Цэргийн ангиас ямар нэг шийтгэл, дарамт шахалт үзүүлсэн юм байхгүй гэв
Дорноговь аймагт байрлах Цэргийн 0129 ангид хүн нас барсан тухай мэдээлэл ар гэрийн зүгээс гомдолтой байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат, 21 настай ахлах байлдагч зэс уяагаар хоолойгоо боомилж нас барсан байдалтайгаар 2021 оны 02-р сарын 07-ны өдөр олдсон байна.
Түүний цогцсыг өчигдөр /2021.02.09/ Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээсэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж эсэргүүцэл зарлажээ. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач хэд хоногийн өмнө утасдаж "Намайг ирж аваач, үнэхээр их дарамттай байна" гэж хэлж байсныг эх сурвалж мэдээлж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас: "Цагдаагийн байгууллага учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Гэрээслэл үлдээж, амиа хорлосон байдалтай олдсон. Цэргийн ангиас ямар нэг шийтгэл оногдуулах, хатуу арга хэмжээ авах зэрэг дарамт шахалт үзүүлсэн юм байхгүй" гэв.
Тус хэрэг Замын үүдийн цагдаагийн хэлтэст шилжсэн бөгөөд тодруулга авах гэсэн боловч "хэрэг шалгалтын үед явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэв.