Төгрөгийн хадгаламж 2.8 их наяд, валютынх 1 их наядаар өссөн байна
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (17.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэхдээ онцлов. Ийнхүү өсөхөд,
- Валютын хадгаламж нэг (28.9 хувь) их наяд төгрөгөөр,
- Төгрөгийн хадгаламж 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Харин бага мөнгө (M1) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 322.4 (7.7хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 216.5 (5.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний задаргааг харвал,
- 3.1 (80.8хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
- 0.7 (19.2хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.
Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.2 (1.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 168.9 (20.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 218.1 (1.6хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өсчээ.
Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал:
- 89.4 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
- 10.6 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна.
Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 58.2 (1.3хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг (28.9хувь) их наяд төгрөгөөр өсчээ.
Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.