Коронавирусийн халдварын эсрэг Оросын эрдэмтдийн бүтээсэн "Спутник V" вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын санг иш татан РИА Новости мэдээллээ.
Тус сангаас гаргасан мэдэгдэлд “Монголын Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын эсрэг Оросын "Спутник V" вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна. Бүртгэлийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” гэж дурджээ.
Вакцины зөвшөөрлийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын тэргүүлэх эм үйлдвэрлэгч Монгол Эмимпекс Концерн ХХК-ийн туслалцаатайгаар авсан болохыг эх сурвалж мэдээллээ.
Энэ сарын 4-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов "Спутник V" вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлж байсан билээ.