Ч.Баттогтох: "Хэзээ ч улстөржүүлж болохгүй сэдэв бол вакцинжуулалт!"
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга Анагаах ухааны доктор, дэд профессор, Ч.Баттогтохтой ярилцлаа.
-Вакцин гэж юу вэ? Вакцин биднийг халдвараас хамгаалж чаддаг уу?
-Вакцин хэрэгтэй хэрэггүй, хийлгэнэ хийлгэхгүй тэр бүү хэл вакциныг Монгол хүн дээр туршиж байна гэсэн янз бүрийн яриа хүмүүсийн дунд байдаг. Вакцины тухай зөв тайбарлахын тулд дараах зүйлийг эхлээд бодож үзье. Хүмүүс ямар нэг халдварт өвчнөөр дахин дахин өвддөг мөртлөө зарим өвчнөөр нэг өвдчихвөл дахин өвддөггүй. Ямар учиртай юм бол? Дэлхий ертөнц дээр хаа сайгүй бактери, вирус, шимэгч, мөөг гээд жижиг бичил биетэн оршин бидэнтэй зэрэгцэн амьдарч байдаг. Хүний биед, далай тэнгист, хад чулуунд, амьд биетэд ч, амьгүй зүйлд ч тэр. Энэ бүх бичил биетэн бүгд хүнд аюул учруулах уу гэвэл үгүй.
Хүний биед хэвийн үед байдаг бичил биетнийг 2000 оноос хойш түлхүү судалж байна. Хүний арьс, хоол боловсруулах гэх мэт эрхтэнд байршдаг олон тооны бичил биетнүүд нь ашиг тустай бөгөөд хүний биеийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг хадгалах нь ч бий. Бичил биетэн гэдэг нь бидний нүд харж чадахгүй өчүүхэн жижиг зүйлийг хэлээд байгаа юм. Эдгээр маш өчүүхэн жижиг бичил биетүүдийг микробиологийн буюу бичил амь судлал гэх шинжлэх ухаан судалдаг. Анагаах ухаанд түлхүү судлагдсан нь бактери, вирус.
Бичил амь судлалын шинжлэх ухаан хөгжөөд 300 гаруй жил, тэр дотроо хамгийн жижиг бичил биет болох вирусийг судлаад 130 орчим жил л болж байна. Одоо ч бүрэн судлагдаагүй, учир шалтгаан нь тодорхойгүй зүйлс байсаар байна.
-Тэгвэл дархлаа гэж юу вэ?
-Хүн амьдралынхаа туршид маш олон тооны халдварт өртдөг. Халдварт огт өртөхгүй байх боломж байхгүй. Нэгэнт бид байгалийн бүтээгдэхүүн тул байгальд байгаа янз бүрийн бичил биетэнтэй тулгарч байдаг. Тэр болгонд хүний дархлаа тогтолцоо гэх нарийн зохион байгуулалт бүхий урвал өрнөж байдаг. Гэхдээ энэ нь хүн бүрт яг ижил нэг загварын машин шиг ажилладаг гэсэн үг биш. Тухайн хүнд эцэг эхээс заяасан генийн онцлогоос хамаарч зарим халдварт өртөмхий байхад зарим халдварт тэсвэртэй байх жишээтэй байж болдог.
Зарим хорт зуршил хэрэглэдэг хүнээс огт хэрэглэдэггүй болон бага хэрэглэдэг хүн тухайн хортой бодист илүү мэдрэг өвчлөмтгий байх нь анзаарагддаг. Нэг ижил халдварт өртсөн хирнээ зарим хүн маш хүнд өвчилж байхад заримд нь өвчний хөнгөн, бүдэг шинжээр илрээд өнгөрдөг. Үүнийг одоогийн цар тахлын халдвар ч харуулж байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар болон гадны хорт нөлөөнд хүн хүний үзүүлэх хариу үйлдэл буюу дархлааны урвал өөр өөр байдгийн нотолгоо энэ. Яг адилхан халдварт үзүүлэх хариу урвал 1-рт, тухайн хүний генетикийн буюу дархлаа тогтолцооны онцлог, 2-рт нас, 3-рт, халдвар авах үеийн эрүүл мэндийн ерөнхий байдлаас шалтгаалж өөр өөр байна.
