Хатуу хөл хориог сулруулсантай зэрэгцээд Монгол Улс даяар вакцинжуулалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг арга хэмжээнд хамрагдаж, “АстраЗенека” компанид гарган авсан вакциныг хийлгэснийхээ дараа коронавирусний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ард иргэдэд хандан уриалав.
Дархлаажуулалтын хүрээнд Засгийн газар эхний ээлжинд дөрвөн төрлийн вакциныг Монгол Улсад оруулж ирэх шийдвэр гаргасан билээ. Эдгээрийг дурдвал:
1. Их Британи-Шведийн "AstraZeneca" компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин
2. АНУ-ын Pfizer компани ба Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн "BNT162b2" вакцин
3. БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан "BBIBP-CorV" вакцин
4. Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ вакцин.
Яг одоогийн байдлаар, БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “АстраЗенека”-гийн 150 мянган тун вакцин, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "BBIBP-CorV" вакцины 300 мянган тунг манай улс хүлээн аваад байна.
Цар тахал үргэлжилсээр буй энэ өдрүүдэд вакцины талаарх манай иргэдийн ойлголт төсөөлөл өөр өөр байгаа нь бодит үнэн. Хүн төрөлхтөний түүхэнд ганцхан жилийн дотор вакцин гарган авсан тохиолдол огт үгүй учраас тухайн вакцины аюулгүй байдал ба гаж нөлөөг нь сайтар судалсан эсэхэд хүмүүс эргэлзэж байгааг буруутгах аргагүй.
Иймээс монголчууд бидний хийлгэх гэж буй эдгээр 4 вакцины талаар уншигчдад товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх, тэдгээр нь ямар давуу болон сул талуудтай болохыг харьцуулан тайлбарлахыг хичээлээ.
АстраЗенека
Эхлээд дарааллын дагуу Оксфордын вакцины талаар товч танилцуулъя. ДЭМБ-ын зүгээс хэрэглэхийг зөвшөөрсөн хоёрхон вакцин байгаагийн нэг нь АстраЗенека бөгөөд ажиллах зарчим, үнэ, үр дүнгийн тал дээр бусад өрсөлдөгч вакцинуудаас нэлээд ялгарч байна. Манай улсад Энэтхэгийн засгийн газрын буцалтгүй тусламжаар ирсэн АстраЗенека бол Энэтхэгийн “Serum” хүрээлэнд “Covishield” нэрээр үйлдвэрлэж буй вакцин юм.
Уг вакцины ажиллах механизм нь матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр бус харин шимпанзе сармагчны аденовируст суурилагдсан /уламжлалт арга/ учраас улс орнуудын зохицуулагч байгууллагууд богино хугацаанд бүртгэн авч, зөвшөөрөл өгөх магадлалтай. Түүнээс гадна, АстраЗенека нь ямар ч шинж тэмдэггүй өвчтөнөөс Ковид-19-ийн халдвар тархах явдлыг зогсоож чадаж байна. Мөн туршилтанд оролцсон залуу ба хижээл насны бүх хүнд ижил тооны эсрэг биет үүсэж, дархлаа тогтсон нь тун чухал үзүүлэлт. Иймээс Их Британид уг вакциныг нас хязгаарлахгүйгээр хийж байгаа бөгөөд аюулгүй, үр дүн сайтай байна.
Мэдээж хэрэг чухал давуу тал бол үнэ. 4 орчим доллар, зарим үед 2,5 доллароор борлуулж буй уг вакциныг үйлдвэрлэгч компани “цар тахлын үед вакцинаас ашиг олохыг эрмэлзэхгүй” гэдгээ мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, тус компани богино хугацаанд асар их хэмжээний вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгохоор төлөвлөсөн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Тухайлбал, 3 дугаар сарын эцэс гэхэд 700 сая тун, энэ оны туршид 3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Өөр нэгэн давуу тал гэвэл, уг вакциныг хадгалах, тээвэрлэхэд тусгай нөхцөл шаардахгүй. Тодруулбал, 2-8 хэмд хадгалдаг учраас эрүүл мэндийн салбарын логистикийн тогтолцоо муутай хөгжиж буй орнуудын хувьд тун дөхөм. Ерөнхийд нь дүгнэвэл, үнэ, тээвэрлэлт, хадгалалт ба хүртээмжийн тал дээр АстраЗенека бусад вакцинаас илт давуу гэдэг нь харагдаж байна.
