Ажлын байрандаа архидаж, зодолдсон ХААДС-ийн удирдлагыг ажлаас нь чөлөөлнө
Өчигдөр буюу 15-ны өдөр "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-гийн ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, хоорондоо зодолдон, цагдаагийн байгууллагад хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, тус сангийн дэд захирлууд болох Н.Алтанзагас, М.Цэрэндорж нар, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар ажлын байрандаа архидан согтуурч хоорондоо зодолдсон гэх мэдээлэл гарсан.
Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Х.Баатархүүгээс тодруулахад, "Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн, шалгаж байгаа. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус газарт очиход ажлын байран дээрээ байгаагүй тул нэр бүхий иргэдийг өнөөдөр хэлтэс дээр дуудан шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Дээрх асуудлаар салбарын сайд З.Мэндсайхан "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан эрхэлсэн ажилдаа хариуцлага алдлаа.
Надад ирсэн мэдээллээр таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн байна. Иймээс ажлын байранд архи уусан, ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг Төрийн албаны хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлнө" хэмээн мэдээллээ.
Түүнчлэн ажлын байрандаа архи уусан алба хаагчдыг чөлөөлөх, албан тушаал бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулахаар болсон аж. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс ажлын байранд архидан согтуурах, тамхи татвал ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хурлаас гаргаж байсан. Ажлын байрандаа архидсан ХААДС-гийн дэд захирлууд, бусад албан тушаалтныг эл шийдвэрт үндэслэн чөлөөлөх юм байна.