Кино ба "насанд хүрэгсдийн цэцэрлэг"
Монголын нийгмийн оюун санаа хэрхэн доройтож, Төрийн ажил үүргийг ямархуу цар хүрээнд ойлгодог болсныг Монголын улс төрийн сүүлийн үеийн үйл явдлууд тов тодорхой харуулах боллоо.
Шуудхан хэлбэл МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн ЗГ огцорч, шинэ Засгийн Газрыг томилсон үйл явц, түүний дараахи үйл явдлууд Монголын төрийг “Насанд хүрэгсдийн цэцэрлэг” болгочихсныг ойлгуулж өгч байх шиг.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн тэргүүлж байсан ЗГ-аа огцорч байгааг мэдэгдэхдээ “улс төрд ёс суртахууны шинэ жишиг тогтоож” байгаагаа сүржин мэдэгдсэн ч тэр нь юм ойлгодог иргэдийн хувьд “Зугаалж ханалаа. Арын ажил хэцүүдлээ!” гэх шиг сонсогдсон.
“Энэ нөхөр ар хударгаар улс нийгмийг хохироосон ямар нэг хэрэг тарьчихаад л зугатах шиг боллоо доо?! Юу хийчихэв!” гэж хардах сэтгэл ч олон хүнд төрсөн. Тэр нь ч удалгүй ил болж “Сү.Батболдын” гэх хэрэг босож ирэв.
Гэвч “дарга болж тоглох” явдал У.Хүрэлсүхээр дууссангүй. Дараагийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний томилгоо нь “хүүхдийнхээ урмыг бодож амаа жимийсэн эцэг эхийн сэтгэл”-ийг нийгмийн сэтгэл зүйд үүсгэв. Өөрөөр хэлбэл ямар ч гэсэн харзаная гэсэн сэтгэлгээ.
Өмнөх нийгмийн үед дуулгаваргүй зарим бандийг цэрэгт явуулж жаахан ухаан суулгахаас гэж зарим эцэг эх ярьдаг байлаа.
Харин одоо баяжиж хөлжсөн эцэг эх нь хэлээ хазсан эрх танхи хүүхдээ сатааруулахын тулд, ЗГ-ын гишүүн болгодог болсныг үзэв.
Соёлын сайдаар нэр дэвшсэн Ч.Номин гэх нэг жаахан охин УИХ-ын гишүүний асуултанд “ажилтайгаа танилцаж мэдээд 6 сарын дараа танд хариуг нь өгье!” гэж хариулж байгаа нь “хэвлүүхэн” гэдэг нь.
Нээрээ хүүхдийг гэнэтхэн “Соёлын сайдын дүрд тогло” гээд “тайзан дээр” түлхээд гаргачихаж байгаа юм чинь 6 сар байтугай 4 жилийн дараа ч гэж хэлсэн яадаг юм бэ!
Адтай “золиг” нөгөө Украйны “Ард түмний зарц” гэдэг киног үзчихсэн байгаа байхгүй юу!
Уг кинон дээр Түүхийн багш залуу гэнэтхэн “Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр сэтгүүлчийн асуултанд “би ажилтайгаа танилцаж судлаж мэдээд эргэж тодорхой хариу өгье” гэж хариулж, байдаг даа!
Дашрамд дурьдахад “Ард түмний зарц” хэмээх уг кино бол “тархи угаах технологи” /хууран мэхлэх шилдэг аргачлал/-ийг Украйны сонгуульд ашигласан “сонгодог” жишээ юм.
“Төр гэдэг бол “хөшигний ард” мөнгөний хүч үйлчилж, түүнийг тойрсон луйвар булхай, элдэв хуйвалдаан явагдаж байдаг газар. Түүнээс ч өөрөөр байх боломжгүй. Ер нь хүн болгон л ашиг сонирхлоо хамгаалах нь зүй ёсны үзэгдэл. Гэхдээ жаахан ч гэсэн ард түмнээ гэсэн хандлагатай тэр түүхийн багш залуу бол сайн удирдагч” гэсэн ойлголтыг тус киногоор нийгмийн оюун санаанд суулгаж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэчихээд дараа нь тэрхүү гол дүрийн жүжигчин В.Зеленскийг нэр дэвшүүлэн Ерөнхийлөгч болгосныг бүгдээрээ мэдэж байгаа.