Харин үр дүнгийн хувьд бусад вакцинаас доогуур буюу 70 орчим хувьтай байгааг дурдах нь зүйтэй. Гэхдээ ДЭМБ-ын шинжээчид “70-аас дээш хувийн үр дүнтэй ямар ч вакциныг бүртгэж авна” гэсэн байр суурьтай байгаа. 70 хувь гэдэг бол ердийн ханиадны вакцинаас /40-50 хувь/ илүү үр дүнтэй гэсэн үг бөгөөд АстраЗенекагийн эдгээр давуу талуудыг харгалзан үзвээс, хөгжиж буй орнуудын хувьд бүх нийтийн дархлаажуулалтын аяны гол вакцин болох нь.
Гаж нөлөөний тухайд, Их Британи, Бразил, ӨАБНУ-д 23 700 гаруй хүнийг оролцуулан 4 удаагийн клиник судалгаа хийсэн байна. Эдгээр хүмүүст вакцин хийсний дараа тариулсан хэсэг нь мэдрэмтгий болох /64 хувь/, тариулсан газарт өвдөх /54 хувь/, толгой өвдөх /53 хувь/, ядрах /53 хувь/, булчин өвдөх /44 хувь/, бие тавгүйтэх /44 хувь/, халуурах /34 хувь/, дагжих /32 хувь/, үе мөчөөр өвдөх /27 хувь/, дотор муухайрах /22 хувь/ шинж тэмдгүүд илэрчээ.
Гэхдээ эдгээр гаж нөлөөний ихэнх нь хөнгөн байдлаар илэрсэн бөгөөд вакцин хийлгэснээс хойш хэдхэн хоногийн дараа арилсан байна. Ташрамд, эхний тунг тариулсны дараа дээрх шинж тэмдгүүд илүү олонтоо илэрсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Хамгийн гол анхаарах зүйл гэвэл, вакцин хийлгэснээс хойш 15 минутын дотор цочмог хэт мэдрэгшлийн хариу урвал /анафилактик/ явагдаж буй эсэхийг ажиглах ёстой. Ийм урвал явагдсан тохиолдолд хоёрдахь тунг хийхийг хориглоно.
Файзер
Pfizer, BioNTech компаниудын хамтын бүтээл болох "BNT162b2" вакцинд ДЭМБ хамгийн түрүүнд хэрэглэх зөвшөөрөл өгчээ. Түүнчлэн Европын Эмийн агентлаг уг вакциныг Европын Холбооны гишүүн орнуудад хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Америкийн эм үйлдвэрлэлийн Pfizer компани бол 150 жилийн түүхтэй, дэлхийн II дайны жилүүдэд пенициллин үйлдвэрлэж, олон сая долларын ашиг олж байсан эм үйлдвэрлэлийн нүсэр том корпораци юм. Тус компанийн нийтэлсэн эмнэлзүйн туршилтын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харвал, BNT162b2 вакцин нь 95 хувийн үр дүнтэй ажээ. Энэ бол тун сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад хамрагдах 100 хүний 95-д нь тогтвортой дархлаа үүсч, халдварын эрсдэл 20 дахин буурна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, BioNTech компанийн удирдлагын баталж байгаагаар, уг вакцин нь коронавирус ба түүний мутацид орсон хувилбарын аль алиных нь эсрэг өндөр үр дүнтэй аж. Энэ бол маш чухал үзүүлэлт.
Хадгалах нөхцлийн тухайд бусад вакцинаас хамгийн өндөр стандартай буюу цельсийн -70 хэмд хадгалах ба 3 долоо хоногийн зайтайгаар хоёр тунг тариулна. Вакциныг нэг хайрцганд 4 мянган тунгаар савласан ба хайрцгийг өдөрт 2-оос дээш удаа онгойлгож болохгүй. Тэгэхээр эхний хэсэг вакциныг зөвхөн Нью-Йорк, Рио-де-Жанейро гэх мэт мегаполис хотуудын том эмнэлгүүдэд хүргэхээс өөр аргагүй. Харин орон нутгийн жижиг эмнэлгүүдэд хэрхэн хүргэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Үүнийг файзер вакцины сул тал гэж үзэж болохоор. Түүнчлэн үнийн хувьд хямд биш, 19,5 доллар байгаа нь АстраЗенекагаас 5-6 дахин өндөр байна.
