Ж.Золжаргал: Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд нь оролцож, хянадаг болгоё
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.
-"Оюу толгой" төслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "Рио Тинто" компанитай хийх хэлцэлд зориулсан санхүүгийн загварыг Хөдөлмөрийн үндэсний нам боловсруулж Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн. Энэхүү санхүүгийн загвар танилцуулах шаардлага юунаас үүсэв?
-2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын утга нь манайд өгөх үр өгөөжийг бууруулахгүйн тулд 34 хувийн ногдол ашиг авах хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгоё, эсвэл нөөцийн төлбөрөө таван хувь дээрээ нэмье, шижлүүлье ийм боломжийг судлаад УИХ-д танилцуул гэсэн үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт үүрэг өгсөн. Одоогоор энэ ажил хийгдээд УИХ-д танилцуулагдсан зүйл байхгүй. Ямар шатандаа яваа нь тодорхой бус. 2019 оны төгсгөлд ийм тогтоол гараад 2020 онд сонгууль болоод юун Оюу толгой манатай. Засгийн газар олон зүйл дээр сайнтай, муутай ажилласан байх. Гэхдээ энэ тал дээр хангалтгүй ажилласан. Зөвхөн энэ Засгийн газар ч биш, 2009 оноос хойш өдийг хүртэл бүх Засгийн газар муу ажилласан. Хувь хүн гуравны нэгийг эзэмшдэг компанийнхаа тайлан баланс зардал шийдвэр гаргалтад огт оролцохгүй байна гэдэг утгагүй биз дээ. Тэгвэл Оюу толгойн гуравны нэгийг эзэмшиж байгаа байхад манай бүх Засгийн газар хангалтгүй ажилласан. Рио Тинто хөрөнгө оруулагчийн зүгээс бизнес яриад байдаг. Ийм шалтгаанаар ТЭЗҮ-д өөрчлөлт орж байна, газрын гүний геологийн нөхцөл ингэж өөрчлөгдөж байна, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гээд тоо яриад байдаг. Гэтэл бид өөдөөс нь улс төр ярьдаг. Ингэхээр хоорондоо ойлголцохгүй. Тиймээс тэдэнтэй адилхан хэлээр ярьж, тэдний ярьж байгаа зүйл үнэн худлыг нь шалгаж чаддаг хүмүүс Оюу толгой компанийн удирдлагад байх ёстой. Тэдний дор шалгаж чаддаг томоохон мэргэжлийн баг ажиллах ёстой. Энэ ажлаа манайх огт хийгээгүй. Зөвхөн улс төр ярьсаар байгаад л таарсан. Үүний үр дүнд арга барил, хандлага нь буруу байна л даа.
-Засгийн газраас ямар нэгэн тоо баримт танилцуулаагүй биз дээ. Тэгэхээр бидний зүгээс өөрсдийн тоон судалгаагаа гаргаж ирэх ёстой юм байна, тийм үү?
-Тийм. УИХ-аас гарсан тогтоолын дагуу ажиллаад 34 хувийг шилжүүлбэл ийм байх нь, бүтээгдэхүүн хуваах гэрээ болговол ийм байна гэж тоо гаргаж ирж танилцуулах ёстой байсан. Тэр ажил нь хийгдээгүй байхад саяхан хүмүүсийг цочирдуулсан Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна гэх мэдээллийг томоохон албан тушаалтнууд хийлээ. Энэ тоо хаанаас гараад ирсэн гэхээр хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-гээ шинэчлээд манай УУХҮЯ-ны зөвлөлд хүргүүлсэн. Тэнд үндэслээд тооцохоор ашиг авахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна. Байрны зээлтэй хүн боддогтой ойролцоо гээд ойлгочихож болно. Анхны авсан зээл 34 хувиа түүн дээр нэмэх нь авсан одоогийн байдлаар төлөөгүй хуримтлагдсан хүүний нийлбэр тооцсон 22 тэрбум ам.долларын өртэй болчихож байгаа юм. Энэ бол цаад талаас ирсэн ТЭЗҮ дээр үндэслэж гарсан тоо. Өөрсдийнх нь тоо хаана байгаа юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь үнэн юм уу, бодитой юм уу. Энэ тооцооллын монгол талын загвар нь хаана байна гээд Засгийн газраас асуухаар хэлдэг хүн байхгүй. Хэрвээ бид Рио Тинтотой хэлэлцээр хийнэ гэж байгаа бол өөрсдөө суурь зүйлтэй байх хэрэгтэй. Ийм зүйл алга. Үүнийг нь гаргаж ирье гээд "open oil" компанийн нээлттэй загварыг ашиглаад хурдан тооцоо хийсэн. 2016 оны мэдээлэлд үндэслээд тооцохоор 34 хувиас бидний авч болох үр өгөөжийг нөөцийн төлбөр рүү шилжүүлбэл одоо байгаа таван хувь дээр 1.5 хувийг нэмэхэд тэр дүн нь тэнцүү байна гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ түүнийг сольё гэсэн үг биш. Ийм бага хэмжээгээр нэмэхэд солих хэрэгтэй юү, үгүй юү гэдэг тусдаа асуудал.
