Т.Доржханд: Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бус эсрэгээрээ Засгийн газар ачаагаа үүрэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Та сайхан шинэлэв үү. Өнгөрөгч төмөр хулгана жил хэр өнгөтэй байв?
-ХҮН-ын хувьд УИХ, Нийслэл, дүүргийн ИТХ-д суудалтай, шат шатанд өөрсдийн төлөөллөө оруулсан амжилттай жил байлаа.
-Сар шинийн баяр бол монголчуудын хувьд онцгой чухал баяр. Та Цагаан сарын ёс жаягийн талаар хэр мэддэг вэ?
-Уламжлалаа хүндэтгэлгүй л яах вэ. Гэхдээ ёс жаягийг маш нарийн сайн мэдэх үү гэвэл үгүй ээ. Үнэнээ л хэлье дээ.
-Таны Сар шинийн баяраар хүргэсэн мэндчилгээ сошиалаар нэлээн л явах шиг боллоо. Монгол гэр биш тусгайлан бэлдсэн газар байх шиг байсан. Мэндчилгээн дээрх тавгийн идээг хэн бэлдсэн бэ?
-Шулуухан л хэлье дээ. Уг нь оффис дээрээ нэг мэндчилгээ хийсэн л дээ. Тэр нь манай намынханд гологдсон. Аргагүй биз, бэлдсэн юмгүй байгаагаараа л мэндчилгээ дэвшүүлчихсэн. Гэтэл “Монголын уламжлалт баяр болж байна. Тиймээс тусгайлан бэлдсэн студид мэндчилгээгээ хийлгэвэл дээргүй юу” гэсэн. Ингээд нэг студид очиж хийлгэсэн. Студи дотор гэр засаад, тавгийн идээ, эмээл гээд уламжлалыг хадгалсан бүхий л зүйл байсан. Их л уламжлалаа боддог малчдад зориулсан телевизийн студи байсан л даа. Ороод мэндчилгээгээ дэвшүүлсэн. Их таалагдсан. Үнэндээ хаана, юу байгааг нь анзаараагүй. Анзаарах нь битгий хэл амьхандаа их л хүндэтгэлтэй хандсан. Их гоё газар хийж байна гэж бодсон.(инээв) Мэндчилгээгээ цацсаны дараа дөрвөн үе тавгийн асуудал гараад ирчихсэн. Телевизийнхээ хүмүүсээс энэ ямар учиртай вэ гээд асуусан чинь "Таван үеэр зассан боловч дээрх жижиг ааруулууддаа дарагдчихсан байна" гэхээр нь “Аан тийм үү” гээд л өнгөрсөн”. Цагаан сар болж байхад "Студи ийм таваг засчихаж, би мэндчилгээ л дэвшүүлсэн юм" гэдэг ч юмуу өөрийгөө өмөөрөх, өрөөл бусад руу нялзаагаад баймааргүй байна. Ийм үйлдэл чинь бэлгэгүй шүү дээ. Уламжлалт Цагаан сарын баяраа бэлгэдэж, хүндэтгэж бэлгэтэй ерөөл дэвшүүлье гэж очсоноос орчныг нь анзаарсангүй ээ. Хэн нэгнийг буруутгах бодол алга. Гэхдээ цаашид анхаарна аа л гэж бодож байна.
-Үхэр жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн өнгийг та хэрхэн харж байна?
-Энэ жил амаргүй жил болох нь дээ л гэж харж байна.
Тэр дундаа эхний хоёр улирал. Учир нь коронавирусийн хүндрэл үргэлжилсэн хэвээрээ байна. Үүнтэй зэрэгцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Маш их улстөржиж, талцсан уур амьсгал үүсэх нь гэж харж байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буюу гуравдугаар улирлаас Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлага байна. Дэлхий нийтээр вакцинд хамрагдаж эхэлсний дараа буцаад хэвийн байдалдаа шилжих байх гэсэн прогноз байна. Тэгэхээр оны сүүлийн улиралд иргэдийн амьдрал дээшилж, эдийн засаг ч сэргэнэ гэж итгэж байна.
-Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Уг хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ цаг үед эдийн засгаа сэргээх, тэр дундаа ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүний хувьд ХҮН-ын эдийн засагч, судлаачидтай хамтарч УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьсан. Төслийн гол агуулга нь хувийн сектор бизнесийг идэвхжүүлж, 200-400 мянган ажлын байраа хамгаалах хөтөлбөр. Яагаад ийм хөтөлбөр хэрэгтэй байгаа талаар ярихаасаа өмнө хоёр зүйлийг дурдъя. Хэрвээ санаж байгаа бол эрх баригчид Засгийн газраас иргэдийн орлогыг баталгаажуулж хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүн нь сайн байгаа. Хоёр, оны өмнө айл өрхийн цахилгаан, дулаан усны хэрэглээний зардлыг Засгийн газар нуруун дээрээ авсан. Энэ бол байгаа оносон арга хэмжээ. Гурав, одоо юу хэрэгтэй байна гэхээр хамгийн гол нь ажлын байраа хамгаалах. Олон улсын дунджаар бодоход нэг ажлын байрыг шинээр үүсгэхэд 10 мянган ам.доллар, харин байгаа ажлын байрыг хамгаалахад таван мянган ам.доллар зарцуулдаг. Тиймээс байгаа ажлын байраа хамгаалах нь чухал учраас энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.
Засгийн газраас гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжинэ гэж ойлгосон. Ингэхдээ Монголбанкин дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байдлаар, зах зээлийн зарчмаар бус, төсвөөс гадуурх эх үүсвэрээр хэрэгжүүлбэл эрсдэл үүснэ гэж харж байна. Өмнө нь 2012-2016 онд төсвөөс гадуур олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бүгдийг нь Монголбанк санхүүжүүлсэн. Ингэхдээ заримыг нь мөнгө хэвлээд санхүүжүүлсэн шүү дээ. Иймэрхүү схемээр явна гэвэл маш буруу, бид хүчтэй эсэргүүцэх болно. Учир нь мөнгөний нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар бус огцом өсгөвөл үр дүнд нь долларын ханш өснө. Ингэхээр дотоодын мөнгөний нийлүүлэлтээ нэмсэн бус төлбөрийн баланс дээр ачаалал аваад импортоо дэмжинэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа идэвхжлээ гээд мөнгө нийлүүлбэл тэр мөнгийг чинь доллар ч юмуу юань болгож гаднаас импортын хэрэглээгээ дэмжинэ. Үр дүнд нь долларын эрэлт өснө. Ингэхээр мөн инфляци өсөх магадлалтай. Тэгэхээр нэг талдаа бизнесээ идэвхжүүлсэн ч нөгөө талдаа нийтээрээ дарамт хүлээж авдаг буцаад төсөв, төлбөрийн баланс нь алдагдалтай, мөнгөний ханшаа алдчихсан ийм нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна.