Файзер бол уламжлалт аргаар гарган авсан вакцин биш, харин уургийн мэдээллийг агуулсан РНХ-г /рибонуклейн хүчил/ шууд вакцин болгон ашиглахад чиглэсэн хамгийн сүүлийн үеийн технологиор гарган авсан вакцин юм. РНХ-ийн жижигхэн нэг хэсэг /бүхэлд нь биш/ нь SARS-CoV-2 вирусний үржин олшрох явцыг хариуцаж байдаг тодорхой нэг уургийн талаарх мэдээллийг агуулдаг. РНХ дэхь кодыг уншсан эс вирусний уургийг дотроо бүтээж дархлааны тогтолцоог түүний эсрэг идэвхжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархлааны тогтолцоо нь аль эсүүдийг ажиллагаагүй болгох, ямар эсрэг биетүүдийг бий болгох вэ гэдэг талаар маш тодорхой мэдээллийг хүлээн авснаар хариу урвалыг идэвхжүүлдэг. Файзер вакцинд РНХ бүхэлдээ бус харин жижигхэн нэг хэсэг нь агуулагдах учраас вакцин хийлгэсний дараа дахин халдвар авах эрсдэл байхгүй, аюулгүй.
Үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчийн ярьснаар, вакцины гаж нөлөөнүүдийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр илэрдэг ба тариулснаас хойш хэдхэн хоногийн дараа алга болж байна. Хэрвээ халуурах, өвдөх шинж тэмдгүүд илэрвэл парацетамолын найрлагатай өвчин намдаах, халуун буулгах эмүүдийг хэрэглэхийг зөвлөжээ. Вакцин тариулсан 10 хүн тутмын нэгд нь тариулсан газарт өвдөх, ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, халуурах, жихүүдэс төрөх, үе мөчөөр өвдөх гэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан байна. Харин 100 хүн тутмын нэгд нь тунгалагийн зангилаа томрох өөрчлөлт гарах магадлалтай.
Түүнчлэн судлаачдын үзэж байгаагаар, файзерын үр дүн нь бүх насны хүмүүс болон таргалалт, чихрийн шижин, артерийн даралт зэрэг хавсарсан өвчинтэй хүмүүсийн хувьд адилхан байгаа нь давуу тал мөн.
Гэхдээ РНХ вакциныг эрүүл мэндийн салбарт өмнө нь ашиглаж байгаагүй шинэ технологиор гарган авсан бөгөөд онолын үүднээс аюулгүй байж болох хэдий ч үнэхээр аюулгүй гэдэг нь удаан хугацааны ажиглалтаар батлагдах ёстой. Түүнээс гадна, уг вакцин дахь липидийн нано хэсгүүд нь харшил төрүүлж магадгүй ба тунг нэмэгдүүлэх үед хоруу чанар нь илэрч болох юм. BNT162b2 вакциныг хэт нам температурт буюу Цельсийн -80-аас -60 хэмд хадгалах шаардлагатай учраас хөгжиж буй улс орнуудад төдийгүй АНУ-ын зарим бүс нутагт тээвэрлэн хүргэхэд хүндрэл учруулна гэх мэт сул талууд бий.
Синовак
Хятад улс дотооддоо албан ёсоор бүртгэсэн "BBIBP-CorV" /Vero cell/ вакцин 79 хувийн үр дүн үзүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн туршилт судалгаагаар эл үзүүлэлт 86 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн оны 7 дугаар сард уг вакциныг Хятадын хүн амын эрсдэл өндөртэй бүлгүүдэд яаралтай горимоор тарих шийдвэр гарчээ.
Хятадын төрийн өмчийн “Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакцины нэг тун нь 32 орчим долларын үнэтэй, ердийн хөргөгчинд /+4+8 хэм C/ хадгалж болох ба 21 хоногийн зайтай хоёр тунг хийнэ. Харин үнийн хувьд зөрүүтэй мэдээллүүд бий. Жишээлбэл, синовак вакцин Зүүн Өмнөд Азийн орнуудад 5 доллар, 14 доллар, 38 доллар гэсэн зөрүүтэй үнээр худалдаалагдаж байгаа нь тухайн орнууд дахь авлигатай холбоотой байж магадгүй гэх мэдээлэл цацагджээ.
Халдварт саа, улаан бурханы гээд бүх вакциныг гаргаж авсан уламжлалт аргад тулгуурласан, сулруулсан вирусийг агуулсан уг вакцинд сөрөг нөлөө бараг байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Sinopharm группын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, уг вакцинаар 1 сая хүнийг тарьсны дараа ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй ажээ. Гэвч ДЭМБ өдийг хүртэл уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг олгоогүй байна. Саяхан тус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдэхдээ, уг вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг судалж байгаа аж.
БНХАУ өөрийн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр шийдвэрлэсний сацуу 20 гаруй улсад экспортолж байна.
