Хавар аж ахуйн нэгжүүд илүү их хямарна
МҮХАҮТ-аас таамаглаж буйгаар гурав, дөрөв, тавдугаар сард эдийн засаг илүү их хямарч, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндхэн тусах нь. Засгийн газрын судалгаагаар өнгөрсөн саруудад 68.9 мянган ажлын байр устаж үгүй болсон хэмээж буй. Харин МҮХАҮТ-аас бодит амьдрал дээр үүнээс илүү хохирол учирсан гэлээ.
Ялангуяа, хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 76 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, жижиг дунд, хийгээд томоохон аж ахуйн нэгжүүд маш их сул зогсож, улмаар цомхтгол хийсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 100 хоног хатуу хөл хорио тогтоосноос 400 мянга гаруй иргэн ажилгүй болжээ. Үүнийг “МҮХАҮТ-аас “Ковид-19”-тэй холбоотойгоор 2020 оны турш үргэлжилсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого асар буруу байсан, төсвийн болоод мөнгөний бодлого уялдаагүй учраас цусны эргэлт муудсан. Эргэлт талаасаа ч, эрэлт талаасаа ч, нийлүүлэлт талаасаа ч эдийн засаг хүндэрсэн хэмээн дүгнэж буй. Улмаар Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, иргэдийг мөнгөжүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгцээ бийг тус танхимаас анхааруулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний гарцыг эрс нэмэгдүүлэх нь чухал гэнэ. Тодруулбал, түүхий эдийн биш эцсийн бүтээгдэхүүний экспорт хийх хэрэгтэй. Үүний тулд нүүрс жонш зэргээ боловсруулах үйлдвэр барих ёстой гэсэн юм. Сүүлийн үед дэлхийн зах зээлд эдгээр түүхий эдийн үнэ өсөж байгаа гэнэ. Дээрх өсөлтийг эдийн засгийн бодит үр өгөөж болгохын тулд төр засаг хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшилд итгэл өгч, түншлэх ёстойг МҮХАҮТ сануулсан. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ гэж буй. Гэхдээ болж өгвөл 2021 онд 50-60 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээсэй хэмээн эдийн засагчид хүсэж байна. Ингэж байж эдийн засаг хурдан сэргэж, үр дүн гарах аж.