Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдварт цар тахлын халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.
КОВИД-19 халдварт цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна.
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулав.
Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.