Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна
“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогттой ярилцлаа.
-Хэзээ, ямар уулзалт болоод яагаад нийтэд цацагдчихав аа?
-Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй. Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгч авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна. Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна.
-ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсоор мэдээлэл хийхдээ арай зохисгүй зүйл болсон байж болзошгүй гэж шалгаж байгаа гэсэн….
-Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна. Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.
Хоёрдугаарт, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан тэдгээр эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр ковидын шинжилгээ авна гэж хуурч хаалгыг нь онгойлгуулаад хүч хэрэглэн Эрүүгийн Цагдаагийн байранд аваачиж, 10 гаруй цаг хоол ундгүй дарамталж, хүч хэрэглэж байцаалт авсан юм байна билээ. Эрүүдэн шүүж, дарамтлан мэдүүлэг авсан асуудлаар дээрх эмэгтэйчүүд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын газар, ЦЕГ-ын тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ. Дээрх байгууллагууд цагдаагийн ажилтнуудын эрүүдэн шүүсэн, дарамталсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Шуудхан хэлэхэд, хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой тангараг өргөсөн цагдаа нар хууль зөрчсөн маш ноцтой асуудал энд яригдаж байна.Дараа нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу.
-Цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэгч авсан, данс руу нь мөнгө хийсэн гэж ярилцлага өгсөн шүү дээ. Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан худлаа хэлсэн гэж үү. Танаас мэдүүлэг авсан уу?
-Надаас авсан. Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. "Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн.
-Нууц биш бол тэр бичлэг дээрх эмэгтэйчүүд яагаад цуварч орж гараад байсан юм?
-Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс. Үнэнийг хэлэхэд эрх барьж байгаа намын сайд, түүний мэдэлд байдаг Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зохион байгуулалттай, тодорхой зорилготойгоор хийгдэж байгаа ажиллагаа гэж харж байна.
Тангараг өргөж, мөрдөс зүүсэн төрийн тусгай албаныхан ийм ажиллагаа явуулж, хутгалдаж байгаад маш их харамсаж байна.
-Цацагдсан бичлэг хаанаас гарсан бичлэг вэ. Эсвэл зорилготойгоор тусдаа хийгдсэн бичлэг үү?
-Тэр бичлэг дээр хэн нэгэн гар утсаараа юм уу, бичлэг хийдэг аппаратаар бичсэн юм болов уу гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэр бичлэгийн дүрс нааш, цаашаа татагдаж харагдаж байна лээ. СӨХ-оос авсан камерын бичлэг байлаа гэхэд захын хүн авах эрхтэй юу. Хууль хүчний тусгай эрхтэй байгууллага тэр бичлэгийг гаргаж тавьж байгаа гэдэг нь тодорхой.
-АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс нэг дор цуглаж, уулзана гэдэг чинь хэн ч хар төрөхөөр шүү дээ. Зарим хэрэгт хамтарч, ярилцаж тохирдог байж болзошгүй гэх яриа сошиалд өрнөөд байгаа?
-Бид 2004 оноос хойш найзалсан найзууд. Нэг байгууллагад хамт ажиллаж байгаад одоо өөр, өөр ажил хийж яваа хүмүүс. Бид нар гэр бүлийн найзууд. Үүнийг нотлох зураг, хөрөг байгаа. Бас урьд нь хамт ажиллаж байсныг нотлох зураг байгаа. Тэр байранд уулзсан шиг уулзалтууд өмнө нь болдог л байсан. Чөлөөт цагаараа баар ресторан, гэр орондоо бид орж гарч уулзалддаг уулзалт өмнө нь зөндөө л байсан. Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна.
-Та зорилготой гэлээ. Зорилго нь юу гэж ?
