Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон 2 тамирчин таалал төгсчээ
Өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 7-нд Монголын сагсан бөмбөгийн шилдэг залуу 2 тамирчин зуурдаар таалал төгссөн харамсалтай мэдээ цацагджээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "23 Стормс" багийн тоглогч Т.Их-Уул болон "Отгонтэнгэр" их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан байна.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд согтууруулах ундааны нөлөөнд байх үедээ нэгнийхээ аминд хүрч, нөгөө нь амиа хорлосон гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас лавлахад маргааш энэ хэргийн талаар тайлбар өгөхөөр болсон тухай News.mn мэдээлжээ.
Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа С.Баярцогт дасгалжуулагчийн удирдлага дор оюутны "Этүгэн Ирвэсүүд" багаас эхлүүлж, 2 жил дараалан Оюутны лигийн аварга болж байв. Тэрээр өнгөрсөн улиралд дээд лигийн "23 Стормс" багт хүчин зүтгэж байсан юм.
Харин Х.Цогтсайханы хувьд "Отгонтэнгэр" их сургуулийн сагсан бөмбөгийн багийн шилдэг тоглогч байсан бөгөөд Оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болсон билээ. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.