Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт, Шүүхийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаад буй. Түүний хувьд Үндсэн хуулийн цэцэд анх удаа хүсэлт гаргасан нь энэ.
1992 оны долдугаар сард Цэц байгуулагдсанаас хойш буюу бараг 30 жилийн хугацаанд Төрийн тэргүүний зүгээс тус байгууллагад ердөө гурван удаа хүсэлт гаргасны нэг нь энэ юм.
…Өнөөгийн Төрийн тэргүүний санал болгосноор тус албанд томилогдсон хүмүүс бол Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нар. Үндсэн хуулийн цэц гэлтгүй өөр олон байгууллагын тодорхой албан тушаалд очсон хүмүүс томилуулахаар санал болгосон эрх мэдэлтэнд үнэнч, гар хөл нь болдог, хуулийг уландаа гишгэдэг гэх шүүмжлэл манайд хаа сайгүй байдаг. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг түүний санал болгон томилуулсан хүмүүст хуваарилчихвал уг маргааныг хэлэлцэх үйл явц илүү шуурхай өрнөхийг үгүйсгэхгүй. Цэц дээрх хуулиудын холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчиж байна гээд шийдчихвэл Ерөнхийлөгчийн хүсэл биелж, “булаагдсан” эрх мэдэл нь түүнд үлдэнэ…
Өмнө нь Ерөнхийлөгч П.Очирбат хоёр удаа хүсэлт гаргаж байжээ. Тодруулбал, 1993 оны нэгдүгээр сарын 11-нд Цэцэд хандаж, Татварын ерөнхий хууль болон Хүн амын орлогын албан татварын хуулийн хэд хэдэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйлтэй харшилж байна хэмээн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байдаг. Үүнийг Цэц хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан ч УИХ хүлээж аваагүй. Улмаар Цэц бүх гишүүний хурлаараа дахин хэлэлцэж, дээрх хуулиудын холбогдох заалтыг хүчингүй болгохоор тогтоол баталж байв. Харин 1994 онд гаргасан түүний хүсэлт нь УИХ-ын тогтоолтой холбоотой. Улсын бага хурлын 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцсэн тухай УИХ-ын 66 дугаар тогтоолд Ерөнхийлөгч П.Очирбат бүхэлд нь хориг тавьсан ч түүнийг нь парламент хэлэлцээгүй хэмээн Төрийн тэргүүн Цэцэд уламжилсан хүсэлтдээ онцолсон байдаг. УИХ-ын хувьд Ерөнхийлөгч хоригоо хуулийн хугацаанд тавиагүй тул хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн Хууль зүйн байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор 70 дугаар тогтоол баталсан байна. Иймд Төрийн тэргүүн Үндсэн хуулийн цэцэд 70 дугаар тогтоолыг “өгсөн” хэрэг. Ерөнхийлөгчийн хүсэлтийг Цэц хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул дараагийн алхам болгон Үндсэн хуулийн цэцэд хандаж буй. Тэрбээр Авлигын эсрэг, Шүүхийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хоёр заалтад тавьсан хоригийг нь л УИХ хүлээн авч, бусдыг нь эргэн харах шаардлагагүй гэж үзсэн юм. АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч санал болгон томилуулдаг байсныг болиулж, эл эрхийг Ерөнхий сайдад шилжүүлснийг өнөөгийн Төрийн тэргүүн эсэргүүцэж буй. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулж байгаа Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тал хувийг парламент нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор хуульчилсныг дэмжихгүй байгаа билээ. Улмаар Төрийн тэргүүн эдгээр хуулийн холбогдох заалтын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандах, эсэх талаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан санал асуулга явуулсан юм. Эдгээр хуулийн тухайлсан заалтуудын дагуу явуулсан санал асуулгын дүн ч түүнийг Цэцэд хандахад хүргэсэн бололтой. Юутай ч тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Харин хүсэлтийг нь Цэц хэрхэн шийдвэрлэх бол.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авахдаа “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бусад төрлийн үйл ажиллагаанаас ялгаатай нь хүсэлтийг хүлээн авч, шалгаж байгаа гишүүн татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэдэг” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнаас ирүүлсэн хүсэлт нь маргаан үүсгэх шаардлага хангасан болон бусад нэмэлт шаардлагатай материал байгаа, эсэхээс үл хамааран шалгаж эхлэх ёстой. Үндсэн хууль зөрчсөн тухайд иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэхэд 14 хоног зарцуулдгаас өөр, хугацаа алдахгүй гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт өөрийн биеэр хүсэлтээ хүргэж өгсөн тул Үндсэн хуулийн цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд нь хэдийн хуваарилсан байх учиртай. Цэцийн дарга Н.Чинбат ч тухайн хүсэлтийг хүлээн авснаас 2-3 хоногийн дотор аль нэг гишүүнд хуваарилахаа хэлсэн.
Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн хүсэлтийг Цэц юу юугүй хэлэлцчихнэ гэсэн үг бас биш. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хуралдаанд бэлтгэх ёстой. Маргагч талуудад хүсэлтийн хуулбарыг гардуулж, хуралдаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэхээс авхуулаад хуралдаанд бэлтгэхэд 30 хоног зарцуулахыг хуулиар зөвшөөрдөг. Цаашлаад маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэлх хоногоор сунгаж болно. Иймд эл маргааныг Үндсэн хуулийн цэц хоёр сар гаруйн дараа буюу ирэх дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр хэлэлцэж ч болохоор байгаа юм. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, Монголын улс төрийн амьдрал ид бужигнаж байх биз.
Гэвч Үндсэн хуулийн цэцийн дарга Ерөнхийлөгчийн хүсэлтийг шалгаж, хуралдаанд бэлтгэх үүргийг хэнд хуваарилах вэ гэдэг нь хамгийн чухал. Учир нь Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог. Өнөөгийн Төрийн тэргүүний санал болгосноор тус албанд томилогдсон хүмүүс бол Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нар. Үндсэн хуулийн цэц гэлтгүй өөр олон байгууллагын тодорхой албан тушаалд очсон хүмүүс томилуулахаар санал болгосон эрх мэдэлтэнд үнэнч, гар хөл нь болдог, хуулийг уландаа гишгэдэг гэх шүүмжлэл манайд хаа сайгүй байдаг. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг түүний санал болгон томилуулсан хүмүүст хуваарилчихвал уг маргааныг хэлэлцэх үйл явц илүү шуурхай өрнөхийг үгүйсгэхгүй. Цэц дээрх хуулиудын холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчиж байна гээд шийдчихвэл Ерөнхийлөгчийн хүсэл биелж, “булаагдсан” эрх мэдэл нь түүнд үлдэнэ.
Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субъект бий. Тэдгээр нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, Дээд шүүх. Өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд энэ таван субъектээс 17 хүсэлт ирүүлсэн байдаг аж. УИХ-аас хүсэлт ирүүлж байгаагүй бөгөөд Дээд шүүхээс дийлэнхийг нь илгээжээ. Засгийн газрын тухайд 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандсан түүхтэй. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг шалгуулахаар Цэцэд хүсэлт гаргасан юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдаж буй гэх бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн гэж үзэж, парламентын нэр бүхий 26 гишүүн эл асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас шаардсан. Гэсэн ч УИХ-ын дарга тухайн үед нь ээлжит бус чуулган зарлаж, уг асуудлыг хэлэлцүүлээгүй. Энэ нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг зөрчсөн хэмээн Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Харин энэ хүсэлтийг хянан шийдвэрлэх хуралдаанд бэлтгэх хугацааг Цэц 30 хоногоор сунгаж, хэлэлцэж амжаагүй байтал УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлснөөр энэ дуулиан намжсан юм.