ШӨХТГ: Хонь, ямааны махны үнэ өсч, үхрийн махны үнэ буурчээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт байрлах нийт 41 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад өглөөний 7:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа
хонины ястай мах 9000
хонины цул мах 9500-10000
үхрийн ястай мах 11000-11500
үхрийн цул мах 12500-14000
ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.Махны жижиглэнгийн үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000-11500 болж 500-1000 төгрөгөөр, ямааны мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн цул махны дээд үнэ 14000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан. Махны бөөний үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7500-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн.
Хяналт шалгалтад хамрагдсан нийт 18 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
Хяналт шалгалтад хамрагдсан дүүргүүдэд байрлах Сэлэнгэ, Шөнийн зах, Гэгээ, Хархорин, Амгалан, Жанжин зэрэг томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхлээгүй байна.
Зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлж байгаатай холбогдуулан зарим зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мах худалдаалж эхлээгүй байна.
Хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд улсын байцаагч шаардлага тавьж, лангуунаас хураалгах арга хэмжээ авч ажиллалаа.