"Спутник-V”
Москва дахь Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн гарган авсан “Спутник – V” /Гам-КОВИД-Вак/ вакцин бол 90-ээс дээш хувийн үр дүн /91,6%/ үзүүлсэн гурван вакцины нэг юм. Эмнэл зүйн туршилтын 3 дугаар үе шат нь дуусаагүй байхад өнгөрсөн оны 8 дугаар сард ОХУ-ын зохицуулагч байгууллага уг вакциныг бүртгэн авч, улмаар 12 дугаар сараас хэрэглэж эхэлсэн нь эргэлзээ дагуулж, барууны хэвлэлүүдийн хүчтэй шүүмжлэлд өртөж байсан билээ.
Оросын вакцин нь SARS-CoV-2 вирусний өргөсний уургийн геномийг агуулсан аденовирусний вектор дээр суурилагдсан бөгөөд энэ нь олон арван жилийн туршид сайтар судлагдсан платформ учраас аюулгүй байх учиртай. Энэхүү платформыг Эбола, MERS өвчний эсрэг вакцин гарган авахад ашиглаж байжээ.
“Спутник-V” нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй файзер, модерна вакцинуудтай харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Олон улсын бие даасан шинжээчдийн дүгнэлтээр, уг вакцин Ковид-19-ийн өвчлөлийн хүндрэлээс 100 хувь хамгаалж байгаа бол эл үзүүлэлт Файзер вакцины хувьд 75 хувьтай байна.
Түүнчлэн вакцин тариулсан хүний ялгаруулж буй эсрэг биетийн түвшин нь Ковид-19-ээр дахин өвчилсөн хүнийхтэй харьцуулахад 1,3-1,5 дахин өндөр байгаа юм. Аюулгүй байдлын үзүүлэлтийн хувьд ч сайн бөгөөд вакцин тариулсны дараа толгой өвдөх, бие сулрах гэх мэт шинж тэмдгүүдийн 94 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч, удалгүй арилж байна. Харшлын хариу урвал, анафилактик буюу цочмог хэт мэдрэгшлийн хариу урвал гэх мэт хүндрэлүүд огт гараагүй.
10 хүрэхгүй доллароор үнэлэгдэх Оросын вакцин өртгийн хувьд Pfizer /19,5 долл/, Модерна /37 долл/ хоёроос хавьгүй хямд байгаагаас гадна хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардахгүй, ердийн хөргөгчинд +2...+8 °C хэмд хадгалах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Мөн түүнийг хуурай хэлбэрээр үйлдвэрлэх боломжтой тул умардын алслагдсан районууд ба тропикийн халуун бүсийн орнууд зэрэг аль ч газар руу тээвэрлэхэд тохиромжтой. Үүнээс харвал, уг вакцины гол хэрэглэгчид нь Ази, Африк, Латин Америкийн орнууд байх бололтой. Одоогоор нийтдээ 1,2 тэрбум тун “Спутник” вакцин худалдан авах захиалгаа 50 улс ирүүлжээ.
Ташрамд сонирхуулахад, вакцин тариулахаас өмнө болон дараа нь 42 хоногийн хугацаанд согтууруулах ундаа болон дархлааг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй гэж Оросын Засгийн газрын шадар сайд, Коронавирустэй тэмцэх шуурхай штабын дарга Т.Голикова хэлсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн бололтой. Зарим хүмүүс үүнийг “биелүүлэх боломжгүй хэт өндөр шаардлага” гэж үзэж байгаа бол дархлаа судлаач эмч В.Болибок-ийн ярьснаар “вакцины тун бүрийг хийлгэхээс 3 хоногийн өмнө, хийлгэсний дараа 3 хоногийн хугацаанд архи уухгүй байх нь зүйтэй. Энэ бол арай илүү үндэслэлтэй шаардлага” ажээ.
Хэдийгээр ДЭМБ уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг олгоогүй байгаа боловч дэлхийн 23 улс, тэдгээрийн дотор Монгол Улс “Спутник-V”-г бүртгэж аваад байна.
Төгсгөлд нь, батлах шаардлагагүй гарцаагүй нэг үнэнийг хэлэхэд, вакцины ашиг тусын тухайд маргах огт шаардлагагүй юм. Нэгдүгээрт, ямар ч төрлийн вакцин нь халдвар авсан хүмүүсийн тоог эрс бууруулдаг. Хоёрдугаарт, вакцин хийлгэсэн хүн тун азгүйтэж, халдвар авлаа гэхэд өвчин хүндэрч, амь насанд нь аюул учруулахгүй.