Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг Засгийн газар 2019 онд баталж, нийслэлчүүд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болсон. Үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой багагүй шүүмжлэлд өртдөг “Тавантолгой түлш” компанийнхан энэ удаа мөн л орчны бохирдол үүсгэгч гэх нэр зүүсэн.
Тус компанийнхан энэ онд нийслэлийн баруун болон зүүн бүсэд үйлдвэрлэл явуулж буй. Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэр орчмын бохирдол, тоосжилт нэмэгдэж, тухайн газарт оршин суугаа 639 өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчих болжээ. Дээрх үйлдвэрт ашиглаж буй сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг (угаасан нүүрс), нунтаг овоолго зэргээс болж тоосжилт үүсэн, орчны болон хөрсний бохирдол нэмэгдэж байгаа гэнэ.
Тиймээс Засгийн газар энэ сарын 10-ны хуралдаанаараа баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сум руу долдугаар сарын 10-ны дотор шилжүүлж, тоног төхөөрөмжийг нь аравдугаар сарын 1 гэхэд угсарч дуусгахыг үүрэгдсэн. Энэ талаар “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатар “Засгийн газраас тогтоосон хугацаанд үйлдвэрийг бүрэн шилжүүлж дуусгана.
Галлагааны улирал дуусаагүй учир үйлдвэрийг буулгах, шилжүүлэх ажил эхлээгүй” гэв. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэд өнгөрсөн хугацаанд болон ирэх дөрвөн сарын турш орчны болон агаарын бохирдолтой тэмцэж, хүнд нөхцөлд амьдарсаар байх нь. Дээрх газрын бохирдлыг бууруулахаар ямар арга хэмжээ авч байгаа талаар “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Болдбаатараас тодруулахад “Баруун бүсийн үйлдвэрийг богино хугацаанд барьж, ашиглалтад оруулан, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн.
2018 оны тавдугаар сард буюу тухайн оны галлагааны улирал дуусах үед Засгийн газар 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнээс хасаж, ирэх намар нь шинэ түлш ашиглах үүргийг манай компанид даалгасан юм. Тиймээс бид бүтээгдэхүүнээ хурдан үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийг богино хугацаанд барих шаардлагатай болсон. Давчуу хугацаанд барьсан учир орхигдуулсан ажил цөөнгүй. Тиймээс өнгөрсөн оны зун үйлдвэрийн гадна талбайд хатуу хучилт хийж, тоосжилт бий болгож байсан бутлуурыг битүү орчинд оруулсан. Мөн үйлдвэр орчмын замыг сайжруулж, нэг урсгалтай болгон, салхины чиглэлийг сааруулах, тоос баригч хана босгох зэрэг олон ажил хийлээ. Үйлдвэр байгуулсан эхний жилтэй харьцуулахад энэ онд тоосжилт харьцангуй бага байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн гомдол тэр хэрээр багаслаа. Цаашид ч тоосжилтыг бууруулахад анхаарч ажиллах болно” гэв. Мөн Баруун бүсийн үйлдвэрээс үүсэж буй тортог Сонгинохайрхан дүүргийн VII, XXII, XXXIII хорооны иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй. Дээрх хорооны иргэд цахим орчинд дургүйцлээ илэрхийлж, зарим нь нөхөн төлбөр олгохыг шаардсан. Гэвч тус компанийнхан иргэдийн хохирлыг барагдуулах ямар ч ажил хийгээгүй байна.
Дөрвөн сарын дараа баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт нөхөн сэргээлт хийж, бохирдлыг нь арилган, барилга, байгууламжийг түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Гэвч зүүн бүсэд хоёр үйлдвэр зэрэг үйл ажиллагаа явуулахад үүсэх тоосжилт, орчны бохирдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ам нээсэнгүй. Энэ тухай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Болдбаатар “Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхдээ нэлээд өөрчлөлт хийнэ. Зүүн бүсийн үйлдвэрийн тоног, төхөөрөмж нь хүчин чадал өндөртэй. Тиймээс шинэ болон хуучин үйлдвэрийн төхөөрөмжүүдийг уялдуулан холбож, зураг төслийг нь инженерүүд гарган, тоосжилт, хөрсний бохирдол бага үүсгэх нөхцөл бүрдүүлнэ” гэлээ.
70 га газарт үйл ажиллагаа явуулдаг зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлшний гурав, нүүрс угаах, коксжуулах тус бүр нэг, нийт гурван төрлийн, таван дамжлага бий. Эдгээрийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-аас худалдан авсан бөгөөд чанарын шаардлагад нийцсэн, хүчин чадал сайтай хэмээн “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэлж байсан юм. Зүүн бүсийн шахмал түлшний гурван дамжлага нь 24 цагаар ажиллавал өдөрт 180, жилд 1.75 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэв хоёр үйлдвэр нэг дор ажиллаж эхэлбэл жилд багадаа 1.2 сая тонн нүүрс үйлдвэрлэх юм. Хэдийгээр тоног төхөөрөмж сайн ч ийм хэмжээний шахмал түлшийг нэг дор үйлдвэрлэхэд орчны бохирдол үүсэхгүй гэх баталгаа алга. Энэ талаар хийсэн судалгаа ч байхгүй. Салхивчийн хана, хатуу хучилттай зам тавьсан ч баруун бүсийн үйлдвэрийн адил тоосжилт нь буурахгүй л болов уу.
Өдгөө шахмал түлшний түүхий эд болох мидлингийг Өмнөговь аймаг дахь Ухаахудаг уурхайгаас авто замаар тээвэрлэж, Төв аймагт байрлах дундын бүсэд буулган, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийнхэн автомашинаар зөөвөрлөдөг. Энэ үед ч мөн л тоосжилт үүсэж, орчны болон агаарын бохирдол бий болгодог юм. Хэрэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулбал түүхий эдийг хялбар тээвэрлэх боломжтой бөгөөд бохирдлыг ч бууруулах аж. Мөн үйлдвэрээс гарсан шахмал түлшийг галт тэрэг ашиглан нийслэл рүү тээвэрлэснээр агаарын бохирдол багасна. Дээрх төмөр замыг ашиглалтад оруулснаар “Төв аймгийн Баян сум дахь Мааньт өртөөнөөс зүүн бүсийн үйлдвэр хүртэл 2.8 километр авто зам тавьж, түүхий эдийг саадгүй тээвэрлэх боломж бүрдэнэ. Эл замыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан мэдээлж байсан удаатай. Харамсалтай нь, хатуу хучилттай нь битгий хэл төмөр замын ирээдүй ч бүрхэг хэвээр байна.
Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших дамжлагууд нь газар доор байрладаг учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага. Цаашид хоёр үйлдвэр зэрэг ажиллавал Налайх, Төв аймгийнхан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн адил орчны бохирдолд “дарлагдах” эрсдэлтэй. Тиймээс нүүлгэн шилжүүлэх үйлдвэрийн зарим хэсгийг зүүн бүсийнхтэй адил газар доор байрлуулах шаардлага тулгарч байна. Мөн төмөр болон хатуу хучилттай автозамыг төлөвлөснийхөө дагуу энэ онд багтаан ашиглалтад оруулахгүй бол орчны бохирдлыг бууруулна гэж санах ч хэрэггүй болов уу.