-Тэгвэл үүнийг яаж засч, яаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бус эсрэгээрээ Засгийн газар ачаагаа үүрэх хэрэгтэй. Монголбанкинд байгаа 8-9 их наяд төгрөгийг Засгийн газар бонд гаргаж татаж авах нь зөв. Бидний өргөн барьсан тогтоолын төслөөр бол дор хаяж гурван их наяд төгрөгийг дотоодын зах зээлээс босгох боломж байгаа юм. Учир нь 2021 оны өрийн хязгаар нь ДНБ-ний 70 хувь гэсэн хязгаар байгаа. Үүнийг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой заасан. Засгийн газрын одоогийн өр 62-63 хувьтай байгаа. Тэгэхээр Засгийн газраас 3-4 их наяд төгрөгийн бонд гаргаж татан төвлөрүүлэх боломж нь байна. Тиймээс үүнийг ашиглаж Засгийн газраас бонд арилжих хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү өнөөдөр зургаан хувь байна. Банкуудын найм орчим их наяд төгрөг Монголбанкинд байршчихсан байгаа шүү дээ. Энэ мөнгөний (найман их наяд төгрөгийн) өгөөж нь 4.5 хувь. Учир нь Төв банкны үнэт цаасны хүүгийн орлогын татвар нь 25 хувь байдаг. Хэдийгээр зургаан хувьтай мөнгө паркалж байгаа ч гэсэн татвараа хасчихвал 4.5 хувиар банкууд төв банкинд мөнгөө байршуулж байгаа юм. Засгийн газраас таван хувийн хүүтэй бонд гаргаж банкуудад арилжвал банкууд илүү хүүтэй рүү нь мөнгөө байршуулна. Тэгэхээр Засгийн газар бондоо арилжих замаар Төв банкинд байгаа мөнгийг татан авч болж байгаа юм. Энэ нь дор хаяж гурван их наяд төгрөг болно. Энэ мөнгөө банкуудаар дамжуулан зээлүүлбэл үйл ажиллагааны зардал, ашиг гээд хүү нэмэгдчихнэ шүү дээ. Хүү нэмэхгүйгээр яаж тарааж болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Засгийн газрын өөрийн Хөгжлийн банк, Төрийн банк гэх хоёр институцийг ашиглах хэрэгтэй. Төрийн банк бүх орон нутагт салбартай учраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд жилийн таван хувийн хүүтэйгээр өгч болно. Харин Хөгжлийн банкаар дамжуулж дундаас дээш аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуураар зээлэх хэрэгтэй. Ингэхэд нэгдүгээрт, хүүнээс гадна хамгийн гол нь хугацаа байгаа юм. Богино хугацааны зээл аваад түүнийхээ эрсдэлийг дааж мөнгөө төлөөд явна гэдэг бол өнөөгийн нөхцөлд амаргүй. Ер нь банкуудын эх үүсвэр хадгаламжтайгаа уяатай байдаг болохоор үүндээ үндэслэж ихэвчлэн нэг жилийн хугацаатай зээл өгдөг. Тэгвэл Засгийн газраас 3-5 жилийн хугацаатай зээл өгөх. Үүнээс гадна эхний нэг жилдээ үндсэн өрөөс чөлөөлөх хэрэгтэй. Үндсэн өрийн төлбөрийг төлөхгүй хүүгийн өрийг төлөөд явахаар зохицуулчихвал коронавирусийн хүндрэлийг энэ жилдээ даваад гарчихна гэсэн хүлээлт байна. Мөн дээрээс нь коронавирусийн эсрэг вакциныг энэ жилд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Тиймээс бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд ийм нөхцөлтэй зээл авсан тохиолдолд ажлын байраа хадгалж чадна. Мөн бизнесийн идэвхжил, эрэлтийг хангаж чадна. Бас нэг чухал зүйл нь санхүүгийн систем, төлбөрийн балансад хүндрэл учруулахгүй, долларын ханшийг өсгөхгүйгээр зах зээлийн зарчмаар энэ арга хэлбэрийг ашиглаж бүгдээрээ хожих хувилбар байна.
-Дараагийн нэг чухал асуудал бол Оюу толгойн гэрээ. Зарим хэсэг нь Оюу толгойн гэрээг цуцлах ёстой гэж үзэж байхад зарим нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Оюу толгойн асуудлаар манай мэргэжилтнүүд санхүүгийн модел боловсруулах чиглэлээр ажиллаж байна.Манай Засгийн газар өөрсдийн модел дээр суурилж санхүүгийн нөхцөлүүдээ ярихгүй бол хөрөнгө оруулагч талын тоон дээр ажиллаж, тэр нь улстөржих сэдэв болоод байгаа. Гэрээг монголчуудад ашигтай байхаар сайжруулах нь зөв шүү дээ. Ингэхдээ улстөрчид биш, харин сайн мэргэжилтнүүдийн баг хэлэлцээрт суух нь зөв гэсэн байр суурьтай байгаа.