-Харин та юу гэж бодож байна. Нэг орцны камерын бичлэг тавиад л, бүх сошиал хуудсууд, шар сайтуудаар төлбөртэй тараалгаад л, хэн нь ч мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаар пост бичүүлээд л. Ер нь миний найз нөхөдтэйгөө нэг байранд уулзсан бичлэг энэ нийгэмд тийм сонин юм уу? Шуудхан хэлэхэд, энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Мэдээж зорилго нь жирийн нэг өмгөөлөгч би биш. Сонгууль угтсан шүүх, болон тодорхой улстөрчийг онилсон зорилготой ажиллагаа. Шүүгч нарын шийдсэн хэрэгтэй холбоотой, Шүүхийн тухай хууль, өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах гэсэн үйлдэл. “Төрийн ордны 3 давхарт шүүгчийг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг ярьдаг” гэх зохиолоо амилуулах гэсэн, түүнийгээ бодит болгохын тулд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийгэмд зохион байгуулалттайгаар тарааж байна. Гэтэл яагаад иргэдийн эрх ашгийг хөндсөн, бусдыг тагнаж чангасан гэх үйл явдал, баримтыг шалгахаас илүү шүүгч нар биеэ үнэлэгч авсан, мөнгө шилжүүлсэн гэж гүжирдэж байгаад маш их цочирдож, гайхаж байна.Өөрсдийн хуулиар олгогдсон эрхийг ашиглаж олсон баримтаар бусдын нэр төрд халдаж, нотлох баримт гэх зүйлийг захиалгаар олон нийтэд задруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Дахиад “Энканто” хотхонд нэр бүхий шүүгч нартай уулзсан байна гээд баахан хуурамч мэдээлэл тарааж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан зохиомол эвлүүлэг бүхий баримтаа тараах байх. Үнэхээр их мөнгө, эрх мэдэл явж байна. Өөрсдийн хэргийг энэ сэдвээр дарах гэж л оролдож байна. Хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд уулзаал биз. Тэр нь яагаад нийгмийн ийм том сэдэв болчихов оо гэдэгт дүгнэлт хийнэ биздээ.
-Таныг ҮАБЗ-д ажилладаг гэсэн мэдээлэл явж байсан. Дараа нь ҮАБЗ таныг байгууллагадаа ажилладаггүй гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Аль нь үнэн юм бэ?
-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан. Тэр үнэмлэхийг л сошиалаар явуулаад байна билээ.
Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Үнэхээр харамсаж байна. Би энэ хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. Нэр төрөө ч сэргээж, тийм ёс бус зүйл хийгээгүй гэдгээ баримттайгаар баталж харуулна. Улс төр хийж, тоглож болно. Гэхдээ хүний амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглож болохгүй.
-Та нарыг нэг хэрэг дээр хамт оролцож, шийдэж байсан гэх яриа бас гарсан. Ийм тохиолдол байгаа юм уу?
-Нэг хэрэг дээр хамт оролцож шийдсэн зүйл огт байхгүй. Шүүгч нар хуульд заасны дагуу өөрсдөд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилладаг. Тэр хэрэгт нь бусад найз нөхөд бид нэг ч оролцоотой байгаагүй. Өмгөөлөгч миний хувьд гэхэд хоёр шүүгч найзынхаа хэрэг дээр өмгөөлөл хийж байсан зүйл байхгүй. АТГ-т ажилладаг гэж хэлээд бгаа нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг компьютерт шивдэг хүн. Тэр хүн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа хийдэг эрхтэй хүн биш.
-Шүүгч найзуудын чинь хувьд М.Энхсайхан, Б.Болор гэх мэт олны танил ултөрчдийн хэрэг дээр ажиллаж байсан гэж сошиалаар нэг ярьж байгаа?
-Анх Бат инженер энэ тухай сошиалд бичсэн гэж харсан. Түүнээс үүдэлтэйгээр буруу зөрүү мэдээлэл даамжирч цацагдсан. Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн. Шүүгчийн хувьд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилласан шүүгч нар. Түүнээс биш нэг хэрэг дээр хэзээ ч хамт шийдэлцэж оролцож байгаагүй гэдгийг дахин хэлье. Шүүх үнэн цагааны дэнс, эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргадаг. Яагаад шүүгч, шүүх гээд дайраад байдаг юм. Шүүгч хүн хүн биш юм уу. Шууд хэлэхэд, энэ бол шүүгч нарт өгч байгаа сануулга, нөлөөлөх оролдлого гэж үзэж байна. Үүнийгээ саяхан баталсан Шүүхийн тухай хуулиараа нотолсон. Би шүүхийн байгууллагад жижүүрийн албанаас ажлын гараагаа эхэлсэн. Шүүх энэ хүмүүсийн улс төрөө хийдэг орчин, талбар биш. Шүүх шударга ажиллаж байгаа, улстөрчдийн нөлөөллийг сонсохгүй байхаар шүүх болохгүй байна, шүүхийн хонгил бий болсон гэж яриад байгаа улстөрчдийг илүү анхаарах хэрэгтэй.Бодит байдал дээр захиалгаар нийгмээр нь зүхүүлэх арга хэмжээг их мөнгөөр зохион байгуулж, сайтар найруулж хийж чадаж байна шүү дээ.
-Шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх гээд байна уу?
-Тийм гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрх барьж байгаа нам, тэр намын сайдын шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн, УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг гүтгэж байсан гүтгэлгээ үнэн болгох гээд л ЦЕГ-ыг хөдөлгөж байна шүү дээ. Эрх барьж байгаа нам, ЦЕГ хөдөлж байхад жирийн нэг өмгөөлөгч би ярилцлага өгч, олон нийтэд болж байгаа үйл явдлыг тайлбарлахаас өөр юу хийж чадах билээ. Эрх барьж байгаа намд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх хүчний байгууллага байна. Одоо шүүхийн нэр хүндийг унагааж, шүүгч нарыг тагнаж, нэг, хоёр шүүгч нараар туг тахиж, нийгэмд харлуулж байгаад шүүхийн тогтолцоог өөрийн хяналтад оруулах зорилготой үйлдэл юм. Шударга сайд, гишүүний дүрд тоглож, түүнийг бодит болгохын тулд золиос нь бидний хэдэн нөхөд байж. Шаардлагатай бол хэвлэлийн хурал хийж баримт мэдээлэл, бодит үнэнийг дахин дахин ярих болно.
-Та нар хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Би болон энд нэр дурдагдаад байгаа бүх хүн хууль болон хүний эрхийн бүхий л байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энийг хэн нь ч шалгахгүй биз. Учир нь, өөрөө өөрсдийгөө шалгаж чадахгүй, тодорхой цаг хугацааны дараа эрүүдэн шүүсэн хэрэг шиг задарна. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийн хууль бус гүйцэтгэх ажиллагааны баримтаа бүгдийг устгасан байх. Эдний үндсэн арга нь энэ юм байна. Мөн эрүүдэн шүүж дарамталсан асуудал дээр цагдаагийн дотоод тусгай байгууллагад нь мөн гомдол гаргасан.
Хуулийн байгууллагыг хувийн улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг нь гардаж хийж байгаа ажилтнуудыг цаг хугацаа шүүнэ. Эмэгтэй хүн ороод гараа л биз, тэр хүмүүсийг цагдаа хүч хэрэглэн авч явж, мэдүүлгийг нь зааж өгч, дарамталж гарын үсэг зуруулж, янхан гэх нэрийг зүүж өгсөн. Мөн хойноос нь хөөцөлдөж “Дахиж уулзах хэрэгтэй байна. Мэдүүлгээ нягталъя. Нөгөө газраа уулзмаар байна. Манай дарга бас уулзъя гэсэн, хүн явууллаа” гэх мэтчилэн утсаар ээлж дараалан яриад байгаа бичлэг нь байгаа.
Яагаад гэхээр ярьсан зүйлээ яриагүй гэх учраас яриаг нь бичиж авсан байгаа. Эдэнд баримтаа устгах хангалттай эрх байгаа. Үнэхээр том байна. Хэнд ч зохиомол хэрэг тулгаж, хэнийг ч худалдаж авч, худлаа хэлүүлж, хэнийг ч хүчирхийлж хэрэг хүлээлгэдэг юм байна гэдгийг харлаа. Үүний цаана нийгэмд өөрсдийгөө шударга гэж харуулах гэсэн зохиомол жүжиг. Хүний эрх, аюулгүй байдал, хувь хүний нууц гэх зүйл үнэндээ байхгүй болж. Эд нар зохиосон жүжгээ амь оруулахдаа үнэхээр мэргэшсэн юм байна. Улс төрийн золиосонд хэдэн хүмүүсийн гэр бүлийн амьдрал сүйрч байна. Бүр зарим нэг хүн нь амиа хорлох тухай яриа гарч байгаа. Дори гэх эмэгтэй манай найз руу утасдаж “Энд юу болоод байгаа юм бэ. Би амиа хорлолоо” гэж ярьсан байна лээ. Мөн өөр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ “би очихгүй, үхмээр байна” гэсэн мессэж бичсэн байна лээ. Улс төр хийх нь яах вэ. Түүндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хутгахаа л больчих.