Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй адал явдлын тухай хүүхэлдэйн киног бүтээсэн аав, охин хоёр шагнал хүртлээ.
Буриадын "Үлэгэр" хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Найрамдал " медалиар шагнасан байна. Улаан Үд дэх Монголын Ерөнхий консулын газраас тэдэнд хүндэтгэл үзүүлэн найман настай Янжим охинд гарын бэлэг гардуулжээ.
Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээсэн билээ. Ингээд та бүхэнд Эрдэни Жалцановтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу, Та? Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, сайн байна уу?
-Улаан-Үдээр сонин сайхан юутай, уран бүтээл олз омог ихтэй юу?
-Улаан-Үдэд ойрд тэнгэр бүрхэг ч дулаахан байна. Тас хийсэн жавартай өдрүүд удахгүй болно.
Би 2000 оноос хойш Хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаач, Буриад FM радиод хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч, найруулагчаар ажиллаж байна. Урлаг өөрөө хязгааргүй болохоор уран бүтээл арвин байнаа.
-Танд буриад зон олноос гадна өөр үндэстэн ястны аж амьдралаас сэдэвлэсэн бүтээл бий юу?
-2010 онд Эвэнк буюу цаатан үндэсний үлгэр домог, ёс заншлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бичиж, найруулан тавьсан. Энэ жүжиг минь надад гурав дахь "Золотая маска" авчирсан түүхтэй.
-Та монгол ахан дүүстэйгээ хэдий үеэс холбогдсон бэ?
-1991 оноос Хасар Жаргалсайхантай бид дотно найзууд болсон. Мөн Ц.Төмөрбаатар, яруу найрагч Хэнтийн Батхүү, драмын театрын жүжигчин Түвшинхүү, Хүүхэлдэйн театрын ахмад жүжигчид гээд нэрийг нь дурдахад дуусахгүй олон найз нөхөд бий. 2007 онд Монголын Хүүхэлдэйн театртай Бавуугийн Лхагвасүрэн гуайг дарга байхад хамтран ажиллаж, харилцан айлчлан тоглолт хийж, Халимаг руу фестивальд цугтаа явж байсан сайхан дурсамжтай. Одоо ч манай Хүүхэлдэйн театрт Санкт Петербургт төгссөн таван авьяастай монгол залуус тав дахь жилдээ ажиллаж байна.
-Эртний сайхан харилцааг ганхаахгүй, гагнаж яваа танд талархмаар байна. Ингэхэд та аль нутгийн хөвүүн бэ?
-Баярлалаа. Би Сартуул буриад хүн. Бидний өвөг дээдэс Завхан нутаг орчмоос гурван зуугаад жилийн тэртээ Буриадад нүүж ирсэн. Сартуул буриад халх аялгатай хамгийн төстэй. Бидний ёс заншил, ахуй соёлд ч адилхан зүйл их байдаг. Манай Зэд аймаг Сэлэнгэ аймагтай хиллэдэг болоод ч тэр үү бид монголоор бусад буриадаас илүү сайн ярьдаг.
-Таны уран бүтээлийг ажиглахад, нутгийн аялга анзаарагдсан?
-Тиймээ. Хүүхдүүд багаасаа цэцэрлэг, сургуульд орос хэлээр сурна. Хорь, сонгоол, булгад, ага гэх мэт буриад аялга бий ч буриадууд голдуу оросоор ярих юм. Буриад монголоо мэдэхгүй буриадууд ч их. Дараагийн бүтээлүүдээ энэ маягаар улам баяжуулах төлөвлөгөөтэй.
-Таны Бадам, Чагдар хоёрын богино хэмжээний хүүхэлдэй монголчуудад их хүрч, нийгмийн сүлжээнд нэлээд тарсан. Энэ бяцхан түүхийн санаа хэрхэн төрөв?
-Бага наснаас эхлэлтэй. Бидний үеийнхэн өвлийн улиралд яг л тиймэрхүү нусаа гоожуулаад цас, мөсөн дээр гулгаж, тоглож өнждөг байсан. Дашрамд хэлэхэд, Бадам, Чагдар хоёрт миний найман настай охин Янжмаа дуу оруулсан. Бадам хорь буриадаар, Чагдар сартуул буриадаар ярьдаг.
-Хөөх, авьяастай охин байна шүү. Ирээдүйн алдартай жүжигчин аль хэдийн танигдаад эхэлжээ. Та гэр бүлээ бидэнд танилцуулаач?
-Баярлалаа. Манай эхнэр эвлүүлэгч хийдэг. Том охин хөгжмийн зохиолч, Москвад амьдардаг. Дунд охин компьютер графикч, хүү зураач, бага охид дунд сургуулийн сурагч.
-Урлагийн уурхай болсон гэр бүл юм. Энэ уурхайгаас шавхагдашгүй эрдэнэс олон мянган тонноор олборлогдох нь дамжиггүй. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье!
-Маш их баярлалаа. Бадам, Чагдарын хүүхэлдэйг анх эхнэр маань фэйсбүүк хуудсандаа оруулсан. Олон хүмүүст тэр дундаа монголчуудад таалагдаж, хэдэн мянгаар хуваалцсан нь сайхан санагдсан. Уран бүтээлч хүний хувьд улам их урам зориг орж, хүүхэлдэйгээ цувралаар хийж байна. Дөнгөж сая хоёрдугаар хэсэг төрлөө. Цаашид би ухаанаа уралдуулж, санаагаа хэрэгжүүлэх том ажилтай боллоо. (Инээв)
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: iNews