Сүүлийн 24 цагт 41 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 2907 боллоо
Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн коронавирусийн халдварын тархалтыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 2,907 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 40, аймаг орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эдгээрээс дотоодоос халдвар авсан 40, Алтанбулаг боомтын татан авалтаар ирсэн зорчигчдоос нэг тохиолдол илэрсэн.
Сүүлийн 24 цагт дотоодоос халдвар авсан 40 тохиолдлын 20 нь “Нэг хаалга Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал, 14 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас тандалтаар илэрсэн. Зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлал явагдаж байна" гэв.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ "Вакциныг гурван өрөө дамжиж хийлгэж байна. Эрүүл мэндийн үзлэгт орсны дараа вакцинаа хийлгэнэ. Дараа нь 30 минут ажиглалтад байна. Вакцин хийлгэхдээ дулаан хувцаслаж ирэх, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгээгүй, архи тамхи, сэтгэцэд нөлөөтэй эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Вакцин хийлгэсний дараа тодорхой хэмжээний дэглэм сахина. Ингэхдээ вакцин тарьсан газрыг хөндөхгүй, хоёр өдөр ус хүргэхгүй, вакцин хийлгэсний дараа гурав хоногийн дотор архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч халдвар авч, бусдад тараах эрсдэл байгаа учраас амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барих нь чухал.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд Covid-19 биднээс холдсон юм шиг тайван, назгайрах байдал ажиглагдаж байна. Аюул ойрхон байна. Ялангуяа хаврын улиралд хүмүүсийн дархлаа сулардаг, амьсгалын замын халдварт өвчнөөр өвддөг учраас нийслэл хот халдварын идэвхтэй голомт болох магадлалтай. Тиймээс иргэд анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй."