Жинхэнэ хүн л уйддаггүй, хуурамч хүн уйдах тавилантай
БАГШАА, БИ ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ БАЙХДАА УЙДАЖ БАЙГААГАА МЭДЛЭЭ. БИ АМЬДРАЛЫН АМТЫГ МЭДРЭХГҮЙ ЮМ. ЯАХАВ?
Чи "Би өөрөө өөртэйгөө байхдаа уйдаж байгаагаа мэдлээ.." гэж байна. Энэ бол миний бодлоор агуу нээлт. Их цөөхөн хүмүүс уйдаж байгаагаа мэддэг. Гэтэл тэд уйдаж байдаг, маш их уйдаж байдаг. Тэд нараас бусад хүн бүр үүнийг нь мэдэж байдаг. Өөрөө өөртөөгөө байхдаа уйдаж байнаа гэдгээ мэдэх нь агуу эхлэл. Харин одоо ойлгох ёстой хэдэн зүйл.
Хүн бол уйдахыг мэдэрдэг цорын ганц амьтан. Үүнд түүний маш том давуу тал байдаг. Энэ нь хүмүүст эрхэм чанарыг өгдөг. Та нар хэзээ нэгэн цагт уйдаж байгаа үхэр, уйдаж байгаа илжиг харсан уу? Тэд уйддаггүй. Уйдаж байнаа гэдэг нь зүгээр л та нарын амьдралын хэв маяг буруу байна гэсэн үг. Тийм болохоор, уйтгар нь ямар нэг том үйл явдал болж болох юм, "би уйдаад байгаа учир ямар нэг юм хийх хэрэгтэй, ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй" гэсэн ухаарал болж болох юм. Тийм болохоор, үүнийг мэдрэх нь муу гэж битгий бодоорой. Энэ бол сайны тэмдэг, маш сайн эхлэл. Ганцхан үүн дээрээ л бүү тээглээрэй дээ.
Яагаад хүн уйддаг юм бэ? Хүн бусдын өгсөн үхмэл загваруудаар амьдардаг учир л уйддаг. Тэр загваруудаас нь татгалзацгаа. Тэдний нөлөөнөөс гарцгаа. Бие дааж амьдарч эхэлцгээ. Жинхэнэ хүн л уйддаггүй. Хуурамч хүн уйдах тавилантай. Христчин хүн уйдах болно, жайн хүн уйдах болно, парс хүн уйдах болно, коммунист хүн уйдах болно. Яагаад гэвэл, тэд өөрсдийн амьдралыг хоёр хэсэг болгон хуваадаг учир. Тэдний жинхэнэ амьдрал дарагдсан байдаг. Тэгээд тэд өөр амьдралыг үзүүлэн тоглож эхэлдэг. Тэр жинхэнэ биш амьдрал нь уйтгар төрүүлдэг. Хэрэв та нар хийх ёстой гэж бодож байгаа зүйлээ хийж байвал хэзээ ч уйдахгүй.
Би их сургуульд орох гэж гэрээсээ явсан тэр өдөр ээж, аав, манай гэр бүлийн гишүүд бүгд л намайг эрдэмтэн болоосой гэж хүсч байсан. Эрдэмтэн юм уу, инженер, эмч хүн хамаагүй илүү ирээдүйтэй гэж тэд үзэж байсан. Би эрс шийдэмгий татгалзав. Би: "Би юу хүссэнээ хийх болно. Яагаад гэвэл, би уйтгартай амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Эрдэмтэн боллоо гэхэд би амжилтанд хүрч болно: хангалуун амьдрал, мөнгө, эрх мэдэлд хүрч болно. Гэвч гүн гүнзгий дотроо би уйдах болно. Яагаад гэвэл, энэ чинь миний хийе гэж бодож байсан тэр юм чинь биш" гэсэн.
Тэд яахаа мэдэхээ байсан байдалд орсон. Яагаад гэвэл, философи үзсэнээр ямар ч ирээдүй байхгүй гэж бодож байсан. Философи чинь их сургуулиуд дах хамгийн өрөвдөлтэй хичээл шүү дээ. Тэд дуртай дургүй зөвшөөрсөн, намайг ирээдүйгээ эвдэж байна гэж бодсон. Гэхдээ эцсийн эцэст буруу байснаа ойлгоцгоосон.
Энэ бол мөнгө, эрх мэдэл, нэр төрийн хэрэг биш. Энэ бол хийх ёстой ба хийх ёсгүйн хэрэг. Үүнийг үр дүн харгалзалгүйгээр хийж бай. Тэгээд та нарын уйтгар алга болно. Та нар бусдын бодлыг дагах ёстой, та нар байх ёстой түүгээр байх ёстой, та нар хийх ёстой түүгээр нь хийх ёстой. Энэ бүхэн чинь л уйтгарыг төрүүлээд байдаг юм.
Хүн төрөлхтөн бүхэлдээ уйдаж байдаг. Яагаад гэвэл, мистикч болох ёстой байсан хүн математикч болчихсон байдаг. Математикч болох ёстой байсан хүн улс төрч болчихсон байдаг. Бүгд л өөр өөрийн байрандаа биш байдаг. Эрсдэлтэй байж сурах хэрэгтэй. Эрсдэл хийхэд бэлэн болсон тэр үед уйтгар алга болно. Чи: "Би өөрөө өөртэйгөө байхдаа уйдаж байгаагаа мэдлээ.." гэж байна. Та нар өөрөө өөрсөдтэйгөө чин сэтгэлээсээ биш, шударга биш, өөрийн мөн чанарт хүндэтгэлгүй хандсан учир уйтгартай байгаа юм. Чи: "Би амьдралын амтыг мэдрэхгүй юм.." гэж байна. Яаж түүнийг мэдрэх юм бэ? Тэр амт чинь юу ч байсан юу хүсч байгаагаа хийж байсан тэр үед л бий болно.
Аниргүй бясалгалын төв