Төрийн албыг улс орны амьдрал байдал, ахуй нөхцлийг сайн мэддэг, удирдаад аваад явах нэр хүнд, ноён нуруу, ажил амьдралын их мэддэг, туршлагатай хүн л хаших ёстой гэдэг ойлголт аль хэзээний байхгүй болж, чадах эсэхийг нь харж л байя даа гэх хүнийрхүү сэтгэлтэй болсон манайханд ч тус киноны “мангуу болгох” нөлөө үйлчилсэн л бололтой.
Ер нь ЗГ-ын гишүүнийг сонгох шалгуур нь юу байсан юм бол гээд ажиглахад Ерөнхий сайд үеийн найз нөхдөө хань татаж цуглуулаа юу гэмээр харагдахын зэрэгцээ хамгийн нийтлэг нэг түүх нь АНУ-д ямар нэг сургууль төгссөн гэсэн үзүүлэлт байсан нь гадны зөвлөмж нөлөө орсныг ч илтгэнэ.
Монголын Төрийн өндөр албан тушаалд хүн томилох сонгоход гадныхан ихээхэн нөлөөтэй оролцож, өөрсдийн бэлтгэсэн хүнийг авчирч тавиад байгаа дүр зураг өмнө нь ч харагдсаар ирсний нэг жишээ нь УИХ-ын даргын суудалд Занданшатарыг АНУ-аас ирмэгц нь залсан явдал юм.
Ямар ч гэсэн сүүлийн үед Монгол төрийн өндөр албан тушаалд зориуд шилж сонгосон мэт сүржин яриатай, даржин ойлгоцтой, барууны суртлын ягшмал онолд баригдсан явцуу сэтгэлгээтэй хүмүүс тавигддаг болсон нь, тэдгээр нь ёс мэт АНУ-д нэг сургууль курст суралцаад ирсэн байдаг нь нийтлэг жишиг болсныг үгүйсгэх аргагүй байгаа.
Шинэ ЗГ-ын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн намтар болоод үг, үйлдэл ч тэр жишгээс гажсангүй.
Түүнийгээ ч батлаж “Монгол эрчүүд шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирээд, пицца, хорхог идээд байдаг архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой буруу зуршлаасаа болоод наслалт нь эмэгтэйчүүдээсээ 10 насаар багасаж, маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох гэж байгааг, Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ авах, гэрлэлт залуужиж хүүхэдтэй болоод байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, эмэгтэйчүүдийг цэрэгт татахаас өөр гарцгүй болгож байгаа”-г хурцаар ярих хэрэгтэй болсон тухай хэлсэн үг нь олны шүүмжлэл дагуулаад эхлэлээ.
Улс орны амьдралын талаархи Ерөнхий сайд залуугийн маань ойлголт, мэдлэг энэ л дээ. Үзэж мэдсэн хүрээндээ л ярьж байгааг нь буруутган зэмлэх аргагүй ээ, хөөрхийг.
Түүний хүрээллийн найз нөхөд нь иймэрхүү маягаар амьдардаг гэдгийг ч ард иргэд ерөнхийдөө мэдэж байгаа.
Хийх ажилгүй зугаацаж, наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй, машин унаж, гэдсээ унжуулан алцаганасан, энд тэнд очиж охид бүсгүйчүүдийг жирэмсэн болгож хаяснаа ид бах болгон, төсвийн хөрөнгө, улсын баялгийг тендер хуваах гэх мэтээр хэрхэн хулгайлж луйвардах, хэндээ хэр хувь хүртээхээ ярилцаж амралтын газар хэсэж явдаг эрх баригч намуудын бөөрөнд наалдсан иймэрхүү залуус цөөн бус байгаа./Жишээ баримт нь хэвлэл мэдээллээр бишгүй л цацагдаж байгаа/
Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр Ерөнхий сайд маань тэр явцуу хүрээллээ улс нийгмийн нийтлэг амьдрал гэж ойлгож, тэр ойлголтынхоо үүднээс эмэгтэйчүүдээ цэрэгт явуулж хүн амын өсөлтийг зогсоох /хариас удирдан залж чиглүүлж буй бодлогын/ “төлөвлөгөөгөө” ам алдав.
Мэдээж энэ нь олон хүнийг цочирдуулж, зарим нь шүүмжилж, нөгөө хэсэг нь өмгөөлөн хамгаалж, “Одоо муулж шүүмжлэхээ урдаа барьдаг аа болихгүй юу. Монгол насанд хүрэгчид ээ. Муулахаас өөр юу чадаад байгаа юм бэ? Ичээч. Энэ залууг ядаж муулалгүй ажлыг нь хийлгэ” / Зочин [ 124.158.83.248 ] 2021.03.05/, “Хүний Ярьж хэлсэн үгийг нь урж тасдаж эвлүүлээд хэвлэл мэдээлэлд байршуулан иргэдийг бухимдуулж нийгмийг талцуулахаа болиочээ.” /Чимэд [ 202.126.88.199 ] 2021.03.05/ ... гэх зэргээр мэдээллүүдийн дор талцан хэрэлдэж гарцгаалаа.
Үр хүүхдээ өмөөрөх эцэг эхчүүдийн, ах дүүс, найз нөхдийнх нь сэтгэлийг ойлгож л байна л даа!
Тиймээс ч Ерөнхий сайд болоод ЗГ-ын гишүүдийг ч шүүмжлэх гэсэнгүй. Харин амьдрал мэдэхгүй ийм “балчир хүүхдүүд”-ийг Төрд залчихаад улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдралыг хангах зөв шийдвэрийг, үр дүнтэй ажлыг тэднээс шаардах, хүлээх нь шүдний чигчлүүрээр дүнзэн байшингийн дам нуруу хийх гэж зүтгэхтэй адил Монголын нийгэм оюун санааны “балайралд” орсны шинж гэдгийг л сануулах гэсэн юм.
Энэ бол Төр засгийн ажил алба, үүрэг хариуцлага гэдгийг “тоглоомын талбайд” хүүхэд тоглуулахын дайтай боддог болсон эрх баригч намуудын, мөн тэр хэмжээнд хүлээн авдаг болсон ард иргэдийн сэтгэцийн ядуурлын зүй ёсны үр дүн.
Ингэж хэлэхээр хөрөнгөжсөн эцэг эхчүүд “Насанд хүрэгсдийн цэцэрлэг байхгүй юм чинь өөр яах юм бэ?!” гэж өөрсдийгөө зөвтгөх байх л даа. Түүнийг нөхцөл байдалдаа хашигдсан сэтгэлгээ буюу “нүхэн дотроо сэтгэх” гэж нэрлэдэг юм.
Ардчилал, даяаршил, хүний эрх гэж ухаан мэдрэлгүй даган орилолдох хүртлээ дийлэнхи нь шүтэн биширдэг болсон барууны мөнгө санхүүгийн эздийн неолибериал суртал, зөвхөн өөрсдийнхөө тансаг амьдрал тав тухыг авч үлдэхийн тулд тэрхүү суртлыг улайран хамгаалж, яахаас ч буцахгүй болсон хэсэг бүлгийн хүчин чармайлт нийлээд энэ бүх үйл явцыг нөхцөлдүүлж ирсэн юм.
Аливааг зөв ухаарч ойлгож чадахгүй бол, түүний тулд зөвхөн өөрийн ашиг сонирхлоор нийгмийн үйл явцыг дүгнэдэг, ханддаг аминч бэртэгчин сэтгэлгээнээсээ жаахан ч гэсэн хөндийрөхгүй бол нийгмийн “балайрал” улам нэмэгдсээр та нарыг ч хамтад нь “адгуусны сүрэг” болгох “хувьсал” тун ч хурдацтай явж байна шүү, “эцэг, эхчүүд”-ээ!
О.Лхагвадорж