-"Оюу толгой" төслийн суурь судалгаа хангалтгүй явагдсан юм байна гэж ойлгоод байна л даа?
-Тийм. Оюу толгой бол асар том мега төсөл. Дэлхийн хамгийн том орд төслүүдтэй эн тэнцэнэ. Ийм том төслийг дэлхийн хэмжээнд супер компаниуд хийгээд 60-70 хувь нь амжилтгүй болсон байдаг. Ямар тохиолдолд амжилтгүй гэж дийлэнхдээ үздэг вэ гэхээр хөрөнгө оруулалт нь 30 хувиас илүү нэмэгдчихвэл, хүлээгдэж байсан ашиг үнэ цэнэ нь сөрөг болдог. Эсхүл хэрэгжүүлэх хугацаа нь сунаад 30 хувиас урт болвол амжилтгүй болдог. Оюу толгойн хөрөнгө оруулалт анх дөрвөн тэрбум ам.доллар орчим ярьдаг байсан бол одоо сүүлийн ТЭЗҮ-ээр 16 тэрбум ам.доллар болох магадлалтай гэж байна. Энэ утгаараа амжилтгүй төсөл. Яагаад ийм том төслүүд амжилтгүй болдог вэ гэхээр олон шалтгаан бий. Улстөржилт үүнд орчихсон явж байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь нэгдүгээрт, суурь судалгаа техникийн хувьд хангалттай сайн хийгдээгүй. Бүх зүйлийг урьдчилж харах боломжгүй л дээ. Газрын гүнд геологийн нөхцөл яаж ч өөрчлөгдөж болно. Нэг чулуулгийн хатуулаг нь өөрчлөгдөхөөр түүнд шаардлагатай бэхэлгээнээс эхлээд хэрэглэх арга технологи нь өөр болно. Үнэ нь ч өснө. Хоёрдугаарт, эзний оролцоо хангалтгүй бол мега төслүүд амжилтгүй болдог. Ийм шийдвэр гаргахад эзэн оролцохгүй, хүний хүнд хамаг зүйлээ даатгаад орхичихсон бол том төслүүд амжилтгүй болох эрсдэл өндөр байдаг.
-Өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдэх шалтгаан юу байсан юм бэ?
