ЦЕГ: Шүүгч нар биеэ үнэлэлтийг зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзсэн
Өнгөрсөн бямба гаригт Эрүүгийн анхан шатны шүүгч, З.Болбаатар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч, Д.Отгонбаатар, ҮАБЗ-ийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс "Parkview" хотхоны нэгэн байранд цуглаж, архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, иргэдийн дургүйцэл хардлагыг төрүүлээд байгаа юм.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага заавал иргэний гомдол дээр үндэслэхгүйгээр хүлээн авч шалгах үүрэгтэй. Биеэ үнэлэлт гэсэн зүйл яригдаж байгаа учраас үүнийг шалгаж тогтоох ёстой.
Урьдчилсан байдлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулшгүйгээр байсан хүмүүсээс холбогдох тайлбар мэдээллийг авч баримтжуулсан. Эрүүгийн хуулийн 12.6.1 буюу биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэсэн зүйлээр хэрэг нээх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа.
Шалгалтын явцад тухайн үед байсан эмэгтэйчүүд рүү дансаар мөнгө шилжүүлсэн гэх зүйлүүд илэрч байгаа. Гэхдээ хэргийн явц, мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх ёстой байдаг. Нэр дурдагдсан хүмүүс хөл хорионы дэглэм зөрчсөн эсэхийг тодруулж байна" гэв.
Товчхондоо цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 12.6.1 буюу биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэсэн зүйлээр хэрэг нээх үндэслэлтэй байна хэмээн үзжээ.