Мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. УДЭТ сонгодог “Анна Каренина” жүжгээ тоглосноор хуран цуглагсдын дундаас халдварын 54 тохиолдол илрээд байна. Хаана, хаанаа хэн хүнгүй цочирдов. Жүжгийн тасалбарыг нэг суудал алгассан байдлаар худалдсан байсан юм. Театр, чуулгууд ойрын үед хэрхэн ажиллах талаарх зохих зөвлөмжийг өгөх биз ээ.
Ер нь мэргэжлийн урлагийн байгууллагуудад байдал ямаршуу байгаа талаар өнгөрсөн баасан гарагт сурвалжлан, мэдээлэл бэлтгэсэн юм. Нэг суудал алгассан байдлаар тасалбар худалдаж, сонгодог жүжигт үзэгчдээ залсан. ДБЭТ үүдэндээ ариутгалын орчин үеийн төхөөрөмж тавьчихсан, гаднаас орж ирэх хүмүүсийг хилийн шалган нэвтрүүлж буй мэт хянаж байна. Улсын филармонийн уран бүтээл хариуцсан удирдлага УОК-ын саналыг үндэслэн гаргасан Засгийн газрын тогтоол болон салбарын сайдынхаа тушаал зэрэг “цаас”-ыг нэгээс нөгөөд дамжуулан, учрыг нь олох гэж бие биедээ өгч, авахтай таарав. Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр “Энэ албан бичгүүдэд хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн заалтууд байх юм. Хэд дахин уншлаа, яаж ажиллахаа мэдэхгүй л байна.
Энд “Хүний нөөцийн хүчин чадлын 50 хувийг ашиглана” гэжээ. Манай байгуулагын хувьд уран бүтээлчдийн 50 хувь болох юм уу, захиргаа, аж ахуйн албаныхныг оролцуулж тооцох юм болов уу. Тэгснээ тэнд “Ажиллагсдын 30 хувийг ажлын байранд цуглуулна” гэсэн байна. Байн байн шалгалтаар ирдэг мэргэжлийн хяналтынханд урлагийн байгууллагын ажиллах журам арай өөр байх шаардлагатай байна гэж хэлэхэд “Нийтлэг журмаа барина. Зөрчиж байгаад торгуулав” гэж даналзана. За, энэ ч яах вэ, ингэсгээд өнгөрдөг юм байж. Цаашид уран бүтээлийн зардал гэж өгөхгүй гэнэ. Мөн тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажиллуулж олгодог цалинг царцаа гэжээ. Симфони оркестрт туршлагатай олон хөгжимчин гэрээгээр ажилладаг. Тэд мөнгөгүй ажиллахгүй, тэгэхээр хөгжим бүрэн дуугарахгүй, яах юм болж байна” гээд инээв.
Тус байгууллагын уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы өчлийг хүргэе. Хөгжимчид тоглохдоо бөхчүүд шиг тэврэлдэж ноцолдохгүй шүү дээ. Гар гараасаа ч барихгүй, Тэгэхээр гараа угааж, ариутгаад, амны хаалт зүүн, хоорондын зай барьж суугаад бэлтгэл сургуулилалт хийж болохоор байлаа. Тэр ч бүү хэл, олон нийтэд урлагаар үйлчлэх үүргийн хүрээнд гадаадын уран бүтээлчид шиг албан ёсны тоглолтыг үзэгчгүй хийж, онлайнаар цацаж болох байв. Телевизүүдтэй хамтарч болно.
Үүний тулд өдөр тутмын бэлтгэл хэрэгтэй. Соёлын яамнаас уран бүтээлчдийг видео контент хийж түгээ гэж шаардаж байсан л даа. Бид боломжоороо хийж байсан ч бодит байдал дээр асуудалтай. Гэртээ давтахаар хөршүүд нь хана, халаагуур (паар) нүдэж айлгаад хэцүү. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэхээр ажил дээр хориотой. Сул цалин авч байгаадаа сэтгэл зовно. Иймэрхүү байдалтай үндсэндээ нэг жил боллоо.
Тэгэхээр санаагаар болдог бол манай яам УОК-д учир байдлыг тайлбарлаж, зарим шийдвэрийнх нь тодорхой заалтыг мэргэжлийн уран бүтээлчдэд хамаатуулахгүйгээр гаргуулахын төлөө тэмцмээр. Яагаад одоо энэ тухай яриад байна вэ гэхээр цаашид ийм нөхцөл байдлын үед мэргэжлийн урлагийн буюу үйл ажиллагааны онцлогтой байгууллагуудыг ажиллуулах стандарт тогтоогоосой, нийтлэг зарчим гээчид бусад, гэрээсээ саадгүй ажиллах боломжтой хүмүүстэй адилтгаж бүү хамруулаасай гэж хэлэх гэснийх.
