Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүнийг сонгосон нөхрөөр нь дүгнэж болно
МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэгийн оролцсон “Улаан бал” нэвтрүүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Таны өмнө нь нэг ярилцлагад “Харамсахгүйгээр амьдарна” гэсэн байсан. Ер нь хүн харамсахгүйгээр амьдрах боломжтой юу?
Боломжтой. Тухайн цаг үед зүрх сэтгэлээ сонсоод, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар тэр зүйлийг хийсэн л бол тэр хэзээ ч харамсах зүйл биш. Миний хувьд харамсах зүйлгүй амьдарч чаддаг. Тэрийг бол үнэхээр хэлж чадна. Харамсах зүйл хийсэн ч дотроо уучлал эрж чаддаг. Мэдээж би хүнийг гомдоохыг хүсдэггүй. Ялангуяа эмэгтэй хүн муу үгэндээ харам байгаасай, эрчүүд нь уучлал гуйж чаддаг байгаасай л гэж боддог доо.
Огт харамсахгүй амьдрах бас боломжгүй юм шиг. Магадгүй хийсэн үг, үйлдэлдээ яг одоо харамсаад сууж байгаа эмэгтэйчүүдэд та юу гэж хэлэх вэ?
Нэгэнт өнгөрсөн юм бол ӨНГӨРСӨН. Өөрөө өөрийгөө уучлах нь хамгийн зөв алхам. Хүн өөрөө өөртэйгөө л хамгийн сайн найз байх хэрэгтэй. Өөртөө хайртай байх хэрэгтэй. Дотор хүнтэйгээ найз байхыг хичээдэг нь миний зарчим. Хүн юу гэж хэлэх нь тийм ч хамаатай зүйл биш.
Та хэр шүтлэгтэй вэ, үйлийн үр гэдэгт итгэдэг үү?
Үйлийн үр бол өгөгдөл. Аятайхан үйлийн үртэй байгаасай л гэж боддог. Үйлийн үр гэдэг юм зайлшгүй байдаг. Нимгэхэн үйлийн үртэй байлгая гэвэл бурхнаас чамд өгсөн тэр давуу тал, авьяас чадвараа л сайн ашигла. Тэгвэл дараа нь зэмлүүлэх зүйл гарахгүй. Хүн болгон хорвоо дэлхий дээр үүрэг даалгавартай л ирсэн байх гэж боддог. Түүнийгээ сайн хий. Тэр нь чамайг эргээд шагнана.
Эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүнд дурлаж болох уу? Дурлачихвал энэ нь үйлийн үр болох уу? Шийтгүүлэх болов уу?
Хүний сэтгэл зүрх хязгааргүй чөлөөтэй. Үнэн зүрх сэтгэл бол тэр хэзээ ч шийтгэгдэх асуудал биш гэж бодож байна. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Хэн нэгний өмнөөс үхдэггүйтэй адил хэн ч, хэзээ ч хүний өмнөөс эдлэх ёстой тэр хайр, мэдрэмжийг мэдэрч чадахгүй шүү дээ. Харин чиний хажууд байгаа хүн танд бүх зүйлийг тань өгч байвал өөр хүн хараад байх шаардлага байхгүй. Үнэхээр энийг мэдэрсэн юм чинь үхсэн ч яахав гэх мэдрэмж төрж байвал л энэ гэмтэй зүйл биш. Дурлал бол маш том бэлэг.
Шулуухан хэлэхэд олон дурлалтай учирсан эмэгтэй хүнийг нийгэмд онцгүйгээр хэлдэг. Явдалтай, хөнгөмсөг гэх мэтчилэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Яг үнэндээ өөр хүмүүсийн юу гэж бодох тийм ч хамаатай зүйл биш. Эмэгтэй хүний зүрх сэтгэл гэдэг үнэхээр агуу байдаг. Далайн гүнээс ч гүн гэж Титаник кинонд ч гардаг. Гол зүйл нь эмэгтэй хүн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй. Өөрийгөө таньсан, зүрх сэтгэлээ олсон цагт нүд нээгддэг. Мэдрэмжээ л хуурахгүй байх нь аз жаргал.
Үлгэр домогт, кинонд үнэнч хайр сэтгэлийн тухай гардаг. Жинхэнэ хайр гэж байдаг уу?