-Дархлаагаар оролдож болохгүй гэж үздэг ийм учиртай байжээ?
-Тийм. Тэгэхээр дархлаа тогтолцоо хэрэгтэй үедээ зохимжит хариу урвал өгдөг тэнцвэртэй байх нь л хамгийн чухал. Эдгэрч буй хүмүүс гэдэг бол дархлааны хариу урвал зохимжит түвшинд явагдсан гэсэн үг. Ер нь ихэнх вирусийн халдвар өөрөө аяндаа эдгэдэг буюу тухайн хүний дархлаа тогтолцоо эдгээдэг гэсэн үг. Тиймээс вирусийн шалтгаант ихэнх цочмог халдварын үед вирусийн эсрэг эмийг хэрэглэдэггүй, шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Харин архаг халдварын үед вирусийн эсрэг эмээр эмчлэх нь чухал. Дархлаа тогтолцооны хэвийн тэнцвэрт байдалд мэдээж хэрэг биеийн ерөнхий эрүүл мэнд, хоол унд, нойр , сэтгэл санаа, дасгал хөдөлгөөн гээд олон зүйл нөлөөлнө.
Вакцин гэдэг зүйл нь дархлааг зохиомлоор өдөөж ой санамж үүсгэж байгаа хэрэг.
Дархлааны урвалыг өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилдаг. Өвөрмөц дархлаа гэдэг нь яг ямар халдвар биед орсныг таниад, түүний эсрэг чиглэсэн урвал өрнөдөг бол өвөрмөц бус дархлаа ямар ч байсан гадны биет биед орж ирлээ гээд тухайлан танихгүй ч гэсэн хамгаалах хариу урвал үзүүлдэг. Өвөрмөц бус дархлааны урвалыг биеийн эсэргүүцэл сайн муу гэсэн ойлголттой дүйцүүлж болох юм даа. Вакцин бол өвөрмөц дархлааг л бий болгох зорилго агуулдаг. Энэхүү өвөрмөц дархлаа нь тухайн өвчнөөр өвдөж байж, эсвэл вакцин хэрэглэснээр үүсдэг. Тэгэхээр вакцин гэдэг маань заавал өвчлүүлж санамж үүсгэхгүйгээр өвдөхөөс нь өмнө дархлааны ой санамж үүсгэх зорилготой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн халдварын эсрэг зохиомлоор ой санамж үүсгэхийг л ВАКЦИН гээд байгаа юм. Үгийн үндэс нь "ВАК" буюу үхэр гэсэн латин үгнээс гаралтай.
-Яагаад дөнгөж төрсөн хүүхдэд вакцин хийдэг юм бэ?
-Дөнгөж төрсөн нярайн дархлаа тогтолцоо хамгийн эмзэг, хөгжөөгүй байдаг тул аливаа халдварт хамгийн өртөмхий. Таван нас хүртлээ хүүхдийн дархлаа тогтолцоо боловсорч бие гүйцэж хөгждөг. Энэ насандаа хүүхэд халдвараар маш их өвддөг. Тийм ч учраас аливаа улс орны эрүүл мэндийн тогтолцооны чадамжийг хэмжих хэмжүүрийн нэг нь 0-5 насны хүүхдийн нас баралтын түвшин байдаг. Энэ насандаа хүүхэд ялангуяа амьсгалын замын халдварт өвчин, суулгалт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр улмаар өвчний ноцтой хүндрэл, үлдэц, нас баралтаас сэргийлэхийн тулд аль болох бага насанд нь түрүүчийн ярьдаг өвөрмөц дархлааг зохиомлоор бий болгож өгдөг гэсэн үг.
-Томуугийн вакцин хийлгэсэн ч бид ханиад хүрсээр л байдаг. Энэ ямар учиртай вэ?