Тэрбээр ийнхүү өчихдөө бага зэрэг бухимдангуй “Засгийн үе үеийн эрх баригчид мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийг улс төрийн хожоо, онооны эрх ашгийн үүднээс хоморголон дайчлах аястай хандахад нь дургүйцдэг, тухай бүрт нь ёгтолж ч болов дуугарч байлаа. Харин саяхан МАН-ын 100 жилийн ойн концерт зохион байгуулах үед олон нийтийн ярьдагчлан улстөрчид “Ковид ба …” гэдэг жүжиг тоглоод байна уу гэж хардахад хүрлээ. Хөгжимчдийг ажлын байрандаа цуглаж болохгүй, цагдана, торгоно гэдэг атлаа тэрхүү концертод УДБЭТ-ын болон Улсын филармонийн оркестрыг хоёуланг нь дуудаж, дараалуулан тоглуулав. Иргэдэд PCR шинжилгээ хийж, хариуг нь өгөх гэж өдөр, хоногоор уядаг хэрнээ МАН-ын байр луу тэр олон уран бүтээлчийг маш түргэн шинжилж оруулав.
Хариуг нь гаргах хүртэл удлаа гэхэд 25 минут зарцуулж байсан. Эрх баригч намынхаа, улс төрийн ажлаа ийм түргэн шуурхай явуулдагтай адил бусад, олон нийтийн эрх ашгийн төлөөх ажилд ч шуурхай байгаасай. Ер нь уран бүтээлчдийг тайзан дээр тоглож, хүн зугаацуулагч мэтээр хардгаа болимоор юм. Баярын өмнө баахан “төмөр” зүүж өгдгөө татах хэрэгтэй байна. Нийгэмд үзүүлдэг урлагийн нөлөөллийг үнэлж сураасай. Олон нийтийг урлагаар дутаах биш, харин түүгээр эмчилж болно гэдгийг ойлгоосой. Сэтгэл засал бол аливаа өвчний 80 хувийг эдгээх суурь болдог гэдэг. Урлагаар ард түмнийхээ дархлааг сайжруулаач гэж эрх баригчдад хэлье” гэв.
УДБЭТ-ын уран сайхны удирдагч, Гавьяат жүжигчин Б.Солонго “Манай театр энэ сарын 20-ноос үзэгчдээ хүлээж авахаар бэлтгэж байна. Ариутгал, халдваргүйтгэл талд үзэгчид санаа зоволтгүй. Бүхнийг чанартай сайн бэлтгэсэн. Эхний ээлжид намар театрын улирлын нээлтийн үеэр тасалбарыг нь худалдсан жүжгүүдээ үзүүлнэ. Мөн “Балетын хөгжил сан”-тай хамтарч ажиллах хүрээнд “Цөмөөхэй” балетыг хүргэнэ. Тоглолтын хөтөлбөрийг долдугаар сарын 1 хүртэлх хугацаатай гаргасан. Байдал ямар байхыг одоогоор хэлэх аргагүй.
Энэ улиралд Ж.Пуччинийн “Турандот” дуурь тавихаар төлөвлөсөн байсан юм. Италиас найруулагч, удирдаач урьж ажиллуулахаар бүхий л бэлтгэлийг хангаад байлаа. Одоогоор шинэ мэдээлэл гэх юмгүй байна. Гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг маань найруулагч болохоор суралцаж байгаа. Ахмад хөгжимчдөд цалин олгох боломжгүй гэсэн мэдээлэл бол шинэ тутам бөгөөд түгшүүртэй байна. Оркестрт тэдний туршлага хэрэгтэй. Сургууль төгсөөд удаагүй залуучууд хөгжмийг тэдэн шиг өнгөтэй сайхан дуугаргахгүй. Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн хүрээнд мэргэжлийн хяналтынхны хараанд ажиллаж байна” гэлээ.
