Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг “Аппрентис”-ийн шилдэг оролцогчид хаана явна вэ?
Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг "Аппрентис" монголчуудыг хоёр сарын турш ням гарагийн бүр үдэш зурагтын өмнө уяж чадсан. 14 залуу хоёр сарын турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо барилгүй боловсрол мэдлэг, ур чадвараараа ширүүхэн өрсөлдөж, “Таванбогд Хот Пот” ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Бархас ялагчаар тодорсон билээ. Ц.Бархасын хувьд “Ард Холдингс Интернэйшнл” ХХК-ийн захирлын албан тушаалаа авч, ажилдаа ороод удаагүй байгаа юм. Түүний цаашдынх нь ажил, албан тушаал, карьер тодорхой болсон. Тэгвэл нэвтрүүлэгт оролцсон бусад оролцогчдод ч ажлын санал ар араасаа ирсээр байгаа аж. Энэ тухай танилцуулъя.
Шоуны шилдэг оролцогч Д.Бат-оюун "ОРИ Студиос " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авчээ
Шоуны шилдэг оролцогчдын нэг Д.Бат-Оюун шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсрол, хандлага, багаар ажиллах чадвараараа бусад оролцогчдоосоо ялгарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн. Тэрбээр Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авч, бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор болсон байна.
“Ори студиос” ХХК нь кино, контент үйлдвэрлэлийн салбарт шинээр төрөн гарч буй бөгөөд соёлын өв, үндэсний зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах кино, контентыг бүтээх бөгөөд олон улсын кино багийн хамт олонтой хамтран ажиллах юм байна. Д.Бат-Оюун Их Британи улсын “WALES”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний англи хэлтэй.
Ажлын туршлагаас танилцуулахад:
- 2007-онд “Гоёо” ХХК-д нягтлан,
- 2007-2010 онд “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан
- 2010- онд “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер,
- 2012-2013 онд “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч,
- 2013-2014 онд “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан бодогч,
- 2015 оны арванхоёрдугаар сараас “Наран мандал” компанид Санхүүгийн менежерээр тус тус ажиллаж байжээ.
Шоуны шилдэг оролцогч Ж.Эрдэнэбаярыг "Ори Медиа" ХХК-ийн дэд захирлаар томилжээ
Ж.Эрдэнэбаяр нь бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм. Ж.Эрдэнэбаяр шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан юм.Тиймдээ ч түүнийг “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилжээ. Түүний удирдах “Ори медиа” ХХК нь дэлхийн стандартад нийцэхүйц энтертайнментын шилдэг үйлчилгээг Монголдоо бий болгож, дотоодын кино, контент бүтээгчдэд хүртээмжтэй зах зээлийг бий болгох, оюуны бүтээлийг хамгаалах, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, үзэгчдэд албан ёсны эрхтэй, чанартай, шилдэг, оригинал контентыг хүргэх зорилготой аж. Ж.Эрдэнэбаярын ажлын туршлагаас хуваалцвал,
- 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургууль”
- 2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж,
- 2015-2018 “Western Sydney University”,
- 2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн, англи, хятад хэлний ахисан түвшний, япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
- 2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч,
- 2014-2019 “McDonald's Australia” компанийн бүсийн менежер,
- 2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
- 2021 оноос “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.
Шоуны оролцогч О.Амарболд “Ард Лайф” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна
Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг, хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгсөн "Ард Лайф" ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдыг дэмжигчид түүнийг хассанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд идэвхтэй илэрхийлсэн билээ.
Дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэрбээр "Ард Лайф" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ. Түүнийг даруу, соёлтой, эелдэг гээд олон сайн тодотгол дагалддаг. Мөн хасагдах мөчид “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэлийг улам догдлуулсан билээ.
У. Тэргэл
24tsag.mn