Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталсан Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийтэд танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр, “Дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахал иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амжиргаа, эдийн засгийг хямрааж байна. Энэ цаг үед монголчууд, УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэж байж хямралыг давах юм. Өнгөрсөн онд бид хүүхдийн мөнгөнд 1 их наяд 60 тэрбум төгрөг төлөвлөсөн.
Энэ онд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт 5.7 их наяд төгрөгийн зардал гаргаснаас 4.1 их наяд нь улсын төсвөөс гарсан байна. Бид байгаа бүхий л боломжоороо цар тахлыг даван туулж, иргэдийн орлогыг хамгаалахын төлөө ажилласан. Шинэ Засгийн газартай иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг даван туулах талаар зөвлөлдөж, статистик тоо баримтуудыг харлаа. Улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, ажлын байр 68.9 мянгаар цөөрсөн, нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон байна.
Дэлхий нийт ч ийм байна. Энэ цаг үед Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр боловсруулж олон нийтэд танилцуулж байна. Энэ бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. УИХ-аас цар тахалтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Социологийн судалгаагаар иргэдийн 38 хувь халамж хавтгайрч байна гэж дүгнэсэн байна. Тиймээс уг хуулиар төсвийн тодотгол хийх, хэмнэлтийн зарчимд шилжих, хэмнэсэн мөнгөөр эдийн засаг, нийгмээ дэмжихэд зарцуулахаар тусгасан.
Цаашдаа халамжаас бүтээмж рүү шилжих цаг болсон. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө УИХ хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүү төсвийн бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна. Банкуудын шинэчлэлийн хөтөлбөр ч үүнтэй уялдана. Банкыг нэг эзэнтэй бус хамгийн багадаа 5-аас дээш эзэнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Төрийн банкнаас эхлээд Хөгжлийн банк хүртэл шинэ менежмент нэвтрүүлж, төрөлжиж, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэг, зээлийн хүүг бууруулдаг цогц бодлого ч хэрэгжүүлнэ. Мөн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын багууд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Ингэснээр ирээдүйн шинэ сэргэлтийн эх үндсийг тавих юм” гэлээ.