-Барууны тоглоом дунд бид орчихсон явж байгаа. Дөрөв дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл асуудал яригдаж байна гэхээр энэ төслийг удирдаж байсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдчихлээ. Рио Тинто давуу байдлаа ашиглаад удирдлагын багийг одоо хүртэл авч явж эхэлсэн. Манай талд тэнд нь оролцох гэрээний боломжууд байгаа. Түүнийг ашиглаагүй явж ирсэн. Рио Тинто (TH)-ийн давуу оролцоотой томилсон удирдлагын баг гол буруутан. Дээрээс нь Монголын талын хянах ажлаа хийгээгүй Засгийн Газар жинхэнэ том буруутан. Жишээ дурдахад, зөвхөн баяжуулах үйлдвэрт 15.6 сая хүн-цаг зарцуулсан байна. Инженерийн хөлс нэг цагт 50-250 ам.доллар байдаг гэвэл 1-2 тэрбум ам.доллар болно. "Тийм инженер тийм зураг төсөл, угсралтын ажил дээр тэдэн цаг зарцуулсан нь үндэслэлтэй" гэдгийг Засгийн газраас улс төрийн шалгуураар томилогдсон ТУЗ хянах чадамжгүй, мэдлэггүй, хүчгүй, бүр зөнд нь хаячихсан явж ирсэн. Тиймээс зардал хэтрэлтэд 2009-2021 Засгийн газрууд бүгд буруутай. Ганцхан баяжуулах үйлдвэрийн инженерийн хүн-цаг ийм байна. Цаана нь тоног төхөөрөмж, барилга угсралт, материал бий. Ил уурхай, далд уурхай, дэд бүтэц бий. Тэр бүгдийг манай хэдэн улстөрчид хяналаа юу. Улстөрчдийг зайлуулж дотоод гадаадын экспертүүд нийлсэн мэргэжлийн удирдлагатай болгохгүй бол Оюу толгой хэзээ ч өөдлөхгүй. Нэг бол Рио гар гээд, эсвэл Рио ёстой Монголыг аврагч гээд байх хэрэг байхгүй. Рио бол зүгээр л ашиг хийх гэж ирсэн этгээд, Монголын эрх ашиг тэдэнд хамаагүй. Тэд дайсан ч биш, нөхөр ч биш, наймааны хамтрагч. Монголын Засгийн газар, түүний томилсон компанийн удирдлага өөрсдөө ажлаа хийхгүй, мэдэхгүй бол тэд ашиглах нь мэдээж. Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд оролцож, хянадаг болгоё. Урьдчилсан тооцооллоор 34 хувиас хүртэх үр өгөөжөө нөөцийн төлбөр рүү шилжүүлэх юм бол 1.5 хувьтай тэнцэх нь. 1.5 хувиар Монголын талын 34 хувийг өг гэж байна гэж хүмүүс яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч талаас танайх ашиг авахгүй нь гэх ТЭЗҮ үзүүлчихсэн. Өрөнд орно, 34 хувь үнэ цэнэгүй шүү гэх мессэж өгөөд байна. Үнэ цэнэгүй гэвэл бид болиод оронд нь нөөцийн төлбөр өг гэвэл хүлээн зөвшөөрөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Ашигт малтмалын хууль дээр АМНАТ-ыг 5-10 хувь нэмэх боломжтой. Оюу толгой мөнхийн таван хувийн ш дээ. Эндээс АМНАТ ямар чухал гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
-34 хувийг хөрөнгө оруулагч талд өгөх, эсвэл манайх өөртөө үлдээх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг солих уу, үгүй юү гэдэг тооцоог Засгийн газарт хийх үүрэг өгсөн. Сууриар нь харахаар дэлхий 22 сая тонн хэрэглэдэг. Хятад 12 сая тонн, талаас илүүг нь хэрэглэдэг. Гурван саяг нь гадаадаас аваад 9 саяыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. 9 сая зэс үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 36 сая тонн баяжмал хэрэгтэй. 36 сая тонн баяжмалын 12 саяыг нь гадаадаас аваад бусдыг нь өөрсдөө олборлодог. Үүний 10-20 хувийг Монгол Улс нийлүүлэх боломжтой. Хятад Австралиас зэс авахгүй болчихсон. Тэгэхээр зэсийн хэрэглээ улам үнэ цэнэтэй болно. Тиймээс Оюу толгойн үнэ цэнэ, ач холбогдол нь буурахгүй. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас та нар алдагдал хүлээгээд байна гээд байна. Ер нь өр гээд байгаа зүйл нь үндэслэлтэй юм уу. Хөрөнгө оруулалт нь дөрөв дахин өсөх нь үндэслэлтэй эсэхийг батлах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн инженерийн зөвлөх компаниуд, дотоодын экспертүүдийг ажиллуулна. Санхүүгийн зөвлөх чиглэлийн хүмүүс ажиллана. Чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг бууруулаад түүнийгээ зөвшөөрүүлж чаддаг юм бол манай талын олох ашиг нэмэгдэнэ. Тэр нь боломжийн хэмжээнд нэмэхээр байвал бид 34 хувиа өгөх шаардлагагүй. Ирээдүйд гарах хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх вэ гэдэг дээр бид оролцоотой ажиллах ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 дээр менежмэнтийн багийг Монголын тал санал оруулаад өөрчилж болно. Хоёрдугаарт, Дубайн гэрээний 2.4 дээр жил бүр Монголын тал аудит оруулж болно. Шаардлагатай үед нэмэлт аудит оруулж болно. 7.3 дээр Эрдэнэс Оюу толгой компани мэргэжлийн үйлчилгээ үзүүлж болно гэж байгаа. Энэ нь өөрсдөөс нь мөнгийг нь аваад олон улсын инженерийн фирмээр үйлчилгээ үзүүлж болно. 34 хувиа хямдхан өгчихвөл бидэнд бас эрсдэлтэй. Нэгдүгээрт, дэлхийн зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Талыг нь хятад улс хэрэглэж байна. Үнэ цэнэ нь улам өснө. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас 34 хувиасаа хэзээ ч ашиг авахгүй гэж байгаа тохиолдолд өгчихөж болно. Гэхдээ тэгж үнэхээр нэмэгдэж байна уу гэдэг үндэслэлийг бид маш өндөр түвшинд батлах хэрэгтэй. Батлаад бууруулж чадвал 34 хувиа авч үлдэх нь ашигтай. Энэ ажлыг Засгийн газар нь манлайлаад мэргэжлийн хүмүүсийг томилоод хийлгэх ёстой. Цаанаас нь ТЭЗҮ яриад бид наанаас нь улс төр яриад байхаар амжилтад хүрэхгүй.
-Монголд ашигтай болгох ямар хувилбарууд байна?
-Үндэслэл гаргаж ирээд, улстөрчид зайгаа аваад мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Хууль шүүхийн хөшүүрэг байж болно. Татварын маргаантай хоёр асуудал байгаа. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хүлээн зөвшөөрөхгүй Арбитарт хандчихсан. Бидний хувьд ялагдчих вий гэж айх хэрэггүй. Тултал нь явах хэрэгтэй. Ялах юм бол их хэмжээний татвар авна. Нөгөө талын хулхи нь бууна. Хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байна гэж бодох хэрэггүй юм. Татвар гэрээ цуцлахад ямар ч хамаагүй. Татвараа төлөөгүй бол Монголын хуулиар торгуулиа төлнө. Татвараа төлчихсөн байхад нэхэмжлэх гаргасан бол түүнтэй холбоотой зардлыг бид төлнө. Гэрээнд өөрчлөлт орохгүй. Өнгөрсөн жил өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг авлига албан тушаалын хэргээр хорилоо. Ерөнхийдөө олон нийтэд эдгээр хүмүүс Рио тинтогоос авлига авсан гэсэн мессэж өгөөд байдаг. Тэр компани хэдэн төгрөгийн авлига өгсөн гэх зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар холбоотой учраас яаж ийгээд холбогдох зүйлийг нь олоод суулга гэх даалгавар юм шиг харагддаг. Дан байдлаар авлига албан тушаалын хэрэг гаргаж ирээд суулгачихсан. Тэрнээс Рио Тинтогоос хэдэн төгрөгийн авлига авсан гэх зүйл нэг ч байхгүй. Аль нэг тохиолдолд Рио Тинто авлигатай холбогдсон нь батлагдчихвал өөрөөр ярьж болно. Бидэнд хүслийн нэлээд жагсаалт бий. 34 хувийг 10 хувь хүртэл АМНАТ болгох, удирдлагын баг үйл ажиллагаанд нэвт орох, анх өөрийнхөө зээлээр авсан 6.5 хувийг бууруулах, хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг алга болгох. Энэ бүхэн тоон дээр суурилж хэлэлцээр хийх ёстой учраас ХҮН анхны санхүүгийн загварыг гаргасан гэж ойлгож болно.