Монголын үндэсний урлагийн цөм байгууллага ҮУИТ-ын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай уулзсан юм. Тэрбээр улс төрийнхний “явдал, суудал” урлагт гацаа үүсгэж байна хэмээв. Тус театрын барилгын ажил удааширчээ. Газар нь бэлэн. Санхүүжилт нь ч шийдэгдсэн. Түрүүчийн Засгийн газар, Ерөнхий сайд бүхнийг шийдээд өгсөн атал өдгөө шинэ засгийн шинэ тутам Соёлын яаманд асуудал түгжигдчихэж гэнэ. Бичиг цаас, яам хоорондын харилцаа талд өөриймсгөөр хандан, бүтээх сэтгэлээр “гүйх” мэргэжилтэн байхгүй.
Түрүүчийн сайдын үед хэн нэгэн хариуцаж авсан бол өнөөдөр бүтээчихсэн, барилгын суурийг цутгах тийшээ болчихсон байх байж. Ийм байдалтай арван сарыг үдсэн тухай юутай ч одоогийн сайдад хэл дуулгаад байгаа гэнэ. Хариуцах эзэнгүй байж байтал театрын барилгад зориулна хэмээн товлосон гадаадын маш их хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг өөр тийш чиглүүлчих вий гэхээс сэтгэл нь ихэд зовниж буй тухайгаа маэстро ярилаа. Мөн тэрбээр “Засгийн газар байн байн солигдох бүрийд ажил эзгүйрдэг. Тэр хооронд олон асуудал ангал руу ороод алга болчихдог.
Урлагийн салбарт шийдэл хүлээсэн олон асуудал хуримтлагдлаа. Хүний, мэргэжилтний нөөцгүй боллоо. Манай үндэсний найралд гэхэд олон хөгжимчин дутуу байна. Дуу, хөгжмийн ангид концертмейстер байхгүй олон жил боллоо. Бүжиг ангийн хоёр төгөлдөр хуурч маань нас 70 хүрсэн. Урлагийн байгууллагуудыг мэргэжилтнээр тасралтгүй хангах үүргийг Консерватор хүлээдэг. Тэднийх яагаад оюутан төгсгөж чадахгүй байгаа юм бэ. Төгссөн нь юуны учир ажиллахгүй байна вэ. Ингээд яривал асуудал олон. Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийг уран бүтээл, уран сайхны бодлого хариуцдаг дарга нар, найрал хөгжмийн ерөнхий удирдаачтай нь хааш нь л бол хааш нь “тууж” аваачин, хүссэнээ тоглуулах хандлага газар авлаа. Дуучид, хөгжимчдөд мэргэжлийн бус, бүр зүй бус шаардлага тавьж, улмаар гүйцэлдүүлж байна. Хамгийн сүүлчийн жишээг аваад үзье.
Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МАН-ын 100 жилийн баярын концертоор оркестрын хөгжимчдийг гар, Ардын жүжигчнийг “ам бариулав”. Хааяа аргагүй шаардлагаар “ам бариулдаг” л даа. Гэхдээ тухайн дуучин өмнө нь өөр оркестртой ч юм уу, эсвэл төгөлдөр хуурчтай дуулсан цэвэр, өөгүй бичлэгт бол өөр хэрэг. Гэтэл сая Ардын жүжигчин А.Долгор өмнө нь дуулж байгаагүй, сонсоо ч үгүй, есөн шидийн аргаар бүтээсэн фонограммд “ам барьж” дуулсан болов. Манай театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Н.Амгаланг “Хурд” хамтлагтай өрсөлдүүлэх гэж байгаа юм шигээр давчдуулав. Үүнийг урлаг гэж андуурч байгаа бол, уучлаарай. Дахиж хэн нэгэнд ингэж түрэмгийлэхийг зөвшөөрөхгүй. Янз бүрийн шоу тоглолтын талбарт яаж ч өрсөлдүүлж, бахардуулж байх нь хамаагүй. Улсын байгууллага урлагийг урлаг чигээр нь хөгжүүлэх бодлого баримтална. “Ковид” мөнхийн юм биш, арилна. Харин урлаг бол мөнхийн бөгөөд мөн чанарыг нь алдагдуулж болохгүй үнэт зүйл юм” хэмээв.
Монголын мэргэжлийн урлагийн гал голомтыг сахиж, хамгаалан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уран бүтээл хариуцсан удирдлагууд ийнхүү ярьцгааж байна.
Улстөрчдийн будлианы харгай салбар бүрт гай тарьдгийн жишээ урлагт нөлөөлж буй бололтой. Учир ургасан бол уг үндсээр нь янзлахгүй бол улам үжирч, үмхийрэх байх даа.