Үнэнч хайр сэтгэл хэзээ ч, хаана ч байхгүй. Байсан ч их ховор. Энэ бол цаг хугацаанд хэмжигдэх хоромхон зуур өөрчлөгдөж болдог асуудал.
Хайр хугацаатай юу?
Хайр хугацаагүй. Дурлал хугацаатай. Дурлал нь бол гормоны асуудал байхгүй юу. Лаа асч дуусаад унтардагтай адил. Бүх юм хоосон чанарынх.
Бид биенээ их сонин хайрладаг. Нэг талаараа хариу нэхэж, өмчлөөд байгаа ч юм шиг. Хайр гэдэг нь өгдөг зүйл юм уу, авдаг зүйл юм уу. Бусдын төлөө хайрыг асгах боломжтой юу?
Би урьд нь эмэгтэй хүн бол хайрлуулах ёстой гэж боддог байсан. Хайрлуулж л байвал аз жаргалтай байхын бол уу гэж бодсон. Гэтэл сүүлд юуг ойлгосон бэ гэвэл хэн нэгнийг хайрлавал бүр илүү их кайфыг мэдэрдэг юм билээ. Өөрөөр хэлбэл хүнийг хайрлана гэдэг аз жаргал.
Та хэн нэгэнд нөхцөлгүй хайртай болоод түүнийхээ өмнөөс үхэж чадах уу?
Тийм хайртай учрахгүй байх аа. Би 88 насалчихмаар байна шүү дээ. /инээв/
Эмэгтэй хүн эр хүнээс юу хүсдэг вэ?
Зүгээр л яг ард нь бат зогсож байхыг хүсдэг. Ямар ч нөхцөлд. Бүх юман дээр сэтгэл зүрхээрээ чиний дэргэд байдаг хүн. Тэгсэн цагт тэр эрэгтэй хүнийг тухайн эмэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Энд гоо сайхан хамаагүй юм уу?
Хамаатай. Хүмүүс ингэж яриад байдаг юм. Тэр эмэгтэй тэрэнд гоёлчихсон, аль эсвэл тэрийг яаж тоосон юм бол гэдэг ч юм уу. Яг амьдрал дээр ихэнхдээ хосууд бүгд ямар нэгэн байдлаар адилхан. Дугуй дугуйгаа олчихсон байдаг. Эмэгтэй хүнийг сонгосон сонголтоор нь дүгнэж болно.
Тэгвэл эрчүүд эмэгтэй хүнээс юу хүсдэг гэж та бодож байна?
Хамгийн зөөлөн, хамгийн нандин тэр эмэгтэйлэг шинж чанарыг хүсдэг. Би бол тэгж л боддог. Эр хүн эрэгтэй хүнийхээ байранд, эмэгтэй нь эмэгтэйнхээ байранд байж чадаагүйгээс л асуудал үүсдэг байх.
Та хэр хардуулдаг вэ?
Хааяа хардуулах зүгээр шүү дээ. Хардуулахгүй байх бас эвгүй байдаг. Аливаа зүйлд ер нь тун нь таарах их зүгээр. Гэхдээ энд нэг юм хэлэхэд эмэгтэйчүүдийн хар хамгийн үнэн байдаг шүү. Хэзээ ч хажуудаа байгаа эр хүнээ хоосон харддаггүй юм.
Та дурлахаараа яадаг вэ, жишээ нь тэр залуу тань яг өөдөөс чинь хараад сууж байвал яах вэ?
Шууд л хэлнэ. Нуухгүй. Үгээр дамжин чиний сэтгэл, мэдрэмж нөгөө хүнд хамт очдог. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Миний ганц сайн чаддаг юм өөрийгөө сайн илэрхийлдэг.
Та хөгшрөхөөс айдаг уу?
Айдаг. Уул нь миний дотор жоохон дэггүй хүүхэд байдаг шүү дээ. Хүмүүс магадгүй намайг сээтэгнүүр гэж хардаг байх. Би чинь өөрийгөө жоохон дээрээ тавьчихсан, нилээн аятайхан залуу юу гэтэл өөдөөс “Дээгий эгчээ” гэхээр эвгүй байдаг.
time.mn