Цахим сүлжээнд цацагдаад буй шүүгч нартай холбоотой бичлэг дээр гардаг "Дори" гэгчийг цагдаа нар байцаахдаа эрүүдэн шүүсэн хэмээн түүний өмгөөлөгч үзэж Улсын прокурорын ерөнхий газарт шалгуулах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгаж эхлээд байгаа талаараа албан бичиг өмгөөлөгч Д.Баттулгад ирүүлжээ.
Шүүгч нарыг биеэ үнэлэлт зохион байгуулсан хэмээн нотлох баримтад үндэслэн шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлсэн.
Шалгалтын үеэр цагдаагийн алба хаагчид "Дори" гэгчийг гэрээс нь авч гарч, гар утсыг нь булаан авсан, 10 гаруй цаг хоол ундгүй байцаасан, хэлэх үгийг нь заасан зэргийг түүний өмгөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.