Үүрэг хүлээсэн цэргүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг хэзээ, хэрхэн таслан зогсоох вэ?
Цэргийн алба хаагчид нэгнээ, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь хүний эрх зөрчиж буй үйлдэл хэмээн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Бичлэгт гарч буй үйл явдал 2020 онд болсон аж.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр дараах тайлбарыг хийж байна.
Тэрбээр "Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийн учир шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэхүү бичлэг нь өнгөрсөн оны есдүгээрд сард 032-р цэргийн ангид цэргүүд хоорондоо дүрмийн бус харилцаа гаргасан талаарх бичлэг байсан. Одоогоор тухайн ангид шалгалт явуулж байна. Бусадтайгаа зүй бус харьцсан цэргүүд үүрэгт албанаас чөлөөлөгдөхөөсөө өмнө ийм үйлдэл гаргасан.
Харин дэглүүлсэн цэргүүд үүрэгт албаа хааж, анги нэгдлийн өдөр тутмын арга хэмжээнд хэвийн оролцож байна. Ийм хэрэг гарсанд нийт ард иргэдээсээ хүлцэл өчье. Цэргүүд чөлөөт цагаараа ийм зүй бус үйлдэл гаргасанд харамсаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард ийм зүйл болсныг мэдээгүй. Харин цахим сүлжээнд уг бичлэг цацагдсанаас хойш ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Бичлэгт гарсан цэргүүдээс хэдэн хүнд хариуцлага тооцох нь тодорхойгүй байна" гэв.
Энэ бол нийгэмд ил болсон хэргүүд дээр Батлан хамгаалах салбарын дарга нар тайлбар хийгээд өнгөрдгийн нэг жишээ. Гэвч бодит байдал дээр өөрчлөлт гардаггүй гэдгийг хэлэх, батлах олон хүн бий.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн хуульчилсан байдаг.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэрэгт очсон залуухан хүү хэн нэгний доог тохуу болж байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл цэргийн ангиудад хэр хэмжээнд байгааг харуулж байна гэж хэлж болно.
Саяхан л гэхэд Дорноговь аймагт нэгэн цэрэг амиа егүүтгэсэн байдалтай олдоход ар гэрийнхэн нь цэргийн анги дахь дарамт шахалтаас үүдэлтэй хэмээн мэдэгдэж байв. Үүнээс өмнө 2019 онд тус аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг бусдаддаа зодуулж, нас барсан гээд дурдаад байвал олон жишээ бий.
Шинэ цэргийг дээрэлхэж, доромжлох бол энгийн зүйл болтлоо хавтгайрсан. Ингээд зогсохгүй зодуулж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг хэзээ, хэрхэн таслан зогсоох вэ.