Ойрын хавьтлуудаас 44 хүн, "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр хоёр хүнээс халдвар илэрчээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өчигдөр хийсэн коронавируст халдварын шинжилгээ, хөл хорио, "Нэг хаалга-нэг шинжилгээ" аяны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
"Нэг хаалга-нэг шинжилгээ аян"-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохоилдол (өчигдөр 2, өнөөдөр 2) илэрлээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хоёр хүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Шинэ голомт гэж үзэж болно.
ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байсан иргэдээс (хавьталгүй) өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн.
Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Иргэд хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн хэрэгжүүлсэн учраас халдварын голомтуудад хийсэн шинжилгээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байдалтай байна.
Хоёрдугаар сарын 23-наас хөл хориог цуцална. Масс дундаас халдвар илэрвэл гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг хийнэ. Өнөөдөр нийт 20 орчим мянган иргэнээс PCR шинжилгээ авна." гэж Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.