-Томуугийн вакцин хийлгэлээ гээд томуугаас бусад вирусийн халдварт өртөхгүй гэсэн үг биш. Ханиад шуухинаа, томуу гэдэг хоёр өөр ойлголт. Амьсгалын дээд замыг гэмтээж байдаг маш олон вирус бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахлууд ихэвчлэн томуугийн шалтгаантай байсан харин 2003 оноос хойш коронавирусийн шалтгаант цар тахал хэд хэд дэгдлээ.
-Бүх халдварын эсрэг вакцин гаргах боломж бий юу?
-Өвөрмөц дархлаа тогтохгүй дахин дахин өвдөөд байдаг, эсвэл тогтсон ой санамж нь удаан үргэлжилдэггүй өвчин байдаг. Ялангуяа, БЗХӨ, тэмбүү, заг хүйтэн. Эрдэмтэд одоо хүртэл ХДХВ-ийн эсрэг вакцин гаргаж авч чадаагүй л байна. Дэлхий нийтийг хамарсан гурван төрлийн цар тахлын түвшний тархалттай халдварт өвчин бол ДОХ, сүрьеэ, хумхаа. Гэхдээ эдгээр өвчний үргэлжлэх хугацаа харьцангуй удаан учир амьсгалын замын цочмог халдвар шиг хүмүүс цочирдож хүлээж авах нь бага байх шиг байна. Манай орны хувьд цаг уурын онцлогоос хамаарч хумхаа өвчин дамжих эрсдэлгүй, ХДХВ-ийн тархалтыг олон жил бага түвшинд барьж байгаа, харин сүрьеэ өвчний хувьд харьцангуй өндөр тархалттай. Эдгээр өвчний эсрэг вакциныг эрдэмтэд одоог хүртэл гаргаж авч чадаагүй байгаа. ХДХВ гэхэд дархлааны эсүүдийг сонгож гэмтээдэг, нөгөө талаар РНХ агуулсан вирус учир үржих явцдаа маш их мутацид ордог. Үүнээс үүдээд вакцин гаргаж авах маш төвөгтэй болдог байх нь. Тэмбүү бол хамгийн эртний өвчин. Вирусээр биш бактераар үүсгэгддэг. Эргэж халдварладаг. Олон үе шаттай. Зарим тохиолдолд мэдрэл, зүрх судасны эрхтэнг гэмтээж, 30-40 жилийн дараа ч үр дагавар нь илэрч байдаг.
-Эрдэмтэн хүний хувьд таны Ковид-19-ийн вакцины сонголт ямар вакцин байх бол гэдэг сонирхол татаж байна?
-Нэг талаар дэлхий нийтийг тэр чигээр нь хөдөлгөж буй аюулт халдвар гэдэг утгаараа нөгөө талаар долоон тэрбум хүнд зориулсан зах зээл гэдэг утгаараа вакцин үйлдвэрлэлийн салбарт маш том өрсөлдөөн болж байна. Одоогоор клиникийн үе шатаа давсан долоон вакцин байна. Үүний зарим нь амьд сулруулсан вакцин, зарим нь зөөгч вируст суурилуулсан вакцин, сүүлийн 2 нь РНХ-д суурилсан вакцин байна. Эрдэмтний хувьд оношлуур үйлдвэрлэл, эмийн салбарт АНУ-ын Хүнс ба эмийн хороо (FDA) болон Европын холбооны дүгнэлт, шинжилгээг илүү сонирхон хардаг. АНУ-аас гаралтай Байонтекийн вакцинд Англичууд түрүүлээд баталгаа өгчихсөн явдал Америкчуудыг гайхшруулж байгаа....
-Хөл хорио корона вирусээс хамгаалж чадах уу?
-Хөл хорионы дэглэм нь зөвхөн корона вирусийн халдвар гэлтгүй амьсгалын замын бүхий л халдвар дамжих эрсдлээс хамгаалж байна. Маск зүүх, хөл хорио зэрэг нь халдварын өвөрмөц бус сэргийлэлтдээ ордог. Өөрөөр хэлбэл, халдвар дамжих магадлалыг бууруулж байгаа арга гэж ойлгож болно.
Ярилцсан: М.Сугарсүрэн, said.mn