Монгол бол ардчилсан тогтолцоотой хэмээн зарладаг ч уг чанартаа хэдийнэ ардчиллаа гээчихсэн орон. Үүнийгээ эрх баригчид нь хүлээн зөвшөөрдөггүй. Хэдэн жилийн өмнө “Мяньмарын төмөр хатагтай” гэдгээрээ алдартай Аун Сан Су Чи манай улсад айлчилсан.
Энэ үеэрээ “Монгол бол дүр эсгэсэн ардчилалтай орон” гэж хэлээд хөөгдөх шахам буцаж байсныг уншигч та санаж буй за. Уг нь түүнийг угтахдаа манай төрийн түшээд хөлд нь сөгдөх шахсан гэнэ билээ. Энэ бол дүр эсгэсэн ардчилалтай орон гэдгээ эрх баригчид нуухыг хичээдгийн захын нэг жишээ юм.
Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан төрийн үйлдлийг эсэргүүцсэн олон нийтийн төлөөлөл төв талбайд нэгдүгээр сард жагссан. Үүний маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон. Энэ үеэр тэрээр “Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн төр, засагтаа үгээ хэлж, тавьсан шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа хамт үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй Монголын улс төрд шинэ соёл оруулж байгааг үгүйсгэхгүй" гэж хэлээд албан тушаалаасаа буусан билээ.
Манай улсын ардчиллын түүхэнд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байгаа тохиолдол нь энэ. Өнгөц харахад ардчилал мэт харагдана. Гэвч хариуцлагаас бултаж, хүнд хэцүү үед замын дундаас буцаж, дараагийн том “аялал”-даа бэлтгэх гэсэн эрх баригчдын бидэнд зориулсан жүжгийн эхлэл хэсэг юм. Угаас Монголын ардчилал алдаатай, дүр эсгэсэн гэдгийг дэлхий нийт батлаад олон улсад зарлачихлаа. Дэлхий бүхэлдээ ардчиллаасаа ухарч, эрх баригчдын үйл ажиллагаа ил тод бус, иргэдийн эрх чөлөө хумигдсан гэдгийг Их Британид төвтэй “The Economist Intelligence Unit” хэмээх хамгийн том судалгааны байгууллага нотоллоо. Тус байгууллага НҮБ-д бүртгэлтэй 164, дэлхийн нийт 167 улсын ардчиллын нөхцөл байдлыг үнэлсэн үнэлгээ өгөх “Ардчиллын индекс”-ийг жил бүр тодорхойлдог юм.
Дэлхийн хүн амын найман хувь нь бүрэн эрх чөлөөтэй
Цар тахалтай “нөхөрлөсөн” 2020 он дэлхий нийтээрээ ардчиллаа алдаж эхэлсэн жил байсан гэдгийг энэ сарын 2-нд The Economist олон нийтэд зарлажээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, ардчилсан улс төрийн соёл, иргэний эрх чөлөө, сонгуулийн үйл явц ба олон ургальч байдал гэсэн таван үзүүлэлтийг үндэслэн дэлхий нийт хүн амын ердөө 8.4 хувь нь бүрэн дүүрэн эрх чөлөөтэй амьдарч байна гэсэн дүгнэлтээ гаргасан байна. Энэ нь ердөө 23 улс бүрэн ардчилалтай гэсэн үг. Үүнээс үзэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувь нь эрх баригчдаас хараат, авторитар засаглалд амьдарч байна.Ардчиллын индекс нийт 10 байхаас өнгөрсөн онд 5.37-д хүрсэн нь 2006 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Монгол Улсын хувьд 10 онооноос 6.4 оноо авч 167 улсаас 61 дүгээр байрт жагсаж, “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтжээ. Ингэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа, иргэдийн улс төрийн оролцоо, улс төрийн соёл гэсэн гурван үзүүлэлт нь хамгийн муу буюу таван оноо авсан байв. Энэ нь ардчиллын үндсэн зарчим болох төрийн үйл хэрэг ил тод байх, олон нийтийн Засгийн газрын шийдвэрт нөлөөлөх чадвар болон улстөрчдийн ажлын гүйцэтгэл, ёс суртахуун муу байгааг илтгэж байгаа юм.
Эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон хэмээн цаг үргэлж бахархал дүүрэн “хашгирдаг” ч мөн чанартаа иргэд бүрэн дүүрэн эрх чөлөөтэй байж чаддаггүйг дээрх судалгаа баталжээ. Тэгэхээр бид эрх чөлөө хэмээх бичигтэй далбааны цаана нуугдсан эрх чөлөөгүй иргэд. Харин Монгол бол дүр эсгэсэн, алдаатай ардчилалтай орон гэдэг нь нэгэнтээ дэлхийд ил болов. Манай улсын сонгуулийн үйл явц ба олон ургальч үзлийг хамгийн өндөр буюу 8.75 оноогоор үнэлсэн байна. Сонгуульд олон нам, эвсэл өрсөлдөх боломж болон 18 нас хүрсэн ямар ч иргэн санал өгөх эрхтэй байдаг нь энэ үзүүлэлтэд өндөр оноо авахад хамгийн их нөлөөлсөн юм. Гэвч хоёрхон нам ээлжлэн төр барьдаг Монгол Улсад жижиг намуудад ямар ч боломж байдаггүйг, иргэд нь саналаа өөрсдийн оюун санааны шийдвэрээр өгдөггүй гэсэн цаад учрыг дэлхий мэдэлгүй өнгөрчээ.
Монгол бол иргэд нь бүрэн эрх чөлөөтэй, ардчилсан орон хэмээн дэлхийн аль нэг оронд очоод яривал онигоо болох зүйлийг өнгөрсөн 31 жилийн хугацаанд төрийн түшээд хийсэн байна. Үр дүнг нь олон улс алдаатай ардчилал гэж зарлав. Гэхдээ эдийн засаг болон технологийн хөгжлөөрөө дэлхийд манлайлж яваа хөрш хоёр их гүрнээ бид ардчиллын үзүүлэлтээрээ давжээ. Тухайлбал, хойд хөрш ОХУ 3.3 оноогоор 124 дүгээр байрт бичигдсэн бол Хятад улс 2.2 оноогоор 151 дүгээр байрт бичигдсэн байна.
“Америкийн ардчилал ч бүрэн төгс биш, алдаатай”
COVID-19 халдвараас үүдэн ихэнх улс орон хөл хорио тогтоосон нь иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж, ардчиллын үзүүлэлт буурах үндэс болсон хэмээн үзжээ. Бүх нийтээрээ эрх чөлөө, ардчиллыг нь магтдаг АНУ 7.92 оноогоор 25 дугаарбайрт бичигдэж “алдаатай ардчилал” гэсэн ангилалд багтсан байна. Үүнд арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний дэмжигчид зөвшөөрөхөөс татгалзаж, нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордноо эзэлсэн эсэргүүцлийн жагсаал хамгийн ихээр нөлөөлсөн аж.
Харин Тайвань улс 31 дүгээр байрнаас 11 рүү урагшилж бүрэн ардчилалтай гэсэн ангилалд орсон байна. Энэ нь сонгуулийн идэвхтэй оролцоо, тэр дундаа залуучууд нь ардчиллынхаа төлөө тууштай тэмцсэнтэй холбоотой юм. Дэлхийн хамгийн аз жаргалтай орон гэгддэг Норвеги улс 9.81 оноогоор тэргүүлж нэгдүгээрт жагссан бол Хойд Солонгос 1.01 оноо авч хамгийн сүүлд буюу 167-д жагсчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин