Д.Сумъяабазар: "N95 амны хаалтын асуудалд ашиг сонирхол байна гэж харж байна"
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан тендерийн асуудлаар НЭМГ-ын удирдлагуудаас тайлбар авч байна.
НЭМГ-аас ХӨСҮТ болон НЭМҮТ, дүүргийн лабораторийн хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн N95 амны хаалт авах тендер зарласан байна. ЭМЯ-наас пүрэв гаригт зөвшөөрөл олгосон аж. Энэхүү нэг удаагийн амны хаалт нь ойролцоогоор 20 мянган төгрөг байгаа нь төрийн мөнгөөр ашиг олох гэсэн заль гэж иргэдийг шүүмжлэхэд хүргэжээ. Тиймээс асуудлаараа иргэдэд тайлбар өгөх, нийслэлийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Л.Зэндмаад тендерийг ЭМЯ-нд буцаах шаардлага тавьсан юм.
"Оношлуур, амны хаалтыг ЭМЯ хариуцна. Бодлогын асуудлаа ЭМЯ өөрсдөө авахгүй яагаад нийслэл рүү явуулаад байгаа юм бэ. Буцаа. Хууль хяналтын байгууллага оруул. Ашиг сонирхол байна гэж харж байна. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнесүүд ямар байна, улсын төсөв ямар байна вэ? Өөрсдөөр нь тайлбарыг нь хийлгүүл.
Бидний хэм хэмжээ хүрэхгүй, гурван яамны хамтран хийх ажил. Мэргэжлийн улсууд хийнэ. Яамдын бодлогын асуудал, бид хэрэгжилт, анхан шат руу анхаардаг байгууллага. Түүнээс гадна хууль хяналтын байгууллагад нь ном журмын дагуу явсан эсэхийг шалгуул.
Эрүүл мэндийн салбарын хангалтын асуудлаар ард түмний зовлон дээр нь зоолно гэж байхгүй. Тиймээс намайг ажил авахын өмнө, Засаг дарга нар солигдох үед олон худалдан авалт хийсэн байсныг бүгдийг нь шалгуул" гэлээ.
Харин НЭМГ-ын албаны хүмүүсийн хэлснээр, лабораторид хэрэглүүлэх зориулалттай амны хаалт нь тусгай зориулалтын байх ёстой бөгөөд үнэ нь өндөр байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, 94-98 хувийн шүүлттэй амны хаалт байдаг аж. Тус газраас 400 сая төгрөг нэг удаагийн амны хаалтад зарцуулах бөгөөд нэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр тооцон худалдан авалт хийх тендер зарласан байна.