Нэг. ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕИЙН МЭДЭЭ, СУДАЛГАА ЮУ ӨГҮҮЛЭВ
“Ковид 19”-ийн хөл хориотой энэ цаг үед гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй байгаа төдийгүй, харин ч ихсэх хандлагатай байна. Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт дунджаар 100-гаас 150 дуудлага ирдэг байсан бол үхэр жилийн шинийн нэгэнд буюу 2021 оны 2 сарын 12-ны өдөр гэхэд 200 болж өссөн байна. Энэ бол Цагдаагийн Ерөнхий газрын 102 дугаарт ирсэн хоногийн дуудлагын тоо. Хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд. Үйлдэгдэж байгаа цагийн хувьд авч үзэхэд ихэвчлэн оройны 6 цагаас өглөөний 6 цаг буюу гэр бүлээрээ, халуун ам бүлээрээ, хүүхдүүд амар амгалан унтаж байх цаг. Дуудлага өгсөн нь 200. Цаана нь хэлж мэдээлж, тусламж авч чадахгүй нь хэд бий бол? Бид зөвхөн мөсөн уулын орой дахь тоог тоолж байна. Учир нь гэр бүлд үйлдэгддэг хүчирхийлэл далд үйлдэгдэж, давтагдаж, даамжирч байдаг. Мөн өдөр бүр урьдчилан сэргийлж болох байсан осол гэмтлээс болж нас барсан, бэртсэн гэмтсэн хүүхдийн тоог хоёр гурваар нь хуруу даран тоолж байна. Цаад шалтгаан нь эцэг эх нь хүүхдээ үл хайхрах явдал. Цар тахлын хөл хорионы үед, эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамт байх үедээ осол гэмтэлд өртөж байгаа нь үл хайхрах явдал хэр газар авсныг дахин нотолж байна.
Хүүхдийг Ивээх Сангаас 2020 оны 5-6 сард “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тогтоосон хөл хорио нь гэр, бүл, хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалж, хэрэгцээг тодорхойлох зорилгоор “Корона вируст цар тахлын нөлөөний түргэвчилсэн үнэлгээ”-г хийсэн. Үнэлгээний гол дүгнэлтүүдээс харахад эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын талаарх нөлөөлөл сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийх хэрэгцээ шаардлага ихээхэн байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийн 45.9% нь “Ковид-19” вирус гарснаас хойш хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэссэн гэж хариулжээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийн мэ¬дээлснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн ихэссэн төрлөөр нь нарийвчлан шинжлэхэд хамгийн их тохиолдол нь хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, үл хайхрах хүчирхийлэл байж, хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл удаалж, сүүлд нь бэлгийн хүчирхийлэл орж байна гэж хариулсан байна.
Хоёр. ХӨЛ ХОРИО БА ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
Хүүхэд хорио цээрийн үед гэр бүлдээ ихэнх цагаа өнгөрөөж байна. Гэр бүл бол хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин байх ёстой бөгөөд хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүйн хөгжилд эцэг эхийн хайр халамж, анхаарал нь тун чухал нөлөөтэй. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод хүүхдийг аз жаргалтай, хайр энэрэл бүхий гэр бүлийн орчинд өсөн бойжих ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн нь шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэмээн заасан.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авах үүрэг хүлээсэн. Хэдий тийм боловч гэр бүлийн орчинд хүүхдээ хүмүүжүүлэх, заах, сургах нэрээр шийтгэж, хүчирхийлэл үл хайхрах байдлын хохирогч болгож байна. 2020 онд хүүхдийн тусламжийн утас 108-д ирж буй гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 108,8 хувь өсөж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувь нэмэгдсэн үзүүлэлт бол түгшүүрийн дохио билээ.
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын дагуу эцэг эх, амран хамгаалагч нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ дэмжлэг туслалцаа авах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж чадахгүй бол төрөөс оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой.
Иргэн ч үүргээ биелүүлье, төрөөс ч бас үүргээ биелүүлье.
Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн нэгэн чиглэл бол хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд эцэг эхэд туслах үйл ажиллагаа бөгөөд 2015 оноос хойш төсөлд хамрагдсан сум, баг, хороотойгоо хамтран сургалтыг явуулж байна. Нэг удаад 15 орчим эцэг эхчүүдийг нэг анги болгож, 2 сарын хугацаанд хүүхдээ хэрхэн зөв, сайн хүн болгох тухай, хүүхэд төрөхөөс эхлээд 18 нас хүртэлх хугацаанд хэрхэн яаж хүмүүжүүлж, юуг анхаарах шаардлагатайг олон улсын хөтөлбөрөөр сургагдаж бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар заадаг. Сургалтад гол төлөв ээжүүд сайн дураараа суух бөгөөд хааяа ганц, хоёр аавууд орж ирнэ. Анги танхимд цугласан эцэг эхчүүдээс харахад л хүүхдийн хүмүүжилд хэн үүрэг, хариуцлага хүлээж байгаа нь харагдана. Дунджаар 2-оос 4 хүүхэдтэй тэднээс сургалтын эхэнд “Хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх талаар хаанаас яаж суралцсан вэ?” гэж асуухад “Ээж аав маань намайг яаж хүмүүжүүлсэн түүнийгээ бодож л хүүхдээ хүмүүжүүлдэг, хамаатнууд ойр дотны хүмүүсээ харж хүмүүжүүлдэг” гэсэн туршлагад суурилсан арга барилтай байв. Ерөнхийдөө эх, эцэг хүний зөн совингоороо хүмүүжүүлсэн байх жишээтэй.
Эцэг эхчүүд өөрийг нь яаж хүмүүжүүлж ирсэн тэр туршлагаар хүүхдээ хүмүүжүүлэх гэж үзнэ, мухардалд орно. Тиймээс л намайг багад ингэдэг байсан, тэгдэг байсан, энэ арга үйлчлэх ёстой гэж үзээд бүтэхгүй болоод ирэхээр “Одоогийн хүүхдүүд хачин болж, үг сонсохгүй байна, чихэнд нь биш маханд нь хэлье” гэнэ. Энэ нь хууль болоод мэргэжлийн үг хэллэгээр бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт болж хувирна. Арга барилаа өөрчил гэсэн хэрэглэгчийн үг болох “Таны үе өөр, бидний үе өөр” гэсэн үгийг хүүхдээсээ ч сонсоно.
Зарим эцэг эхийн хувьд бүр ч эсрэг. Хүүхдээ хэт бөөцийлнө, бүх зүйлийг өмнөөс нь хийнэ, шийдэж өгнө. Тусдаа гарсан ч амьдралд нь хуруу, хошуу нэмнэ. Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлчлэгч, хамгаалагч, өмгөөлөгч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэх бөгөөд хүүхдийн бие даан амьдрах хүмүүжилд, ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж боддоггүй.
Энэ мэтчилэн эцэг эхчүүдэд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд олон асуудлууд тулгардаг, бэрхшээл ч гардаг. Түүнийгээ өөр өөрсдийн аргаар шийдэх гэж оролддог ч заримдаа зөв, заримдаа буруудах нь бий. Эцэг эхчүүдэд тулгамддаг, шийдвэрлэх ёстой асуудал бол хүүхдийн хүмүүжлийн асуудал бөгөөд төрөөс тэдэнд туслах хэрэгтэй байна.
ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА ХЭРЭГЛЭСЭН САЙН ТУРШЛАГА: Шийтгэлийг хориглоод, эцэг эхийг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлээд, үр дүнд хүрсэн улс орон дэлхийд олон байна. Жишээлбэл, Швед улс 1979 онд бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглосон хууль гаргасан бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёстойг зааж өгсөн. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд гэр бүлийг дэмжих олон янзын бодит хөтөлбөр үйл ажиллагааг явуулсан. Тухайлбал, сүүний хайрцаг дээр мэдээлэл гаргаж, ажлыг цагийг барьж, эцэг эхчүүд гэр бүлдээ зориулах цагийг гаргаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудыг нээж, цэцэрлэгт хүрээлэнгээ тохи¬жуулж, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх талаар төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг хийсэн. Ажил олгогчид эцэг эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь ажилтнуудаа дэмжиж ажиллаж, чанартай амралтын цагийг шийдэж өгсөн нь дэлхий даяар сайн туршлага болсон. 30 жилийн дараа буюу 2009 онд үр дүнгээ судлахад гайхалтай эерэг амжилт гаргасан байсан түүхтэй. Хүчээр, нударгаар асуудлыг шийддэггүй бүхэл бүтэн нэгэн үеийг гаргаж ирж чадаж байна.
