Техникийн саатлаас болж “Жаст”-ын Ш.Батхүүгийн гомдлыг хэлэлцсэнгүй
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцэхээр товлоод байв.
Ш.Батхүү болон түүний өмгөөлөгч нар, хохирогч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль ёсны төлөөлөгч тэргүүтэй хүмүүсийн гаргасан гомдлын дагуу ийнхүү хурал хийх болсон юм. Гэвч Ш.Батхүү эрүүл мэндийн байдлаас болж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлүүлж байгаа, өөрөө хуралд оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Түүнчлэн Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх бүрэлдэхүүнд хандаж техникийн саатал гарч, интернэт сүлжээ гэмтсэн учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан гэдгийг хэд хэдэн өмгөөлөгч хэлэв. Эдгээрт үндэслэн давж заалдах шатны шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 17-нд хэлэлцэх боллоо. Дээрх хүмүүст холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард 13 өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн билээ.
Ингэхдээ Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан юм. Улмаар Ш.Батхүүд нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, найман жил хорих ял шийтгэсэн. Мөн түүнээс “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх болсон билээ. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцаа болон “Жаст групп”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, үнэгүйдүүлэн мөнгө угаасан үндэслэлээр буруутгасан юм.