“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгож эхэллээ. Ахмад настны тухай хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.
Энэ онд 140 мянган ахмадууд “Насны хишиг” тэтгэмж авах бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд олгох юм.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг байна. Энэ оноос эхлэн дээрх хоёр үйлчилгээг Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгох бөгөөд иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн байна. Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байна.