Гурав. ХУУЛЬ ЖУРМАА ХЭРЭГЖҮҮЛЬЕ БУЮУ ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА
Улс үндэсний баялаг нь иргэн. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, үлгэрлэн хайрлаж байж улс орон хөгжинө. Учир нь тэд бол 10, 20 жилийн дараа энэ улсыг авч явах эзэд. Иймээс хүнээр хүн хийх монгол ухааныг өвлүүлэн, эцэг эхийн боловсролд төр, төрийн бус, хувийн хэвшил бүгд анхааръя. “Хүн” капиталын бүтээмжийг томьёолсон Вильфредо Паретогийн 80/20-ийн зарчмаар авч үзвэл, хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлбэл цаашид улс оронд 80 хувийн үр дүнг бий болгоно.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол бүр дээр бид араас нь ярьж, хэн нэгнийг буруутгах биш харин хүүхдийн хамгийн анхдагч орчин болон эцэг эхийг дэмжиж, тэдэнд тусалснаар тэд хүүхдээ зөв сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлж чадна.
Айл, гэр бүл бүрд хүрч ажиллах нөөц, боломж байна. Үүний тулд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны тогтоолын 5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж, албан байгууллага бүр эцэг эхийн зөвлөл ажиллуулах тогтоол гарсан. Эцэг эхийн зөвлөлүүд сайн ажиллавал хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна.
Байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн зохион байгуулах үүргээ, тогтоолын дагуу биелүүлье. Ингэхдээ харьяа нутаг дэвсгэрт байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дэмжлэгийг авч болно. Учир нь энэ байгууллагын ажлын чиг үүрэгт гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн хүмүүс ажилладаг.
Гэр бүл, хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээг Ковид 19-ийн цар тахлын үед сонирхолтой байдлаар авч хэрэгжүүлснээр, иргэдийн стресс бухимдлыг арилгахад нэмэр болж, гэр бүлийн харилцаа сайжирч, эцэг эхийн үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сайжрах юм. Цаашлаад гэр бүлдээ аз жаргалтай бол ажлын бүтээмж сайжирч, амжилт гаргана, алдаа эндэгдэл ч бага гаргана.
Эцэг эхийн зөвлөлөөс эцэг эхчүүдэд зориулж стресс бухимдлаа тайлах арга, хэрхэн үр хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийн насны онцлогийг талаарх сургалт, үйл ажиллагааг багш сурган хүмүүжүүлэгч нараас авч зааж сургаж болно. Судалгаа гаргаж, хэн хэдэн хүүхэдтэй, ямар насны болохыг нь судалж, онцлог хэрэгцээнд нь тааруулж үйл ажиллагаа хөтөлбөр, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хүмүүстэй хамтран зохион байгуулбал улам илүү үр дүн гаргана.
Сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар бол хүүхдийг хүмүүжүүлэх, тэдний талаар судалсан мэргэжилтэн юм. Хүүхдүүдэд ном эрдэм заахаас гадна эцэг эхчүүдэд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх нь тэдний ажлын нэгэн чиглэл болгож ажил үүргийн хуваарьт нь суулгавал тогтвортой үргэлжлэх болно. Сургууль, цэцэрлэг бүр эцэг эхийн хурал хийдэг, түүндээ эцэг эхчүүдэд хүүхдийн насны онцлог, тухайн насанд хүүхдэд ямар өөрчлөлт гардаг болох, эцэг эхчүүд юуг анхаарах ёстой зааж сургах багц хөтөлбөртэй, түүнийгээ хуваарийн дагуу заадаг бол багш нар өөрсдөө ч хөгжинө, ээж аав нарыг ч хөгжүүлнэ. Сургууль бол том нөөц. Сайн туршлагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд түгээе, дэлгэрүүлье. Ингэж хүн бүр, байгууллага бүр хүүхдэдээ анхаарч, гэр бүлд дэмжлэг үзүүлвэл үлдэж хоцрох хүүхэд үгүй болох билээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах вакцин бол хүмүүжлийн эерэг арга бөгөөд хэрэгжүүлэгчид нь эцэг эх, асран хамгаалагч нар юм.