмжлэнгүүт “Өдөрт 12-15 мянган хүнийг хамруулна” гэж улайрав. Үүнээс болж олон байгууллагынханд вакцинд хамрагдах цаг давхцуулан олгож, урт дараалал үүсгэн, хэл ам татлах боллоо.
Түүнчлэн нийслэлд дархлаажуулалтын 80 гаруй кабинет үйл ажиллагаа явуулж буй гэх боловч олонхыг нь дайчилсангүй. Албаныхан хүний нөөцөө үе шаттай сургасан хэмээн мэдээлсээр. Гэвч цэгүүдэд дунджаар 1-2 эмч, ажилтан ажиллаж байгааг эрүүл мэндийн салбарынхан нь өөрсдөө шүүмжилж байна. Өчигдөр гэхэд л эмч, ажилтнуудыг вакцинжуулах нэрийдлээр дархлаажуулалтын цэгүүдэд уртаас урт дараалал үүсгэлээ. Нэг хүнийг үзэж, вакцинжуулах, хянахын тулд 45-60 минут зарцуулж буй гэнэ. Гэтэл зарим оронд өдөрт 1-6 сая хүнийг вакцинжуулж байх. Манай улсын нийт хүн амыг л нэг өдөрт дархлаажуулчихна гэсэн үг шүү дээ. Тэд ч гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу л ажиллаж байгаа.
Гадаа олон цаг дугаарлаж, даарсан хүмүүст вакцин тарьсны дараа хүндрэл гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Бас олон хүн дугаарлах явцдаа халдвар авчихаад вакцин хийлгэчихвэл хэрхэх билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг эмнэлэгт нь нэгдсэн журмаар вакцинд хамруулчихад ямар ч асуудалгүйг эмч нар хэлж байна. УОК-ынхон эрүүл мэндийн салбарынхны ажлыг зааж, бүтэлгүй шийдвэрээ хэрэгжүүлэх гэж улайрч буйг тэд учирласан. Хүн хүч нь хүрэхгүй бол хувийн хэвшлийнхэн дайчлагдахад бэлэн байгаа аж. 75 мянган хүнийг вакцинжуулах гэж ийнхүү хөгөө чирч буй хөөрхийлөлтэй улс манайхаас өөр алга.
PCR шинжилгээний цэгүүдэд ажиллаж буй хүмүүс ч хангамж муутай, халдвар хамгааллын дэглэм баримтлахад хүндрэлтэй байгаа гэнэ. Бүтэн жил цар тахалтай тэмцсэн улс гэхэд ийм урагшгүй байж болох уу. Цагаан сарын дараа буюу өнгөрсөн сарын 23-нд бүх нийтийн хөл хориог цуцалж, назгайруулсны гороор халдвараа алдчихсан. Сар шинийн өмнөх өдрүүдэд ч зах, худалдааны төвүүдээ хяналтгүй хаясан. Тодруулбал, эрх баригчид алгуурласаар өрх бүрийг шинжилгээнд хамруулах ажлыг хэт оройтуулснаас үр дүнгүй шахам болсныг судлаачид хэлж байна. Уг ажлын дараа Засгийн газраас хүн амын дунд халдвар байхгүй гэж үзээд хөл хориог сулруулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрнуудад байсан иргэдээс эхний шинжилгээгээр өвчин илрээгүй. Ихэвчлэн хоёр, гурван удаагийн давтан шинжилгээгээр халдвар оношлогдсоныг УОК-ынхон бодолцолгүй, өчнөөн тэрбум төгрөг “салхинд хийсгэчихсэн”. Үндэсний аудитын газрынхан ч “Нэг хаалга, нэг шинжилгээ” кампанит ажил төдийлөн үр дүнгүй байсан гэж үнэлжээ. Учир нь дэлхийн цөөнгүй улс нийтийг хамарсан шинжилгээг хоёр удаагийн давтамжтай хийснээр “Ковид-19”-ийн тархалтыг хумьсан байдаг. Харин бид ганц удаагийн хам хум ажил хийсэн болчихоод, өвчнийг алдаагүй хэмээн “баталж”, санаагаа амраажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадам болтол бүх нийтийн хорио дахин тогтоохгүй, эдийн засгаа тордох арга хэмжээг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр халдварын тархалт буурахгүй, цаашид энэ хэвээр үргэлжилбэл яах нь тодорхойгүй. Албаныхны хэлж буйгаар, гарц, гаргалгаа одоогоор алга. Ямартай ч хүн амаа яаралтай вакцинжуулахаа урьтал болгосон. Гэвч ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу иргэдийн 60 хувийг дархлаажуулах вакцины сураг чимээ ч алга. Өвчний одоогийн дэгдэлт түүнийг нь хүлээхгүй янзтай. Үүнээс гадна олон улсад шинэ коронавирусийн хувьссан хэлбэрүүд бүртгэгдсээр байна. Оруулж ирэх вакцин нь шинэ мутацын эсрэг дархлаа тогтоох, үгүйг ч мэдэхгүй. Нөхцөл байдал ийм байхад манай сайд, дарга нар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наядын төлөвлөгөө боловсруулснаа л сурталчлах. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, ЭМЯ, УОК-ынхны өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь иргэдийн эрүүл мэнд, амьдрал ахуй, хүүхдүүдийн сэтгэл зүйгээр хангалттай тоглов.
Боловсролын байгууллагууд үүдээ бариад хоёр дахь хичээлийн жилтэй золгоод, зуны амралт хаяанд туллаа. Салбарын сайд нь үүнд санаа зовж буй юм ч алга. Багш нар нь хүүхдүүдээ зөнд нь хаячихсан, цалингаа авчихаад л амарч сууна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг 170 000 гаруй сурагч хичээлээсээ хоцорчихоод байхад шүү дээ. Түүнчлэн сая гаруй хүнтэй том хотын 30 мянган хүүхэд цахилгаангүй, зурагтгүй, утас, интернэтгүй орчинд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Үндэсний статистикийн хорооныхны энэ оны дүнгээр, 2019-2020 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны 15 100, 11-14 насны 13 800 хүүхэд сургуульд хамрагдаагүй байна. Бага, дунд ангийн 30 орчим мянган сурагч сургуульгүй, боловсрол эзэмшиж чадаагүй гэсэн үг. Боловсролын салбарын эл алдаа, завхралыг арилгахын оронд эрх баригчид мэдээлж суухаас өөрөөр асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Иргэд УОК-ынхны энэ мэт урагшгүй шийдвэрүүдийнх нь балгийг хэдий болтол үүрэх вэ.