Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан бичлэг хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл багтсан. Уг төслийг ХЗДХЯ-наас боловсруулаад, олон нийтээс санал авч байна.
УИХ 1995 онд Хувь хүний нууцын тухай хууль баталсан. Уг хууль нь Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад томоохон хувь нэмэр оруулсан хэдий ч нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж, технологийн эринтэй золгосон энэ цаг үеийн зарим асуудлыг зохицуулахад бэрхшээл үүсэж байна. Тухайлбал, хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хуулийн үйлчлэлд хамааруулахаар зааж, бусад мэдээллийг хэрхэх талаар тусгаагүй.
Гэтэл сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ) болон бусад мэдээллийг цуглуулах нь түгээмэл болсон. Ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн иргэнд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анхны зорилгоос өөрөөр ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгуй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд хуулийн зохицуулалтгүй байна. Тиймээс тусдаа хуультай болох шаардлагатай гэж үзэн уг төслийг боловсруулжээ. Төсөл найман бүлэг, 29 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан байна.
Хүний хувийн мэдээллийг хууль зөрчин ашигласан бол Зөрчлийн хуулиар шийтгүүлээд зогсохгүй эрүүгийн хариуцлага ч хүлээх нь. Тухайлбал, хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахаар байршилд дуу, дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсвэл бусдад дамжуулсан бол торгохоос гадна 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Төслийн нэгдүгээр бүлэгт нэр томьёоны тодорхойлолт, хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчмыг хуульчилсан. Хүний хувийн болон эмзэг мэдээлэлд юуг хамааруулах, цуглуулах, боловсруулах, ашиглах, хүний хувийн мэдээлэл хариуцагч (controller), боловсруулагч (processor), генетикийн болон биометрик мэдээлэл зэрэг нэр томьёог бусад улс орны жишигт тулгуурлан тодорхойлжээ. Хоёрдугаар бүлэгт хүний хувийн мэдээлэл цуглуулахад эзнээс нь зөвшөөрөл авах, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хувийн мэдээлэл цуглуулж, ашиглаж болох үндэслэлийг тогтоосон байна. Мөн хүний эмзэг болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл, түүх, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглах зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн нас барсан хүний хувийн мэдээллийг хэрхэх талаар төсөлд оруулжээ.
Гуравдугаар бүлэгт хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоосон бол дөрөвдүгээр бүлэгт мэдээлэл хариуцагч нь эзний өмнө хүлээх үүргийг тусгасан байна. Төслийн тавдугаар бүлэгт хүний хувийн мэдээллийг хамгаалах, цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой зөрчлийг мэдэгдэх, нөлөөллийн үнэлгээ хийх талаар, зургадугаар бүлэгт үүнийг хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг тодорхой болгожээ.
Хуулийн төслийн долдугаар бүлэгт дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дуу, дүрсний бичлэгийн системд тавих шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан бол наймдугаар бүлэгт хүний хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах талаар хориглох зүйл, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагататай холбоотой бусад зүйлийг зааж өгчээ.
Эл төсөл батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн хувь хүнээс мэдээллийг нь цуглуулах, боловсруулах талаар зөвшөөрөл авах тогтолцоо бүрдэнэ. Хувь хүн, мэдээлэл хариуцагч болон боловсруулагчийн эрх, үүргийг тогтоосноор мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөрөөр ашиглахад хязгаар тогтоож, үүнийг алдагдахаас урьдчилан сэргийлнэ. Хүний хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах талаар хориглох зүйлийг тогтоож, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ. Ингэснээр хүний эрхийн баталгаа дээшилнэ гэж төсөл боловсруулагчид үзэж байна.
Дээрх төслийг дагалдуулан Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан. Тодруулбал, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийх, дуу, дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад харуулах, эсвэл хуулбарлаж өгөх, хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийх зэрэгт 500-8000 мянган нэгжтэй тэнцэх торгууль ногдуулахаар Зөрчлийн тухай хуульд тусгах нь.
Мөн хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөрөөр мэдээллийг ашиглах, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас авч боловсруулан, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлох, хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг хөндөж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлэх зэрэгт иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт Зөрчлийн тухай хуульд оруулахаар төсөлд тусгажээ.
Хүний хувийн мэдээллийг хууль зөрчин ашигласан бол Зөрчлийн хуулиар шийтгүүлээд зогсохгүй эрүүгийн хариуцлага ч хүлээх нь. Тухайлбал, хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахаар байршилд дуу, дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсвэл бусдад дамжуулсан бол торгохоос гадна 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил гэж цахилгаан шат, ариун цэврийн, хувцас солих, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг оруулах юм байна.