Гадаад харилцааны яамнаас гадаадын оронд гацсан иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.2.26/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна. Эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг багасгах, нислэгийн тийзийн үнийг багасгах зэрэг саналыг УОК-т танилцуулж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, тусгаарлах хугацааг багасгаснаар сард 8-13 нислэг үйлдэж, нэг сард 2000 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болсон. Одоогоор агаараар 22677, автозамаар 6710 иргэн эх орондоо ирсэн байна. Улс орны хамтын ажиллагааны үр дүнд эх орондоо ирж буй 943 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн" гэв.